
"Ерөнхий сайдын 30 минут" уулзалт өнөөдөр Нутгийн удирдлагын танхимд боллоо. Энэ үеэр Ерөнхий сайд аймгийн удирдлагуудтай холбогдон яриа өрнүүлж, сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
Уулзалтын үеэр Засгийн газрын тэргүүн энэ жил 1000 айлын орон сууц барих ажлаа эхлэх гэж байгаа аймгуудад зураг төслөө анхааралтай сайн хийхийг анхаарууллаа.
Мөн зургаан аймаг руу хийгдэх авто замын ажил энэ тавдугаар сараас эхлэх аж. Үүнээс гадна Улаанбаатар хотод хэрэгжсэн "Гудамж" төслийг энэ оноос аймгууд руу хэрэгжүүлэхээр болжээ. Аймгийн төвүүдэд замын түгжрэл байхгүй ч замын зохион байгуулалтыг зөв хэлбэрт оруулахад тустай гэж үзэж байна.
Засгийн газрын тэргүүн өнгөрсөн өдрүүдэд орон нутагт ажиллах үеэр орон нутгийн иргэд санхүүгийн зээл тусламжийн талаар мэдлэг дутмаг байсан тухай хэлээд аймгийн удирдлагуудад иргэддээ энэ талын мэдлэгийг сайн өгөхийг даалгалаа.
Ерөнхий сайдын хэлснээр сум бүрт Сумын хөгжлийн зээлийн сан байдаг бөгөөд одоогоор тус санд 125 сая төгрөг байгаа аж. Харин аймгийн төвийн сумдад бол 500 сая төгрөгийн төсөвтэй сан байдаг ажээ. Үүнээс гадна Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих санд аймаг тус бүрт дунджаар 3.4 тэрбум төгрөг төсөвлөгдсөн байна. Мөн орон нутгийн иргэдэд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас бага хэмжээний зээл олгох боломжтой талаар Засгийн газрын тэргүүн хэллээ.
"Гудамж" төслийг аймгуудад хэрэгжүүлнэ | ||
Үзсэн: 1042 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.