Шууд Chart

Алтан савтай мөнгөн гүүг даага байхад нь таньж авсан түүх

2020-02-05 17:17:38

2004 он юм. Төрийн наадамдаа айраг, түрүүтэй наадацгаасан тод манлай уяач (дархан аварга А.Сүхбатын ах) А.Батсүх, манлай уяач “дааган” Цэндээ буюу Ц.Цэнд-Аюуш, аймгийн алдарт уяач Ж.Батсайхан нар нэг гал болон Сүхбаатар аймгийн Дарьганга сумын цэнхэр хязгаарыг зорьж, Алтан дарь овооны төрийн их тахилга наадамд хүлгийн шандас шалгахаар явцгаажээ.

Их наадмын өмнө Сүхбаатар аймгийн Наран сумын наадам тохиож, сунгаа маягаар ойрхноос уралдана гэсэн сургаар тэд бүх морьдоо Наранд мордуулж, дөрвөн түрүүг нь хүртсэн гэдэг.

Харин улсын баяр наадамд түрүүлүүлсэн А.Батсүх Мөлүү хул шүдлэнгээ биеийн байдлыг харгалзаж, Наран сумын наадамд уралдуулсангүй.

Ингээд сумын наадам ч өндөрлөж морьдоо цоллуулчихаад Дарьганга хөдөлцгөөв. Замын элс тойрохоос “залхуурцгааж” шууд элсэн дундуур зүтгүүлтэл бүгд сууцгааж, элсэн морьдоо буулгаад тэндээ хооллууж, үзээгүйгээ үзэж яваад арайхийн их наадмын талбайд хүрцгээв.

Наадам ч эхэлж тэдний морьд бүгд айргийн араар, арвын дотор давхицгаасан гэдэг. Шалтгаан нь Наран сумын наадам газраа татаагүй харин ч бүр сунгаж тавьсан, элсэнд хооллуулсан зэрэг шалтгаанаас болсон хэрэг. Гэхдээ гал уяагаараа нэг айраг хүртсэн нь Мөлүү хул /Наран сумын наадамд уралдаагүй/ байлаа.

Ингээд буцах замдаа мөн Наран сумын нутгаар дайраад замдаа нутгийн айлд бууж, хоол цай идэж, уугаад мордохдоо тухайн айлын гэрийн эзэнтэй адууны наймаа хийцгэж, сайхан танилцсан эр улсууд бүгд л нэг нэг адуу авсан гэнэ.

Дундаж үнэ сая төгрөг байсан бололтой. Гэтэл улсын наадамд аман хүзүүдээд Наранд түрүүлээд Алтан овоонд наймаар орсон алаг дааганы уяач Жамбалын Батсайхан ганцаараа адуу авсангүй.

Гэтэл хамт явсан хүмүүс нь адуу ав гээд ятгаад байхаар нь чингэлэгнээс уяатай байсан туранхай охин хар даагыг (зураг дээрх хар гүү) зааж.

Тэгсэн тэнд байсан хүн болгон л “Энэ олон адуунаас очиж очиж ганц муу туранхай даага аваад байхдаа яах вэ дээ. Өөр адуу ав” гээд байхаар нь “Зүгээрээ тэр харыг л авья” гэсэнд гэрийн эзэн ч санаа зовсон бололтой 350 мянгад аваад яв” гэж. Ингээд бүгд л хурдан, сайн адууны наймаа хийгээд гэрийн зүг хүлгийн жолоо залцгаасан гэдэг.

Ж.Батсайхан алдартын авсан 350 мянган төгрөгийн үнэтэй туранхай хар даага хожим сайхан гүү болж, өдгөө хоёр төл нь төрд данслагдаад байна.

Тодруулбал 2013 оны төрийн наадамд даагаа аман хүзүүдүүлсэн Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уяач Жаргалсайханы Энхболдын сартай зээрд, өнгөрсөн жилийн улсын наадамд шүдлэнгээ айрагдуулсан улсын алдарт уяач Балдоржийн Баярдоржийн хар үрээ хоёр юм.

Б.Ганпүрэв

 


Алтан савтай мөнгөн гүүг даага байхад нь таньж авсан түүх  
Үзсэн: 2208 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй