Шууд Chart

Ж.Энхбат: МҮОНРТ-ийн уран бүтээлч, ажилтнууд ЦССҮТ-ийн үйл ажиллагааг тэргүүн эгнээнд дэмждэг

2020-02-06 12:38:09

Цус сэлбэлт, судлалын үндэсний төв өөрийн байрандаа донор иргэдээс сайн дурын үндсэн дээр цус авахаас гадна цусны донорын эгнээг өргөжүүлэх зорилгоор төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжид явуулын баг ажиллуулж цус цуглуулдаг.

Цэрэг цагдаа болон их дээд сургууль, бусад байгууллагаас  цус цуглуулдаг эл явуулын баг өнөөдөр Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз дээр ажиллаж, уран бүтээлч, сэтгүүлч бусад ажилтнууд цусаа хандивлалаа.

ЦССҮТ-ийн явуулын баг МҮОНРТ-д цус цуглуулах үеэр тус төвийн Олон нийттэй харилцах менежер Ж.Энхбатаас зарим асуултад хариулт авлаа.

-Танай төвөөс сар бүрийн 3-нд Цусаа бэлэглэх өдөр арга хэмжээг зохион байгуулдаг. Энэ сард Цусаа бэлэглэх өдөр болсон уу?

-Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахгүй байх шийдвэрийн дагуу энэ сарын 3-нд Цусаа бэлэглэх өдөр арга хэмжээг зохион байгуулаагүй. Харин ЦССҮТ-ийн өөрийн байрандаа болон явуулын багаараа доноруудаас цус цуглуулах ажил хэвийн явагдаж байгаа.

-Олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахгүй байх шийдвэртэй холбоотойгоор ЦССҮТ-ийн цусны нөөц багасах эрсдэл үүссэн гэсэн?

-Цусны нөөц багасаагүй хэвийн хэвжээнд байгаа. Харин хөл хорио тогтоож их, дээд сургуулиуд амарсан, оюутнууд орон нутгийг зорьсон, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байх шийдвэртэй холбоотойгоор цусны нөөц багасах эрсдэлтэй байгаа. Энэ нөхцөл байдалтай холбоотойгоор манай  ЦССҮТ-өөс байгууллага, хамт олныг нийгмийн хариуцлагынхаа хүрээнд цусаа хандивлаарай гэсэн уриалга гаргасан. Цус цуглуулах явуулын багийн ажил олон нийтийн арга хэмжээ биш эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нэг хэлбэр учир хэвийн үргэжлээд явж байна.

Нэг хүний хандивласан цус гурван хүнд амьдрал бэлэглэдэг. МҮОНРТ-ийн уран бүтээлч, ажилтнуудын хувьд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ЦССҮТ-ийг тэргүүн эгнээнд дэмжиж, хамтарч ажилладаг.

-Цусаа хандивлаж буй иргэдэд ямар шинжилгээ хийдэг вэ?

-Иргэд эмчийн үзлэгт тэнцээд цусаа өгсөн тохиолдолд элэгний В, С вирус, ДОХ, тэмбүү гэсэн дөрвөн шинжилгээний хариуг гаргаж өгдөг.

Эрэгтэй хүн хоёр сар, эмэгтэй хүн гурван сар тутамд цусаа хандивлах боломжтой гэж үздэг. Мөн цусаа хандивласнаар цусны эргэлт сайжрах, зүрхний шигдээсээр өвчлөх өвчлөл багасна. Цусаа хандивласан хүн шингэн юм сайн ууснаар 72 цагийн хугацаанд эзлэхүүнээ нөхдөг.





Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Ж.Энхбат: МҮОНРТ-ийн уран бүтээлч, ажилтнууд ЦССҮТ-ийн үйл ажиллагааг тэргүүн эгнээнд дэмждэг  
Үзсэн: 2292 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй