Шууд Chart

Ээждээ бичих захидал

2020-03-12 16:07:06

“Ээждээ бичсэн захидал” улсын уралдааны хоёрдугаар байрын шагналт захидал

 

Нийслэлийн 14-р сургуулийн 12-р ангийн сурагч Д.Эрдэнэчимэгийн ээж В.Дугарцэцэгтээ бисэн захидал

Ээждээ бичих захидал

   Сайн байна уу ээж ээ? Таньдаа захидал очих өдрийн мэндийг хүргэе!

Буяагийн төрсөн өдөр болоод хоёр хоног өнгөрч байна. Дүү гурван нас хүрлээ. Хамгийн их хайр энхрийлэлд өсөх ёстой насандаа аав ээжийнхээ алиных нь ч хайрыг мэдрэлгүй томчуудад загнуулан, харцандаа айдастай зүрхэндээ түгшүүртэй 3 нас хүрлээ! Эмээ Буяаг миний охины төрсөн өдөр юм байна шүү дээ. Сайн хүн болоорой гээд тэрүүхэн тэндээ жижигхэн ширээ засаад бид хэд тэмдэглэсэн. Дүү ямар их баярласан гээч. Эмээг бурхан болбол бид гурав хайчих юм болдоо ... Орой бүр гэртээ ороод ирэх болов уу гээд эмээ таныг харуулдан сэтгэл нь гансардаг. Хөхөөрөө даллан бас аргаа бардаг.

Аниа саяхан Буяаг орондоо шээтэл нь алгадсан. Дүүгийн өрөвдөлтэй нь аргагүй уйлах дуугаар хартал агаа бас ирээд дүүг орон дээр шээлээ гээд орноос аваад шидчихсэн. Тэгээд та яасан гэж миний дүүг ингэж байгаа юм бэ? Гэхэд ор засуулахгүй орон дээр үсрээд байна. Ээжийг чинь бодохоор нүд хорсоод байх юм гэсэн. Танай хүү ч гэсэн хамт үсрээд байхад хүүхдээ адилхан загнаач гэхэд архичин ээжийгээ дагаад зайлцгаа гэж хэлсэн.Танай хүүхдийн цусаар үнэтэй цус урсаад, бид гурвын цусаар хямдхан цус урсдаг юм уу? Хоёр хүүхэд яг адилхан буруу хэрэг хийж байхад дэндүү гомдолтой санагдсан.

Ээж аав нь байхгүй, хэлж сургах хүнгүй буруу замаар хазайчихвий, хоёр дүү минь хүний нүдэнд халтар бултар үзэгдэхвий гэж байнга бодон шаналах юм. Аль болох хүчирхэг сайн охины дүр эсгэх ч дотроо бол таниараа дутаж шатсан нурам цээжиндээ тээн нулимсаа залгин тэвчих юм даа ээжээ!

Ээжээ охин нь таныгаа бусад хүмүүсийн хэлдэг шиг архичин гэж боддоггүй ээ. Зүгээр л алдсан хүн гэж боддог.Таныгаа хэзээ ч ойлгох гэж хичээж байсангүй. Өөрийгөө л бодон хатуу үгсээр гомдоосонд охиноо уучлаарай. Ээжийгээ сонссонгүй ойлгосонгүй гээд та явчихсан юм уу? Тэнгэрт байгаа аавын араас гурван охиноо үлдээгээд яваад өгчихгүй биздээ ээжээ? Биенээс тань унасан мах цусны тань тасархай юм болохоор ... Намайг бас миний хоёр дүүг эрүүл саруул, сэргэлэн цовоо эрхтэн бүтэн төрүүлж өгсөн тань даа гомдох эрх бидэнд үгүй ээ.

Элдэв хувцас, үнэтэй гар утас аль нь ч надад хэрэггүй. Амьд бурхан ээж минь та гэртээ хүрээд ирээч. Бид таныг санан бэтгэрч байгаа шиг та ч биднийгээ мартаагүй санан шаналж байгаа гэдэгт итгэдэг.Таны минь зэмлэл шиг, таны минь хийсэн хоол шиг, миний угаасан хувцас шиг, таны минь гар шиг таны минь харц шиг зөөлхөн, таны минь сэтгэл шиг агуу тань шиг минь гайхамшиг энэ ертөнцөд нэг ч үгүй юм.Дэлхий 7 гайхамшигтай гэлцдэг ч дэлхий 7 биш 8 гайхамшигтай. Тэр 8 дахь гайхамшиг нь та минь билээ. Илүү ихийг хэлмээр бас таныгаа сонсмоор байгаа ч та минь алга. Эргээд гэртээ ирэхэд тань хамгийн сайн сонсогч, найз, охин тань байя ээжээ! Зүрхний наран ижий минь та гэртээ ир.

Хайрт ээждээ том охин нь

 

 


Ээждээ бичих захидал  
Үзсэн: 4317 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй