
Ардчилсан намаас сар бүрийн эхний долоо хоногийн пүрэв гарагт зохион байгуулагддаг “4-11” сэтгүүлчидтэй хийх уулзалт өнөөдөр боллоо.
Энэ удаагийн уулзалтаар Ардчилсан намаас “Smart city” буюу “Ухаалаг хот” сэдвээр мэдээлэл хийсэн юм. Уулзалтад АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь, нарийн бичгийн дарга О.Чулуунбилэг, НИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн АН-ын дэд дарга Ц.Баатархүү нар оролцлоо.
АН-ын “Монгол хүн 2020” мөрийн хөтөлбөр болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачилгыг дэмжиж Улаанбаатар хотод “Smart city” буюу “Ухаалаг хот” хөтөлбөрийг хэрэгжүүлэх шийдвэрийг Нийслэлийн ИТХ-аас гаргасан. Ухаалаг засаглал, Ухаалаг эдийн засаг, ухаалаг иргэд, ухаалаг үйлчилгээ, ухаалаг орчин, ухаалаг амьдрал зэрэг нь “Ухаалаг хот”-ыг бий болгох үндэс суурь болох бөгөөд эдгээрийг 2014-2020 онд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Энэхүү хөтөлбөрийн зорилго нь шинэ зууны хотын хөгжлийн чиг хандлага, технологийн дэвшил, иргэдийн хүсэл шаардлага, бизнесийн орчны өөрчлөлтийг шуурхай мэдэрч оновчтой шийдвэрлэж чадах боломж гэж үзэж байгаа аж.
Мөн цомхон бүтэцтэй, ойлгомжтой дүрэм журамтай, соёлтой шуурхай үйлчилгээтэй, технологижсон, ажиллаж амьдрахад таатай ухаалаг хотыг бий болгох зорилготой ажээ.
Албаны хүмүүсийн үзэж буйгаар тус хөтөлбөр хэрэгжсэнээр нийслэлийн иргэдэд шударга, шуурхай, чирэгдэлгүй, хямд үйлчилгээ бий болохоос гадна хотыг ухаалгаар удирдах мэдээлэл цугларч, авлигагүй, бизнест ээлтэй болохоос гадна хотын хэмжээнд сайн засаглалыг бүрдүүлж чадах ажээ. Мөн салангид бус нэгдсэн системтэй болсноор технологийн дэвшлийг үр дүнтэй нэвтрүүлж эхлэх бөгөөд үүнийг дагаад байгальд ээлтэй, эрүүл мэндэд хоргүй ногоон хот болох боломжтой аж.
Ингэснээр үйлчилгээний хурд 50-90 хувиар нэмэгдэж, гэмт хэргийн тоо 20 хувиар буурах тооцоо гарч байгаа талаар танилцууллаа.
"Ухаалаг Улаанбаатар"-ыг танилцууллаа | ||
Үзсэн: 1297 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.