Шууд Chart

Д.Бямбадорж: Амжилт гэдэг бол нөр их хичээл чармайлт, тэсвэр хатуужил дээр нь цаг нь болохыг хүлээхийг хэлдэг

2020-08-10 11:07:34

Гучаад жил зөвхөн сумогийн сурвалжилга, мэдээгээр дагнасан алдарт эмэгтэй сэтгүүлч Ёконо Рейко, Мэргэжлийн сумогийн 70 дахь их аварга ёкозүна Харүмфүжи Д.Бямбадоржтой 2016 оны нэгдүгээр сарын 30-нд “Оозумо пиа” сэтгүүлийн тусгай зочноор урин, хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.

Оны сүүлийн барилдаан болох Кюүшюү башёод хоёр жилийн дараа долоо дахь түрүүгээ хүртэж буй Харүмафүжи аварга зун нь баруун гарын тохойн хагалгаанд орж, хоёр тэмцээн өнжиж амраад сая шууд барилдсан башёо билээ.

Ёкозүнагийнхаа хувьд хоёр жил түрүүлээгүй, амарч өнжсөн урт өдрүүдэд чухам юу бодогдож байсан, ямаршуухан сэтгэл санаатайгаар даван туулж байсныг яг энэ мөчид сонсохыг хүссэн билээ. Уг ярилцлагыг Х.Эрдэнэцэцэг орчуулсан бөгөөд албан ёсны эрхтэйгээр нийтлэв.

-Түрүү цом авсанд баяр хүргэе ээ ...

-Баярлалаа. Хамгийн сүүлийн барилдаанд даваад, түрүү авахыг хүсч байсан ч юутай ч хамаг зүрх сэтгэлээ зориулж барилдсаны үр дүн гарлаа. Нилээн удаан хугацааны дараа аврагын үүргээ биелүүлж, одоо жаахан сэтгэл амсхийн сууна.

-Ёкозүнагийнхаа хувьд түрүү авч чадаагүй хоёр жилийн хугацааг эргээд бодоход танд юу бодогдож байна вэ?

-Нэг үгээр хэлбэл тэсвэр тэвчээр заасан он цагууд байлаа. Хэцүү үед ояагата болон оками сан намайг зоригжуулж, урам өгчсөн. Мөн дэвжээний ивээн тэтгэгч дотны хүмүүсийн хайр халамж, шүтэн бишрэгчдийн минь байнгын надад өгөх итгэл найдварын ачаар л би өнөөдөр түрүүллээ гэж бодож байна.

-Бүтэн хоёр башёо үргэлжлэн амрана гэдэг аварга байхын хувьд маш хэцүү зүйл гэж бодож байна. Ямаршуухан сэтгэлээр өнгөрөөж байв?

-Гуч гарахаар бие махбод яалт ч үгүй өөрчлөгдөж, хөндүүр, зовиур биений аль нэг хэсэгт мэдрэгдэж эхэлдэг юм билээ. Үүнийг л даваад дэмжиж, итгэж байгаа тэр л хүмүүст сэтгэлийн ачийг хариулах юм сан гэсэн хатуу бодол, шийдвэр л энэ бүхнийг даван туулуулсан гэж бодож байна.

-Энэ зун тохойны хагалгаанд орсон шүү дээ?

-Дандаа өвдөөд их зовиуртай байсан л даа. Чимээгүй тэвчээд л яваад байсан юм. Бүр тэвчихийн аргагүй болж, үүнээс илүү тэр чигт нь байлгавал барилдаж чадахгүй болно гэтлээ явчихсан байсан. Тэгээд мэс засалд ч орлоо. Эхлээд бол жижигхэн мэс засал юу байхав, гурван өдөр болоод л эмнэлэгээс гарчихна гэж бодож байлаа. Хагалгааны дараа их өвдөх учир өвчин намдаагч морфин тариа хийлгэх үү? гэж эмч асуухад нь Би чинь бөх хүн шүү дээ тэр тариа мариа хэрэггүй л гэлээ. Гэтэл орой нь унтахын аргагүй их өвдлөө. Бүүр аймаар өвдөөд за даа миний сумогийн амьдрал ч дуусч байгаа юм байна гэж хүртэл бодогдов. Өглөө нь эмчдээ хэлж, морфин тариулсан юм. Ер нь та нар эмчийнхээ үгийг сайн дагах хэрэгтэй юм билээ. /Инээв/ Бөх ч гэсэн хүн л юм билээ гэдгийг тэр үед их сайн ойлгосон агшин байсаан.

