
Улаанбаатар хотын “Авто замын ачааллыг зохицуулах арга хэмжээг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах ажлын хэсэг”-ийнхэн өчигдөр Улаанбаатар хотод шинээр барихаар төлөвлөж байгаа уулзвар, замын ажилтай танилцлаа.
Ажлын хэсгээс санаачлан Лааганы гудамжийг Анкарагийн гудамжтай холбож, Бишрэлт зочид буудал, Зоос гоёлын уулзвар болон тухайн хэсгийн хороолол дунд үүсдэг замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор 270 метр чулуун замыг барих ажлыг эхлүүлсэн бөгөөд гүйцэтгэгчээр “Эко тогтол” ХХК ажиллаж байна.
Энэ зам ашиглалтад орсноор “Зоос гоёл”-ын уулзварын ачаалал 10 орчим хувиар буурна гэж ажлын хэсгийхэн тооцож байна” гэлээ. Бишрэлт зочид буудлын урдуур Анкарагийн гудамж руу орох тус зам нь хоёр урсгалтай байх бөгөөд ажлын явц 90 гаруй хувьтай, дөрөвдүгээр сарын дундаас хөдөлгөөнийг нээхээр төлөвлөж байгаа ажээ.
Ажлын хэсгийнхэн мөн Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр, Цэцэг төвийн уулзварын байдалтай танилцлаа. Гудамж төслөөс Цэцэг төвийн уулзварыг Сөүлийн гудамж, Баянгол зочид буудлын арын замуудтай холбосон 0.45 км шинэ зам барихаар төлөвлөж, зураг төслийг гаргажээ.
Цэцэг төвийн уулзвараас чанх урагш Ерөнхийлөгчийн өвлийн ордон буюу Төрийн тусгай хамгаалалттай газрын хашааг дайруулан Сөүлийн гудамж, Баянгол зочид буудлын арын замуудыг холбох энэхүү зам ашиглалтад орсноор Цэцэг төв болон Нэгдүгээр сургуулийн урд байгаа гурван замын уулзварууд дөрвөн замын уулзвар болж, Энхтайваны өргөн чөлөө, Сөүлийн гудамж, Чингисийн өргөн чөлөөний замууд шууд холбогдох шинэ сүлжээ үүсч замын хөдөлгөөний ачаалал буурах боломж бүрдэх юм. Энэхүү замын ажлыг ирэх тавдугаар сараас эхлүүлэхээр төлөвлөж байгаа ажээ.
Замын ажилтай танилцлаа | ||
Үзсэн: 869 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.