Шууд Chart

Ээждээ бичсэн захидал: Уулзаж амжаагүй хадам ээждээ бичсэн захидал

2020-03-10 11:23:19

“Ээждээ бичсэн захидал” улсын уралдааны хоёрдугаар байрын шагналт захидал

Булган аймгийн Тэшиг сумын оролцогч Г.Нямгэрэлийн “Уулзаж амжаагүй хадам ээждээ бичсэн захидал”

УУЛЗАЖ АМЖААГҮЙ ХАДАМ ЭЭЖДЭЭ

Сайн байна уу, ээж ээ. Тэнгэрийн орноо хавар цаг байдаг эсэхийг мэдэхгүй ч таныхаа амрыг эрэн мэндчилж байна. Тийм ээ, та намайг хараагүй, та бид танилцаж амжаагүй. Ердөө л амжаагүй. Би таны бэр охин байна. Таны өөрөөсөө ургуулж өсгөсөн ганц хүүгийн тань насны хань бас л таны харж чадаагүй цорын ганц ач хүүгийн тань ээж. Хэзээ ч харж уулзаж байгаагүй ээждээ захидал бичихийн учир надад бий. Би хүүгээ төрүүлж байх, хоёр яс салахын тэсэхүйеэ бэрх өвдөлтийн дор таны тухай бодож байлаа. Бүсгүй бие цэцэглэсэн ид 44-хөн насандаа та энэ хорвоогоос буцсан юм билээ. Тэр цагт би таны хүүтэй танилцсан. Яваандаа бид нэг нэгэндээ сэтгэлтэй болж одоо хоймор эзэгнэсэн эрх шар хүүтэй гурвуулаа амьдарч байна.

Энэ хорвоогийн хамгийн хайртай эмэгтэй, ээжийгээ аймшигт өвчний хүйтэн саварт алдчихсан таны ганц хүү дэндүү сайн хүү шүү. Хүүгийн тань харцнаас, үйлдлээс таны хэн байсныг би хардаг учраас таныг би ингэтлээ их хайрладаг. Магадгүй ээж бүрийн мөрөөдөл хүүгээ баян, том дарга болоосой гэхээс илүүтэй сайн зөв хүн болоосой гэх л хүсэл байдаг биз. Тийм ээ, таны хүү дэндүү зөв хүн. Гудамжинд хувцасгүй хүн сууж байвал өвлийн хүйтэнд ч хүрмээ тайлж өгчихөөд өөрөө нүцгэн алхаад өгч чадах тийм л сэтгэлтэй хүн. Идэж буй хоолноос нь горьдож буй нохойнд тавагтай хоолоо өгчихөөд би зүгээр ээ гээд өөрөө өлсөн ч инээж суух өгөөмөр хүн. Зуны бүгчим шөнө халууцахдаа уйлаад унтаж чадахгүй байгаа хүүгээ бас хүүгээ мөөмөөрөө аргадан үүрэглэх намайг өмсөж байгаа майкаараа үүр цайтал сэвж сэрүүлж унтуулдаг хүн таны хүү. Тийм ээ, та ийм л сайн хүүгээ надад үлдээсэн учраас би таныг үргэлж санан дурсаж өглөө бүрийн наранд цайныхаа дээжийг өргөхдөө нэг удаа ч гэсэн гэртээ авчирж цай хувааж ууж үзсэн болоосой гэж хүсдэг. Би таны залуу насыг бас гуниг цөхрөл бүхнийг хүүгээс тань сонссон. Энэ хорвоо жаргаах цагтаа бид ханатал жаргаадаг атлаа зовоох үедээ бүхнээс хатуу байх юм. Хүү, охин хоёртой хүсэл биелэсэн амьдралаас нэг л өдрийн ширүүн борооны дараах үерт насны хань, нялх сэвлэгтэй охиноо алдчихсан таны гунигийг би төсөөлөхөд л зүрх шимширдэг. Тийм гунигийн ард тэвэрч үлдсэн ганц хүүгээ эх хүн яаж хайрлаж байсныг би өөрөө эх хүн болж ахуй цагтаа мэдэрч суусан юм. Зөвхөн энэ уралдаанд зориулж биш хэзээ нэгэн хэлэхсэн гэж хүсдэг бүхнээ би энд бичмээр байна. Магадгүй энэ захидлыг цаасан дээр буулгаад шатаавал тэнгэрийн орноо байгаа та минь уншиж чадах ч юм шиг. Ийм сайхан ханагар эрийг намайг хайрлаж халамжилж яваасай гэж өсгөж хүмүүжүүлсэн тандаа үнэхээр их баярлалаа ээжээ. Би хүүгээ яг аав шигээ ухаантай, уяхан, алсын хараатай эр хүн болоосой гэж чин сэтгэлээсээ хүсэж залбирдаг. Ингэхэд ээж ээ залбирлыг минь та сонсдог уу. Бид одоо охинтой болно. Залбирлыг минь захиасаар та наддаа охин болж ирээрэй. Амсаж амжаагүй жаргал, эдлэж үзээгүй бүхнийг чинь хүртээхийн төлөө хүү, охин хоёр чинь бүхнээ дайчлан зүтгэхэд бэлэн байна. Эргэж төрдөг хорвоо биз дээ, ээж ээ. Хүү тань надад хэлсэн, би яг ээж шигээ эмэгтэйг эхнэрээ болгосоон гэж. Би таны тэр их сэтгэлийн тэвчээр, алсын ухааныг гүйцэхгүй ч гэлээ амьдралд орь ганцаар өнчирч үлдсэн хүүг тань хэзээ ч ганцаардал цөхрөлийг үзэхгүй амьдраасай гэхдээ би ээж шиг нь хайрлаж, эхнэр хүн шиг халамжилж явахыг хичээж байна даа. Үнсэж үлдээсэн ганц үрээ хаана хэрхэн амьдарч байдгийг тэнгэрийн орноо харахдаа та сэтгэл түвшин байдаг гэдэгт охин нь итгэж байна. Таньдаа дахин хэлье. Баярлалаа ээжээ. Ийм сайхан хүүгээ надад итгэж үлдээсэнд, ийм сайн хүнийг эх орондоо хүмүүжүүлж төлөвшүүлж үлдээсэнд!   Булган аймаг,

 


Ээждээ бичсэн захидал: Уулзаж амжаагүй хадам ээждээ бичсэн захидал  
Үзсэн: 71561 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2020-03-10 22:17
Ийм захидал бичихэд хүргэсэн тэр ухаантай хүүд талархая. Чи ээжийнхээ ачийг хариулсан байна.
Зочин [127.0.0.xxx] 2020-03-10 22:15
Vvriinho bodoj ywaag bichsen boluu gj bodlo.Sanaj bodoj yawaa zvilee gvitseedeg uchir vvndee tulguurlaj uraldaand orolts son bna. Setgeld honogshij bodold ortol bichjee Vgvvlleg bolje amjilt hvsie .Sain sanaanii vzvvrt shar tos gedeg shvvdee.Saihan setgelte ohind ene horwoogiin sain saihniig hvsen yu sanasan 9 n hvsel chini biyelj ervvl enh az jargaltai amidarch tengertee mvrgoj tegsh jargaj burhandaa mvrgoj buyantai jargaj yawaarai gej hvsen Amjiltiin deed amjilt gargaj yawahiig hvsen EROOE
Зочин [127.0.0.xxx] 2020-03-10 22:04
Ymar goyo zahidal wee. Emegtei hun anhniihaa huuhdiig toruuleed l eejiinhee zowlong oilgodog gedeg dee
Зочин [127.0.0.xxx] 2020-03-10 20:50
Yamar mundag busgui ve
Баяржаргал [127.0.0.xxx] 2020-03-10 20:22
Сайн сайхныг хүсье сайхан захидал байна
Баяржаргал [127.0.0.xxx] 2020-03-10 20:22
Сайн сайхан эмэгтэйд аз жаргал эрүүл энхийг хүсье
Зочин [127.0.0.xxx] 2020-03-10 20:02
мундаг ухаантай бүсгүй юмаа эхнэр болгон нөхөр бүхэн ханийхаа эхийг ийм сэтгэлээр ойлгож энэ л ухаанаар сэтгэж чадвал гэр бүл салалт маш их багасана даа залуучуудад үлгэр дуурайл болохуйц ухаарал өгөхөөр их сайхан захидал болжээ баяр хүргэе Ер нь эцэг эх болгон хүүхдээ зөв сайн хүн болгон хүмүүжүүлж ирээдүйн хань ижилд нь хүлээлгэж өгөхийг хүсдэг билээ энэ захидлыг уйлж уншлаа амжилт хүсье
Зочин [127.0.0.xxx] 2020-03-10 18:57
Ээждээ бичсэн захидал биш зүгээр л богино хэмжээний эмгэнэлт өгүүллэгийн уралдаан.
Зочин [127.0.0.xxx] 2020-03-10 19:26
Найруулга сайн бж хүний сэтгэлд хүрч өгүүллэг болдог өгүүлж бгаа юм чинь захидал блгүй яах
Зочин [127.0.0.xxx] 2020-03-10 18:53
Ene bol jinhene zahidal bna.
Зочин [127.0.0.xxx] 2020-03-10 18:29
Ямар гоё бичсэн юм бэ? нулимс дуслуулан байж уншлаа.
Зочин [127.0.0.xxx] 2020-03-10 18:27
ухаалаг мундаг бүсгүй шүү. Та 3-т удахгүй мэндлэх үрд нь аз жаргал хүсье. Хагацал бүхэн бага байгаасай. Ижий сэтгэлийг гүйцэх ариун зүйл байхгүй билээ энэ хорвоод.
Зочин [127.0.0.xxx] 2020-03-10 18:27
ymar goy zahidal be. ger buld n az jargal husey⚘
Зочин [127.0.0.xxx] 2020-03-10 17:51
Amidrald az jargal eruul emkhiig husie. Busgui ta huud ni eej ni ekhner ni bolj irj dee.
Иргэн [127.0.0.xxx] 2020-03-10 17:45
Яасан ч сайхан сэтгэлтэй, ухаантай бэр вэ. Сэтгэл уярлаа. Аз жаргал хусье.
Зочин [127.0.0.xxx] 2020-03-10 17:07
Ёооё ёстой ухаантай юмаа нулимс өөрийн эрхгүй бөмбөрч бна та 3таа аз жаргал хүсье.
эерэг [127.0.0.xxx] 2020-03-10 16:33
жинхэнэ монгол хатан ухаан
Зочин [127.0.0.xxx] 2020-03-10 14:58
Ухаантай сайхан бүсгүй байна, та нартаа аз жаргал хүсье.
Зочин [127.0.0.xxx] 2020-03-10 13:59
nulims dusluulaad unshij duusgalaa ta 3 taa az jargal hamgiin sain saihniig husiy
Tsetsegdelger [127.0.0.xxx] 2020-03-10 13:56
Chin setgeleesee bichsen saihan zahidal. TV.r ehnees ni duustal ni sonsson. Hund talarhaj chaddag mundag busgui yum. Chi uuruu ch huud ni beleg bolj irsen hovor zaya yumaa

Бидэнтэй нэгдээрэй