
Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дөнгөж сая өндөрлөлөө. Тус байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн өнгөрсөн даваа гарагт өргөн барьсан Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах эсэх асуудлыг хэлэлцлээ.
Хуралдаанд УИХ-ын гишүүн О.Баасанхүү Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах өөрийн хүсэлтээ уншиж танилцуулсан бөгөөд үүний дараа УИХ-ын гишүүн Д.Ганбат, З.Баянсэлэнгэ болон Б.Бат-эрдэнэ нар санал бодлоо хэлж Хууль зүйн сайд Х.Тэмүүжингээс дэлгэрэнгүй мэдээлэл сонссон юм.
Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй холбогдох мэдээллүүд хангалтгүй байна гэж үзэн дахин мэдээлэл цуглуулах горимын санал гаргасан юм. Д.Ганбат гишүүний гаргасан горимын саналыг байнгын хорооны 15 гишүүний 13 нь дэмжсэнээр асуудал хойшлогдлоо.
Ингээд байнгын хорооны гишүүд дээрх асуудалтай холбоотой мэдээлэл дутмаг байгаа учраас О.Баасанхүү гишүүний гаргасан үндэслэлүүдийн талаар дахин мэдээлэл цуглуулсны дараа Х.Тэмүүжин сайдыг огцруулах эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэхээр боллоо.
Одоогоор Хууль зүйн байнгын хорооноос дахин хэлэлцэх хугацааг тогтоогоогүй байна. О.Баасанхүү гишүүний гаргасан үндэслэлүүд болон Х.Тэмүүжин сайдын тайлбар мөн энэ талаарх гишүүдийн байр суурийг бид тун удахгүй хүргэнэ.
Х.Тэмүүжин сайдыг огцруулах асуудлыг хойшлууллаа | ||
Үзсэн: 917 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.