
МҮОНТ-ийн Тайз зураг чимэглэлийн албаны зураач, МУСТА Дашийн Батмөнхийг редакцийн зочноороо урьж ярилцлаа.
-Мэргэжлээрээ ажиллаж эхэлсэн үе хүн бүрийн гэгээлэг сайхан дурсамж болон үлддэг байх. Та тэр сайхан дурсамжаасаа хуваалцаач?
-Би 1985 онд Дүрслэх урлагийн дунд сургуульд элсэлтийн шалгалт өгөөд тэнцдэг юм байна. Тэр үед 350 хүүхдээс 30 хүүхэд шалгаруулж авч байсан. Миний өвөө Булган аймгийн Баян-Агт сумын хүн л дээ. Өвөө минь маш уран, эмээлийн дархан хийдэг, мод цагаалж бүхий л зүйлийг урладаг байсан. Намайг хоёрдугаар курст байхад өвөө минь өөд болохоосоо өмнө надад захиасаа хэлсэн л дээ. Хүний гарт шингэсэн урлахуй гэдэг чинь их ховор нандин зүйл. Өвөө нь хүүгээ мэднэ ээ. Нэгдүгээр ангид байхдаа л чи их гоё морьтой баатар зурдаг байсан. Тэр авьяасаа алдчихаагүй биз дээ гэсэн. Өвөөгийн минь энэ захиас ч надад нөлөөлсөн байх. Тухайн үед оюутнуудын дунд асар их өрсөлдөөн байдаг байлаа. Баримлын ангид сурдаг хүн зөвхөн баримлаа л хийхгүй сийлбэр, дархан, зураг гээд бүхий л урлал руу чиглэдэг байсан юм.
Ингээд би биеэ дайчилсны хүчинд Чимэглэх урлагийн анги төгссөн. Ингээд цэргийн алба хаасан. 1991 онд картын бараанд орчихсон, танилтай хүн л ажилд ордог байлаа шүү дээ. Нэг өдөр би ангийнхаа хүүхдийг хүлээгээд Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн гадаа тамхи татаад зогсож байлаа. Тэгсэн нэг хошууч гарч ирээд “Хөөе нөхөр чи энд тамхи татаж болохгүй” гэдэг юм байна. Настай хүн юм хэлж байхад чинь би тамхиа шууд л унтраасан. Тэгсэн өнөөх хүн чинь “Хүү минь чи хаана юу хийдэг хүүхэд вэ. Их дуулгавартай юм. Одоо цагт ийм хүүхэд ховордсон. Хоёулаа ер нь танилцъя” гэдэг юм байна. Тэгээд бид хоёр танилцаад би мэргэжлээ хэллээ дээ. Тэгсэн Батжаргал хошууч “Манай цагдаагийн байгууллагад “Аман зураг”-ийн мэргэжлээр хүн хэрэгтэй байгаа юм. Чи цэргийн алба хаасан уу” гэж асуусан. Хаасан гэсэн чинь “За тэгвэл асуудалгүй. Маргааш хүрээд ирээрэй” гэлээ. Би тэр үед амьдрал эхэлчихсэн, хүүхэд нялх, эхнэр нялх биетэй байлаа. Тиймээс бушуухан ажилд орох нь зөв гэж бодсон. Ингээд цагдаагийн байгууллагад таван жил ажилласан. Тэндээсээ нэг сургуульд явчих боломж байсан л даа. Тэгсэн гэрийнхэн маань “Чи ер нь өвөөгийнхөө хэлснээр бол сайн зураач болно. Тийм учраас урлагийн байгууллага дагавал яасан юм” гэсэн. Тэгээд даргадаа илтгээд би нэгэнт зураач мэргэжилтэй хүн болохоор драм юм уу, телевизэд ажиллах хүсэлтэй байна гээд ажлаасаа чөлөөлөгдсөн.
МҮОНТ тэр үед чинь Монгол телевиз нэртэй байсан юм. Намайг энэ телевизэд ороход Зураг, тайз чимэглэлийн албаны дарга Вандандорж гуай ажиллаж байсан. Тэгээд энэ их айлын нэг гишүүн нь болж байлаа. МҮОНТ-дээ 18 дахь жилдээ ажиллаж байна. Ер нь уран бүтээлд нэг л хөл тавьсан бол эргэж буцах зам байдаггүй. Би олон сайхан уран бүтээлчидтэй хамт ажиллаж байсан. Одоо ч заримтай хамт ажиллаж байна. Киноны урлагийн зураач нар багш Т.Гоош, “Мандухай цэцэн хатан” киноны зураачаар ажилласан талийгаач Пүрэвсүрэн багш, талийгаач Мягмар багш, одоо цуг ажиллаж байгаа П.Чулуунбаатар ах нараасаа би их юм сурсан.
-Таныг “Аман зураг” зурдаг байхад ямар хэрэг зохилон гардаг байсан бэ?
-Дандаа гэрчтэй хамтарч ажиллана. Тухайн үед малгай шүүрэх гэмт хэрэг их гардаг байсан. Гэрч монхор хамартай, өргөн шанаатай, туранхай, тарган, буржгар үстэй гэдэг ч юм уу мэдээлэл өгнө л дөө. Түүнийг нь би А4 цаасан дээр зурна. Тэгээд за энэ мөн үү гэж асууна. Эндээ сорвитой байсан, тэндээ мэнгэтэй байсан гээд гэрч хэлнэ. Түүнийг нь түрүүнийхээ гаргасан төрх дээр нэмж зурна. Ийм маягаар л аман зураг гаргадаг байсан. Ихэвчлэн танхай, малгайн булаалт, хулгай, хүчингийн хэрэг гарна. Томоохон хэргүүдийг ч бас илрүүлэхэд гар бие оролцсон. 25-28 орчин хэрэг илрүүлсэн байдаг.
-Аман зургаар хэрэгтнийг бариад өгчихөөр тэднээс элдэв дарамт ирдэг байсан уу?
-Дарамт ирдэг байсан. Харин тухайн үед гэмт хэргийг аль болохоор бууруулах, нийгмийг эрүүлжүүлэх нь чухал байсан болохоор шаардлага тавиад л өнгөрдөг байсан. Хуулийнхаа хүрээнд цагдан хорих ч юм уу тийм арга хэмжээ л авдаг байсан юм.
-Таныг МҮОНТ-ийн бүтээл “Босго тотго” кинонд ерөнхий зураачаар ажилласныг мэдэх юм. 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр кино багийнхны хувьд дурсамжтай өдөр байдаг байх?
-Тэгэлгүй яах вэ. Энэ өдөр чинь уран бүтээлчид бид телевизийнхээ үүднээс хөдөлж байлаа шүү дээ. Манайх хилийн цэрэгтэй хамтарч кино хийнэ. Та ерөнхий зураачаар нь ажиллах уу гэсэн санал тавьсан л даа. Тэгэхэд би баярласандаа хашгирмаар санагдсан. Гэсэн ч биеэ бариад зохиолыг нь уншиж үзье гэж хэлсэн л дээ. Яагаад тэгж их баярласан гэхээр би Сулинхээрийн хилийн цэргийн ангид алба хаасан хүн л дээ. Тэгээд залуу насны минь дурсамж сэтгэлд тодроод хөөрчихгүй юу. Зохиолыг манай Төрийн соёрхолт, зохиолч Д.Норов ах бичиж дуусаад, би танилцсан. Киноны үйл явц, зураг авалт сайн болсон. Түүхээр сайхан кино бүтээгээд үзэгчдээсээ сайхан үнэлэмжийг авсандаа манай уран бүтээлчид баяртай байдаг. Тухайн түүхэн цаг үед амьдарч байсан сайхан буурлууд одоо 80 гарчихсан байна. Зураг авалтаар явж байхад түүх ярьж өгсөн буурлууд Говь-Алтай, Ховдын нутагт олон байсан. “За хүүхдүүд минь намайг бага байхад” гээд л эхэлдэг тэдний яриа бидний кинонд өгүүлж байгаа тэр л цаг үетэй салшгүй холбоотой. Өнөөдөр ч зарим хамаатан садангууд хилийн наана, цаана бие биеэ үгүйлэн санасаар амьдарч л байна шүү дээ. “Босго тотго” кино гарснаар ийм хүмүүст ах дүүстэйгээ хамт байсан бүхий л дурсамж нь сэргэсэн болов уу. Тиймдээ ч кино маань хүмүүст таалагдсан байх.
-“Босго тотго” кино багийнхан хамгийн хэцүү зураг авалтаа хаана хийж байв?
-Хэцүү зураг авалт гэвэл 1932-1948 оны хоорондох дайн тулаантай үеийн зураг авалт байсан. Үүн дээр кино групп маань маш хариуцлагатай, нарийн төлөвлөсөн байдлаар зургаа авахгүй бол асар их хүндрэлтэй байлаа. Тухайн үед аюулгүй байдлыг хангах үүднээс зэвсгийн зөвлөхүүдтэй хамтарч ажилласан. Тэр олон сургуулийн суман дотор нэг байлдааны сум байвал яах вэ гэдэг чинь өөрөө их том эрсдэл байхгүй юу. Мөн зураг авалтын ойрын буюу алсын зайн дэлбэрэлтүүд байна. Хэтэрхий их чулуутай газар дэлбэрэлт хийхээр жүжигчид, уран бүтээлчид гэмтвэл яах вэ. Асар их болгоомжилж сургуулилтууд хийж нарийн төлөвлөж ажилласан л даа. Тэсэлгээ хийж зураг авахад асганы чулуу маш хүчтэй цацарч ирдэг юм. Жүжигчдээ яг тоглуулж байхдаа жижиг ууттай элсэнд бодисуудаа хийж дэлбэлсэн. Иймэрхүү хүндрэлүүд гарч байсан. Мөн Халх голын байлдаан байна. 1936-1937 онд Буйр нуур орчмоор Японы хороо цэрэг орж ирж байж. Гэтэл манай хилийн цэрэг аль хэдийнэ байгуулагдчихсан 45 хүний бүрэлдэхүүнтэй хил хамгаалаад байж байсан юм билээ. Нуурын мөсөн дээгүүр япончууд манай нутгийг цөмөрч орж ирэхэд 45-уулахнаа бүхэл бүтэн хороо цэрэгтэй тулалдаж байсан түүхтэй. Энэ мэт түүхээс харвал бидний өвөг дээдэс ямар их хүчтэй, зоригтой байсан юм бэ гэдгээр бахархахаас өөр аргагүй. Сэтгэл хөдөлмөөр сайхан түүхүүдийг энэ кино өгүүлдэг.
-Хэдэн хүний бүрэлдэхүүнтэй кино баг явсан юм бэ?
-Манай телевизээс 25 хүний бүрэлдэхүүнтэй баг гарсан. Хилийн цэргээс цэргийн зөвлөх хоёр, тэсэлгээ хариуцсан хоёр, аж ахуй хариуцсан гурван хүнтэй баг бүрдсэн. Нээлтээ хийгээд телевизийнхээ үүднээс найман машинтай хөдөлсөн.
-Мэргэжлийн байгууллагаас киноны зураг авалтад зориулж хийсэн таны бүтээлийг ховор ан агнасан байна гэж шалгахаар ирсэн гэж дуулсан. Энэ үнэн юм уу?
-Тийм зүйл болсон. Кино зураг авалт гээд ховор ан амьтнаа устгаад байж болохгүй л дээ. Үүн дээр чинь л зураачийн мэргэжлийн түвшин хэр вэ гэдэг нь харагддаг. Манай мэргэжилд дууриалган хийх урлаг гэж ярьдаг юм.Кино багийнхны төсөвт хүнс нь багтсан байдаг. Зураг авалт болохын өмнө зураглаач, найруулагчтайгаа зураач нь ярилцдаг. Дамбажав тайж, Бат тэргүүтэн эхний анги дээр зээрийн боодог хийдэг хэсэг бий. Бид киногоо сонирхолтой болгохын тулд зээрийг болиод хар сүүлт болговол ямар вэ гэж ярилцсан юм. Хар сүүлтийг устгаж болохгүй учраас би хар сүүлт хийх ажилтай болсон. Тэгээд хамгийн түрүүнд хүнсэндээ хэрэглэх малынхаа зүсийг л харж байгаа юм. Ямаа байна уу, тэр тусмаа улаан юм уу, хонгор зүсмийн ямаа хэрэгтэй байна гэсэн. Баруун аймгуудын ямаа ноолуур ихтэй, сахлаг байдаг юм шүү дээ. Тэгээд ямаагаа туламлуулж өвчүүлээд “ГАЗ”-аар үлээлгэж, модоор хусаад үсийг нь хар сүүлт шиг тачир болгосон. Тэгээд нүүр хувиргагчаа дуудаад үсэнд нь яг хар сүүлтийг дууриалган сор тавьж, судлыг нь гаргаад хар сүүлтээр боодог хийлгүүлж байгаа юм. Боодог хийж байгаа өнөө мах бол манай багийнхны хүнсэнд хэрэглэж байгаа ямааны мах байхгүй юу. Бас киноны маань сүүлийн ангиуд дээр зээх зээлд дөнгөж орж байсан үе дүрслэгддэг.
Тэр манай хил орчмоор адууны хулгай ихээхэн гарч байсан байна. Мөн хулгайн анчид их байдаг байж. Буга агнасан хэсэг манай кинон дээр гардгийг хүмүүс санаж байгаа байх. Тэр бугыг бас хийх ажил надад оногдсон. Тэгээд би олон жил хадгалсан хувхайрчихсан 12 салаа эвэр зурганд ашиглах гэж байгаа юм гээд төлбөр мөнгө өгье гэж хүнээс гуйж авлаа. Ингээд үхрийн толгойны хэлбэртэй хуш мод зороод бугатай ойролцоо зүсмийн үхрийн шир бэлдүүлсэн. Бас л бидний хүнсэндээ хэрэглэсэн үхрийн шир л дээ. Тэгээд нүдний эрэлд гарлаа. Теннесний бөмбөг байвал маш гоё нүд болох гээд байдаг. Тэгсэн олдоггүй ээ. Найруулагч маань хажуугаас нар уулын цаагуур орлоо, маргааш бороо орж мэднэ гээд яаруулаад байдаг. Цаг хугацаа шахагдаад ирэхээр уран бүтээлчээс хурд шаардана. Тэгээд гал тогоо руу очиж төмс аваачиж модон дээрээ төмсөө тогтоочихоод дээр нь нүд зурлаа даа. Сормуусыг нь хийгээд л үс, хумсны лак ашиглаж хошууг нь будсан.
Бас ялаа бужигнуулах шаардлагатай болсон. Тэгээд төхөөрсөн үхрийнхээ сэвсийг дэлгэж, элэг, гэдэс дотрынх нь талыг нь цацаад гурван минут хүлээхэд л ялаа бужигначихаж байгаа юм. Тэгээд зураг авч байлаа. Харин саяхан Байгаль орчны яамнаас нэг хүн ирж надтай уулзсан. Та “Босго тотго” киноны ерөнхий зураач мөн үү гэлээ. Би ч мөн л гэсэн. Тэгсэн за танай кинон дээр нэг сайхан хар сүүлт байна.
Сүүлийн ангиуд дээр нь бас нэг сайхан буга унагаасан байна. Та нар кино хийх гээд ан хийдэг хүмүүс үү гэсэн. Тэгэхээр нь би “Та уучлаарай. Бид зураач хүмүүс учраас хар сүүлтийг ямаагаар орлуулж дууриалгаж хийсэн. Түүнийгээ тухайн үед ашиглаад л өнгөрсөн. Харин бугын хувьд би мөн л модоор хийсэн их бие нь үхэр юм аа. Баримт үзнэ гэвэл үзэж болно” гээд урландаа оруулж харуулсан. Нүд нь төмс байгаа биз. Ширийг нь ард нь ингээд хадсан байгаа биз гээд модон гавал, ямааны арьс, хадаасыг нь үзүүлсэн. Тэгээд тэр хүн зураг дарж аваад явсан. Хэрэв бид кино хийж байгаа нь энэ гээд амьтан хороогоод явбал утгагүй. Олон нийтийн телевизийн уран бүтээлч гэж яваад ч яах билээ. Тиймээс бид ямарваа нэг зүйлийг ингэж мэргэжлийн түвшинд хийх зайлшгүй шаардлагатай байдаг. Буудуулаад хугарсан гарыг малын ясаар хийгээд л гаргана шүү дээ.
-Киноны зураачийн бусад зураачаас ялгарах онцлог нь юу вэ?
-Орчин үед түүхэн зохиол олон гарч ирж мэдэх юм. Тэгэхээр киноны зураач хүн түүхээ мэддэг, эрдэмтдийн судалгааг уншдаг байх ёстой. Алтан үеийнхээ буурлуудаас мэдлэг авч байх хэрэгтэй. Кино зураач нарын онцлог нь тухайн нийгмийн орчинг тайз заслаараа бүрдүүлж өгч байдаг. 1970-1980- аад оны кино хийлээ гэхэд тэр үеийн хувцаслалт ямар байсан вэ гэдгийг судлаад хувцас хийдэг. Дарга нар нь каракул малгайтай пальтотой, ихэнхдээ л зангиатай байдаг. Эвлэлийн тэмдэгтэй гэх мэт. За машин техникийн тухайд бол олдохгүй байх жишээний.“Босго тотго” кинон дээр “ЗИЛ-105” машин хэрэгтэй болсон. Тэгээд хил хамгаалахаас хаягдалд гарсан “ГАЗ-66”, “УАЗ-469” машиныг задлаад модоор машин хийгээд гол тэнхлэг дээр байрлуулаад чирж зураг авсан. Машин хөдлөөд донжигонож л байвал будаад янзалчихаж болдог юм. Энэ мэт зураачдын онцлог их. Мөн дээрээс нь найруулагчийн төлөвлөгөөний дагуу тодорхой хугацаандаа амжиж тайзаа засаж бэлэн болгох ёстой л доо. Зураглаач, найруулагч хоёртойгоо тулгын гурван чулуу шиг ажиллаж байх ёстой. Ингэсэн тохиолдолд уран бүтээл маш сайн цогц болж өгдөг.
-Танд өөрөө хийсэн жижиг хэрэглэл, эд зүйлс байдаг уу?
-Хийсэн жижиг хэрэглэлүүдээ ихэвчлэн кино дууссаны дараа ажлынхаа фондыг өргөтгөхийн тулд тушаачихдаг. Тайлангаа тавиад няравтаа хүлээлгэж өгөөд л дараагийн уран бүтээлчдэд ашиглах баялаг болоод явдаг юм. Кинонд хэрэглэх эмэгтэй хүний ээмэг, унжуургыг угсаатан зүй судлаж байгаад л өөрөө гараараа дууриалган хийдэг. Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор Кино үйлдвэр “Их төрийн голомт” гэдэг кино хийсэн. Тэр уран бүтээлд би ерөнхий зураачаар ажилласан. Тэгэхдээ 500 цэргийн хувцас сэргээн засварласан. “Мандухай цэцэн хатан” киноны хувцас арчлалт муу хадгалагдсанаас ихээхэн хуучирч гэмтсэн байсан. Түүнийг завсарласан. Мөн тус киноны гол дүрийн Тэмүүжин, Жамуха, Тойрол ван нарын хувцсыг хийсэн.
-Та хувийн архивтай юу?
-Бараг байхгүй дээ. Япон загварын хамгаалалтын хоёр буу л бий. Бас “Их төрийн голомт” киноны Зэлмэ жанжин, Зэв жанжны хувцас хадгалагддаг.
-“Босго тотго” киноны зураг авалтын үед хөгжилтэй зүйл олон тохиолдож байв уу ?
-Олон олон. Бид Алтай сумд оччихоод байсан үе. Ангийн удирдлагууд нь та нар минь шөнөөр хөдлөөд яах вэ. Хоноод тухтай яв гэсэн чинь найруулагч маань хилийн отряд байгууллагаа хүндрүүлээд яах вэ гэж бодсон уу, зураг авах газраа харанхуй ч гэсэн үзэж харна гэж бодсон уу одоо явна л гэлээ. Талын гэрэл ёлтойгоод байх тусам ойртоод ч байгаа юм шиг санагдаад нэг л адилхан газраар яваад байдаг. Нэг голоор хэд ч гараад байгаа нь мэдэгдэхгүй болсон. Тэгээд буугаад харцгаасан чинь төөрөөд Алтай сумыг гурав тойрсон байсан.
Бас нэг зурганд гарах гээд бэлтгэл хийж байлаа. Тэгсэн гэрэлтүүлэгч маань надад туслах гээд найруулагчаас даалгавар аваад гурвуулаа харуулын байр хийсэн юм. Шүршдэг будгаар модоо будаад байж байтал буудаг дуусчихгүй юу. Би битүүрчихлээ гээд л хаясан чинь манай өнөө гэрэлтүүлэгч Учрал “Наадахыг чинь би хагалж үзмээр байна” гэлээ. Тэгэхээр нь би хэрэггүй ээ наад дотор чинь хоёр жижиг “шарик” байдаг юм. Тэгээд дүүрэн хий байгаа гэж хэлсэн ч аваад явлаа. Нэг харсан чинь чулуугаар цохиж байна аа. Онохгүй л байгаа бололтой. Тэгээд л нэлээн ирмэгтэй чулуу аваад л ойртож байгаад дэлссэн чинь будаг дундуураа хуваагдаад “пид” гээд л их чимээ гарлаа. Сандраад харсан чинь Учрал цаашаа хараад зогсчихсон нүүрээ арчаад байна аа. Хэсэг арчиж байснаа эргээд харсан чинь Сэрэлт кинон дээр гардаг “Эхнэртээ хайртай бол авдаг морины нэг дээ” гэдэг цоохор морь шиг харагддаг байгаа. Хар будаг байсныг ч хэлэх үү арилдаггүй. Тэгээд буцаад багынхан дээрээ очсон чинь манайхан гайхаад энэ хоёр хоорондоо хэрэлдсэн байна. Тэгээд Батмөнх нь шарандаа Учралын нүүр рүү будгаа цацсан байна гэж бодсон байгаа юм. Би учрыг нь хэлтэл бөөн хөхрөлдөөн болсон. Учрал маань тэгээд өдөржингөө цоохор нүүртэй явсан даа.
Бас Байтаг богдын тулалдааны зураг авахын урд шөнө нэгийгээ айлгасан. Энд таваг барьчихсан, тал шинельтэй нөхдүүд шөнийн гурван цагаас хойш үзэгддэг гэсэн яриа тараалаа. Хилийн цэргийн жолооч нэг ахлагч жаахан аймхай л даа. Тэгээд мань эрийг найруулагчтай ороод уулзаад гараад ирэх хооронд нь машины сигналны утсыг нь хөндийрүүлээд машин жаахан доргилт авахаар сигнал нь дуугарахаар болгож тохируулчихсан. Манайхан тэр үед хөзөр тоглож байсан юм. Тэгээд л би л “Чи гараад машинаа онгойлгоод өгчих. Би дотроос нь нэг авах шаардлагатай болчихлоо” гээд шалж өглөө. Тэгээд дагуулаад гарлаа даа. Нөгөөх чинь үглээд л “Та эрт авч байхгүй, хүн тоглуулсангүй” л гэж байна. Бас болоогүй ээ нэг залуутай хуйвалдаад жолоочийг машин онгойлгох гэхээр нь дугуй руу нь чулуу шидээд жаахан доргиогоод өгөөрэй гээд хэлчихсэн. Тэгээд би шүдэнз зураад дохиогоо өгсөн чинь машины сигнал “Дийд” гээд л чанга гэгч нь дуугардаг юм байна. Машинаа түгжээгүй юм уу чи гэсэн чинь түгжсэн дээ, түлхүүр нь надад байна гээд айх гайхах нь зэрэгцээд та онгойлго гэхээр нь би чи өөрөө онгойлго гээд л байлаа. Их л эвгүй байх шиг байна аа. Тэгэхээр нь тоглосон юм гэдгээ хэлээд баахан инээлдсэн. Энэ мэт хөгжилтэй зүйл олон тохиолдсон.
-Та юунаас урам, эрч хүч авдаг вэ?
-Уран бүтээлээ хийчихээд үзэгч түмэнтэйгээ учран золгох сайхан шүү. Тэгээд энэ тайз хувцас, жижиг хэрэглэлүүд нь ямар болсон тухай үзэгчид сайнаар хүлээж авахад маш их урам ордог. Илүү эрч хүчтэй, шинэ юм сэтгэх тухай бодол төрдөг дөө.
-Ярилцлагынхаа сүүлийн хормыг танд нээлттэй үлдээе?
-Та бүхэнд баярлалаа. “Босго тотго” кинонд ажилласан тухайгаа нийт уншигч, үзэгчидтэйгээ хуваалцах сайхан байна. Ажлынхаа хамт олонд болон энэ кинонд оролцсон жүжигчид, уран бүтээлчдэдээ сайн сайхныг хүсье. Ажлын амжилт ерөөе.
Д.Батмөнх: Зураач хүн зураглаач, найруулагч хоёртойгоо тулгын гурван чулуу шиг ажиллах ёстой | ||
Үзсэн: 6051 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.