-Тэгээд дараа нь тохой нь яаж байна?

-Бодож байснаас эдгэрэх нь удаан, бүрэн эдгэтлээ жил гаруй хугацаа хэрэгтэй гэсэн. Цаг хугацаа бас эмчилгээ юм даа. Яг үнэндээ баруун гараа сунгахаас нэг л айгаад байдаг болчихлоо. Сая барьц авахаас өмнө энэхүү айдасаа авч хаяад дайраад орьё ч гэсэн нэг л болж өгөхгүй өөрийн эрхгүй биендээ захирагдаад байлаа. Сэтгэлдээ бол энэ муу гарыг сунгаад өгье гэж бодсон ч яг барилдахад нөгөө л нэг айдас хүйдэс байгаад л байсан юм.

-Ёкозуна гэдэг байр сууринийхаа хувьд ч мэс засалд орно гэдэг том шийдвэр дээ?

-Өнөөг хүртэл би башёог амрахгүй байх нь маш чухал гэж бодож явлаа. Яаж ч өвдөж байсан барилдана л гэсэн хатуу бодолтой явдаг юм. Гэвч найм даваад аварга гэсэн хариуцлагыг авч явж байна гэж хэлэх аргагүй. Тэгээд л шууд хагалгаанд орьё гэж шийдсэн.

-Амарч байхдаа та юу ойлгож авсан бэ?

-Тэсвэрлэн тэвчихийн чухал юу байдаг вэ гэдгийг ойлгож авсан. Урагшаа, зөвхөн урагшаа дайраад орьё гэсээр өнөөг хүрсэн хүн чинь амрах, амсхийх хэмээх “түр хойшлолт”-ыг даван туулахын хэцүүг мэдэрсэн цаг үеүүд байсан. Хүний амьдралд урагшлах, давшин орох гэхээсээ илүү хойшлох, ухрах шаардлагатай мөч бас чухал байдаг юм байна, Давшихаасаа илүү ухрахад зориг хэрэгтэй байдгийг бас ойлгосон. Ухрах цаг үеэ олно гэдэг бас хэцүү байсан. За тэгээд ганц сумод биш л дээ. Ерөөсөө л хүний амьдралд ч адил юм.

-Амрахыг төдийлөн сайн гэж боддогүй аварга хүний хувьд энэ чөлөөндөө та юу хийж, яаж өнгөрүүлэв?

-Бэлтгэлээ хийж, зураг зурж, сэтгэлээ өөр зүйлд хандуулахыг зорьж өнгөрүүлсэн. Сумо харахаар нэг л сэтгэл өвдөөд байсан болохоор сүүлийн өдрийн барилдааныг л үздэг байлаа.

-Багаасаа л зурганд авьяастай таны хувьд хэдий хугацаанд хэдэн зураг зурчихав?

-Амарч байх хугацаанд сэтгэлээ тайван байлгахын тулд дөрвөн сард долоон зураг зурчихлаа. Гэрээс гадна урлангийн газар хөлслөөд тэндээ дуртай хөгжмөө сонсонгоо, нам тайван орчинд бранде шимэнгээ сэтгэлээ шингээж урлаж зурсан. Энэ л агшин миний хувьд маш чухал цаг мөчүүд байсан.

-Ямар хөгжим сонсонгоо...?

-Моцарт, төгөлдөр хуурын дан аялгуу, Нагабүчи Цүёошигийн дуунууд гээд л тэр өдрийнхөө сэтгэлзүйн байдлаас болоод янз янз даа. Нагабүчи Цүёошигийн дууг бүгдийг нь мэддэг болохоор дуулангаа л зураад байлаа.

-Ёстой санаанд оромгүй юм аа. За тэгээд ямар зураг урласан гэлээ?

-Фүжи уул.

-Яагаад Фүжи уул гэж?

-Ояагата сумогийн минь нэр Фүжи гэж хайрласан. Миний дуртай уул. Энэ хайрхан янз бүрийн дүр төрхтэй үзэсгэлэнт уул. Налгар тайван, их амар амгаланг мэдрүүлдэг. Бас хийморь сэргээж, зоригжуулдаг. Алсаас харахад л өөрийн мэдэлгүй сэтгэл тайвширч, сэтгэлийнхээ гүнээс мэдэрсэнээ чин сэтгэлээсээ л зурья гэж хичээдэг юм. Энэ хайрхан уулыг зурж байхад өөрийн эрхгүй хүч зориг орж, улам илүү хичээе гэсэн хүсэл сэтгэл оргилох шиг болдог учир зурах маш дуртай. Энэ хайрхан уулыг янз янзаар зурж, “Өглөөний мэнд” “Оройн мэнд” гэх мэтээр нэр өгч, олон янзын өнгөөр илэрхийлдэг. Энэ зургуудын дотроос “Аав ба би” зураг их нандин билээ.

-Тэр зурганд мөнхөд одсон аавыгаа санасан сэтгэлээ их зориулж дээ?

-Тийм шүү. Нарыг ааваар төсөөлж, Фүжи уул нь би өөрөө, Аав минь үргэлж намайг ивээлдээ авч, харж хамгаалж байгаа гэсэн утгатай... Ер нь зураг гэдэг чинь тухайн хүний төсөөлөл, мэдрэмж байдаг болохоос биш ингэж тайлбарлаад байдаг юм биш л дээ. Үзэж байгаа хүн л өөрөөрөө мэдэрч байвал болоо.

-Аав нь ер нь ямар хүн байсан бэ?

-Аав цагдаагийн хурандаа байсан бөгөөд хүн болгоны хайр хүндлэлийг хүлээсэн хүн байсан. Манайх халуун дулаан, дуу шуутай, аав ээж хоёрынхоо хайранд бөмбөрч өссөн гэх үү дээ. Аав ээж хоёртоо жигтэйхэн хайртай. Гэрийнхэнээсээ нэг долоо ч хоног холдож үзээгүй үргэлж хамт байдаг байлаа. Анх энд ирчихээд өдөр болгон уйлдаг байсан.

-Харих юм сан гэж бодогддог байсан байх даа?

-Аав минь үндэсний бөхийн заан цолтой. Цагдаагийн хурандаа, олны танил хүн байсан болохоор би буцаад харивал аав минь олны шившиг болно гэж бодоод гүрийгээд л харихгүй гэж боддог байсан.

-аварга багадаа ямар хүүхэд байсан бэ?

-Айлын гурван эрэгтэй хүүхдийн хамгийн бага нь эрх хүү байлаа.

-Айлын эрх хүү тэгээд том болоод юу больё гэж боддог байсан?

-Бага байхдаа бие хамгаалагч больё гэж боддог байсан. Сүртэй гоё харагддаг байсан болохоор тэр байх даа.

-Тэгээд яагаад бөх болчихов?

-Сумо бол хувь заяа минь байсан юм шиг байгаа юм. Хүүхэд байхаасаа л Кёкшюүзан, Кёктэнхогийн барилдахыг үзэж нэг хэсэгтээ л монгол сумогоор амьсгалж байсан үе. Бие бялдараа ер нь хөгжүүлэх дуртай, бөх барилдах юмсан гэж бас бодож явдаг байсан.

-Тэгээд яаж явж байгаад сумо руу орчихов?

-Ояагата монголд очоод сумогийн тэмцээн зохион байгуулсан юм. Гучаад хүүхдээс би сонгогдлоо. Ояагата -Сумо их хатуу спорт. Хүүгээ явуулчихад зүгээр үү? гэж ааваас асуув. Танай сумо хатуу ширүүн байж магадгүй ээ. Би хүүгээ хатуу чанга өсгөсөн болохоор хүү минь зугатаж, халшрахгүй байх гэж бодож байна гэсэн гэлээ.

-Сайхан аав байжээ. Хүсч мөрөөдсөнөөрөө сумо бөх ч болчихлоо. Анх дэвжээнд ороод хамгийн хэцүү зүйл юу байсан бэ?

-Хэл мэдэхгүй л хамгийн хэцүү байсан. Өвдчихөөд яг юу өвдөж, яагаад байгаагаа илэрхийлж чадахгүй, хүний газар өвдөж л болохгүй юм байна гэдгийг их мэдэрсэн. Дээр үеэс л маш хатуу кейко хийлгэдэг дэвжээ болохоор жаахан залхуурвал л ах дүү бөхчүүд муухай муухай хараад л эвгүй байдаг байсан. Хичээхээс л өөр аргагүй байдаг байлаа.

-Ийм хэцүү байхдаа хамгийн их сэтгэл санааг тань өргөж дэм болж байсан юм юу байв аа?

-Монголоос аав ээж хоёроос минь үргэлж захиа ирдэг байв. Өдөр болгон кейкон дараа захиагаа унших хамгийн сайхан байдаг байлаа. Сайн байна уу? Бие нь сайн уу? Ханиад хүрээгүй биз? гэсэн үргэлж надад санаа нь зовсон асуулт дүүрэн захидал байдаг байв. Би ингэж эжий аавыгаа сэтгэлийг нь зовоож болохгүй юм шүү. Тэр үед гар утас байсан биш. Захиагий нь дахин дахин уншиж, нойлын өрөөнд уйлаад л суудаг байлаа. Одоо тэр захидалууд миний нандин эрдэнэс болсон. Эргээд бодоход захиа гэдэг зүйл мэйл, утаснаас огт өөр нэг нандин сайхан зүйл гэх үү дээ.

-Түүнээс хойш Ёкозуна боллоо. Сайхан гэр бүлтэй. Одоо хэдэн хүүхэдтэй вэ?

-Хоёр охин, нэг хүүтэй.

-Хүүхдүүдээ яаж хүмүүжүүлье гэж боддог вэ?

-Хүүхэд гэдэг бол миний амьдарсны баталгаа болдог. Эцэг эхээс өвлөж авсан амь амьдралын үргэлжлэл. Халуун дулаан хайрыг өвлөн авч, цаашдаа тэр л хэвээр нь үргэлжлүүлээсэй. Хүүхэд болгонд өөрийнх нь амьдрал, хувь заяа бий. Дуртай юмаа хийгээд яваасай л гэж хүсч байна.

-Хүүхэд гэдэг аврагын хувьд ямар оршин тогтнолыг хэлэх вэ?

-Хичнээн ядарч, сэтгэл бие өвдөж байлаа ч хүүхдүүдээ хараад л эв эрүүл болчихдог. Эргээд хүүхдүүдээсээ их хүч, урам зориг авдаг гэх үү дээ.     

-Ёкозунаг “Ээжийн хүү” гэж сонссон. Ер нь ээж гэж таны хувьд ямар хүн бэ?

-Эх хүн гэдэг бол хэзээд ч эх хүн байдаг даа. Ээж минь ээжээрээ, хааяа багш, хааяа найз, намайг хамгаалагч амин сахиус, талархаад ч баршгүй их хүндлэлийн оршин тогтнол юм.

-Эцэг гэдэг хүнийг тодорхойлбол?

-Аавыг үгээр илэрхийлж барахгүй нээ. Эргэж дахин төрдөг л юм бол энэ эжий, аавдаа хүү нь болж хамт байх юм сан л гэж би хариулна.

-За тэгвэл жишээнэ Бурханд биеийг минь агуу том болгож өгөөч гэж гуйх ч юмуу, ганцхан хүслийг тань л биелүүлж өгнө гэвэл та юу гуйх вэ?

-Аавыг минь эргүүлж авчирч өгөөч гэж гуйна. Аавтайгаа л уулзмаар байна...

-Өдийг хүртэл сумогийн амьдралаар явж байхад өөрийг тань өөрчилсөн үг гэж байдаг уу?

-Ганцхан үгэнд л миний амьдрал орвонгоороо өөрчлөгдөж байсан. Нутгаасаа гарахдаа нэг арслан болчихоод л гэж энд ирж байлаа. Гэтэл энэ жижигхэн биеэрээ түрүүллээ. Арслан ч боллоо. Нэг л сэтгэл хангалуун болчихлоо. Оозэки болчихоод хоёр дахь жилдээ Кюүшюү башёод найман даваатайгаар төгсгөв. Харамсалтай байсан ч цаашид яахаа мэдэхээ байлаа. Ояагатад дуудагдлаа. Чүү чай л качикоши хийж найм давах шив дээ. Ичихгүй байна уу? гэж байна. Хүн зорилгодоо хүрчихээр буурахаас биш дээшээ ахидаггүй юм. Аврагын төлөө зорилго тавьж байж л сайн арслан болно гэлээ. Нүд онгойх шиг болсон юм. Зорилгогүй болчихсоноо тэрхэн агшинд би ухаарч билээ. Ояагатан тэр хэлсэн үг л миний гацчихаад байсан гаргалааг гаргаж, сэтгэл минь өөрийн эрхгүй хөнгөн болж байж билээ.

-Бүүр тодруулж хэлбэл чухам яаж, хэрхэн өөрчлөгдсөн бэ?

-Дараагийн зорилгоо мэдсэнээр хамаг юм орвонгоороо өөрчлөгдсөн юм. Өнөөг хүртэл хэнд ч ялагдахааргүй, хэнээс ч дутахааргүй кейко хийсээр ч ирсэн. Өөрийн биедээ нэлээн сэтгэл ханачихсан, булчингаа хөгжүүлэх шаардлаггүй гээд бодчихсон байлаа. Тэр оныхоо 12-сард хүндийн өргөлтийн Азийн аварга Мөнх-эрдэнэтэй танилцсан юм. Түүнээс булчин хөгжүүлэхийн ач тус, хэрэгцээ шаардлагыг ч маш сайн мэдэж авав. Ер нь хувь заяагаараа л учирсан гэж боддог шүү. Төдөлгүй түүнтэй гэрээ хийж, нэг сард түүнийг японд уриад шууд л дасгал сургуулилтандаа орсон юм. Бие маань ч өөрчлөгдөж байна. Хоол ундандаа ч анхаарлаа. Сумогийн кейко гэдэг барьц авсан бөхийнхөө хүчийг ашиглан давахыг хэлж байгаа ч хоол ундаа тохируулаагүй бас жаахан уучихсан маргааш өглөө өмнө нь өргөөд байсан жингийн туухайг ч даахгүй болчихдог.

-Та жижиг биетэй бөхчүүдийн шүтээн, үлгэрлэн дагуулагч. Тэдэнд юу гэж захимаар байна?

-Гол нь сэтгэл л чухал. Сумог чин сэтгэлээсээ хайрлах. Кейког зүрх сэтгэлийнхээ угаас дуртай болж, сэтгэлээ зориулж хийх. Албадлагаар ч юмуу хүчээр дуртай дургүй 100 удаа шикко хийж байснаас чин сэтгэлээсээ аравхан удаа хийхэд л биенд наалдацтай, өөрчлөлт мэдрэнэ

-Ингэхэд аварга хэзээнээс сумод дуртай болсон бэ?

-Анхнаасаа л би сумод дуртай байсан. Тамирчин гэдгээрээ ч юмуу бие бялдараа хөгжүүлэх дуртай байсан учраас л кейкод бас дуртай.

-Ийм биетэй та өөрөөсөө том аварга бөхчүүдтэй таарахдаа юу бодож барилддаг вэ?

-Мэдээж золгоо. Магадгүй би хамгийн хөнгөн жинтэй бөх байж болох ч сэтгэлийн хувьд хамгийн хүнд бөх юм шүү гэж дохёон дээр гардаг. Сэтгэлээрээ бол хэнд ч ялагдахгүй шүү гэж учираа бөхтэйгээ тулдаг.

-Хамгийн гол нь сэтгэл юм биз дээ. Аварга таны хувьд сумо гэж юу вэ?

-Сумод эр хүний сүлд хийморь, хувь хишиг бүхэн шингэсэн байдаг. Японы ард түмний эрхэмлэн нандигнасаар ирсэн уламжлалт спорт. Цунами болсон гамшгийн газар хүмүүстэй уулзаж явахад л өөр спортын тамирчдаас илүү биднийг хүлээж авч байгаа байр байдлыг харахад л ойлгомжтой. Хаа ч явсан сумо бөх байна шүү дээ гээд гүйж ирээд л тойрч бүчээд л баярлаад хөөрөөд явчихдаг. Сумо бөх хувь заяа ихтэй гэж гэж ярьдаг. Дохёон дээр шикко хийхэд л муу зүйлийг зайлуулж, сэтгэл санааг тайвшруулан цэлмээдэг гэж үздэг. Тэр байгалийн гамшигт өртөгдсөн хүмүүстэй уулзаад явж байхдаа тэд нар яаж баярлан, бэлэгшээж гар барьж уулзаж байгааг хараад сумо бөх байхын бахархалыг ихээр мэдэрч байсан юм.

-За тэгвэл ёкозуна байхын хариуцлагыг юу гэж боддог вэ?

-Нэг их түвэгтэй бодоод байдаггүй. Өөрийнхөөрөө байх л их чухал гэж бодож байна. Ёкозуна ч гэсэн хүн шүү дээ. аварга гээд л нэг тийм онцгой юунд ч дийлдэшгүй хүчирхэг гэсэн үг биш шүү дээ. Зөв л амьдарч, зөв бодож, ёс зүйн өндөр хэм хэмжүүртэй байхыг хэлэх болов уу. Мэдээж түрүү, дэд түрүү авч тодорхой хэмжээний амжилт, үзүүлэлтүүдийг үлдээх нь ёкозуна байхын хариуцлага гэж бодож байна.

-Харумафүжи аврагын нүдээр Хакухо аварга яаж харагддаг вэ?

-Яг л байгаагаараа. аварга байх бүх л нандин чанарууд бүрдсэн. Сумог хайрладаг. Юун түрүүнд тэр хүчтэй. Нэг гал болохоор бид хамт кейко хийж, барилдаж ноцолдож, хамт дээшээ явсан. Түүнийг давахгүйгээр би түрүүлж чадахгүй. Сэтгэлээрээ л би түүнд ялагдахгүй юм шүү гэж байнга боддог.

-Ганцхан насны зөрөөтэй, хар багаасаа л хамт дотно нөхөрлөсөн хоёр ёкозуна болчихоод та хоёрын дунд харилцаа өөрчлөгдсөн үү?

-Дээр үед ч одоо ч хаа нэгтээ яагаад ч юм өрсөлдөгч гэдэг утгаараа хоёулаа уулзахаар нэг их яриад байдаггүй юм.

-Одоогийн залуучуудад юу гэж хэлмээр байна?

-Энэ цаг үед бүх л юм элбэг дэлбэг, хангалуун байна. Нэг удаа юм авч өгч, тэрхэн агшинд л тэр хүний сэтгэл хангалуун болно. Хүнд түвэг бэрхшээл болохгүй өөрөө өөрийнхөө амьдралыг авч явах нь эцэг эхдээ ачийг нь хариулж байна гэсэн үг гэж би боддог юм.

-Амьдралыг тань өөрчилж байсан үг юу вэ гээд түрүү нь бас асууж байсан. Энэ өнгөрсөн хоёр жилийн түрүүлж чадахгүй байсан хэцүү цаг үед өөрийг тань түшиж, тулж байсан ташуур болох үг гэж байна уу?

-Өнгөрсөн жилийн нэг сард зүүн хөлнийхөө шагайг гэмтээчихээд тэр чигтээ амарсан үед япон аав болох Комаки Кохэй сан “Амжилт гэдэг бол хичээл зүтгэл, тэсвэр хатуужил дээр нь хүлээхийг хэлдэг юм” гэж хэлсэн билээ. Энэ л үгний дэмээр тэр хэцүү цаг үеийг давж, тэвчиж, чармайж, түрүү авахаа хүлээж байлаа.

-Хамгийн сүүлд нь асуухад ойрын зорилтоо хуваалцана уу?

-Үргэлжлүүлэх явдал. Сумо бөх иднэ, унтаж амрана. Нэг өдрийн зөв хэмнэл маш чухал. Сумогийн замаар тэр чигээрээ, шулуухан явмаар байна. Намайг дэмждэг, хайрладаг хүн болгонд сайн бөх байж ачийг нь хариулмаар байна.

-Баярлалаа

-Сумогийн зам нь дардан байж цуцашгүй явах болтугай

Орчуулсан Х.Эрдэнэцэцэг 


Д.Бямбадорж: Амжилт гэдэг бол нөр их хичээл чармайлт, тэсвэр хатуужил дээр нь цаг нь болохыг хүлээхийг хэлдэг  
Үзсэн: 2368 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй