Шууд Chart

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар үйл ажиллагаагаа эхэллээ

2014-04-01 15:58:30

Монгол Улсын Засгийн газар шинэчлэлийн бодлогын хүрээнд хууль зүйн салбарт Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний байгууллагын хууль эрх зүйн орчныг сайжруулж, орчин үеийн техник технологийн шийдлийг ашиглан улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх, Монгол Улсад зорчих, оршин суух гадаадын иргэдэд үзүүлэх үйлчилгээ, эдгээрт тавигдах хяналтын тогтоолцоог  боловсронгуй болгохоор шинэчлэлийг эхлүүлээд байгаа. 

УИХ-ын өнгөрсөн онд Хилийн боомтын тухай хуулийн төслийг батлаж тус хууль нь өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ. Ингэснээр Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн шалган нэвтрүүлэх албаны зарим чиг үүрэг Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газарт шилжин шинээр Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар байгуулагдан үйл ажиллагаа явуулж эхэлжээ. 

Хууль хэрэгжиж эхэлснээр шинээр байгуулагдаж буй Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар нь улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлж бүртгэлийн нэгдсэн сан байгуулах үүрэг хүлээж байгаа юм. Тодруулбал, нийт 600 гаруй алба хаагчтайгаар баруун, зүүн, өмнөд, хойд бүс, Буянт-Ухаа, Сэлэнгэ, Дорноговь аймагт бие даасан газрууд байгуулж иргэдэд үйлчилж эхэлжээ.

Мөн Монгол Улсаас гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчийн газартай хамтран гадаадад зорчиж буй Монгол Улсын иргэдийн эрх, эрх чөлөө зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, манай улсад зорчиж буй гадаадын иргэдийг улсын хилээр нэвтэрснээс эхлэн буцаж гарах хүртэл хяналт тавих боломж бий болж байна.  

Тус байгууллага нь Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний бүртгэл, хяналтын мэдээллийн нэгдсэн систем байгуулах зорилгоор "Э-иммигрэйшн" төслийг 2016 он гэхэд хэрэгжүүлж дуусахаар ажиллаж байна. Төсөл хэрэгжснээр олон улсын түвшинд хүрсэн техник технологи ашиглаж улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх, улмаар гадаадын иргэд цахимаар визийн хүсэлт гаргаж, хариуг онлайнаар авах боломж бүрдэх ажээ. 

 

Нийтэлсэн: О.Энхмаа

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар үйл ажиллагаагаа эхэллээ  
Үзсэн: 1605 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй