
УИХ-ын гишүүн Г.Уянгын зохион байгуулж буй "Монголын нэг өдөр 2014" тайван цуглаан Чингисийн талбайд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. УИХ-ын гишүүн Г.Уянгаас цөөн асуултад хариулт авлаа.
-Хоёр өдөр үргэлжилж буй энэ жагсаалд хэдэн хүн хамрагдав. Жагсаалын ач холбогдлын талаар энд ирсэн хүмүүс болон таны байр суурь ямар байна вэ?
-Энд яг 1250 ширхэг сандал тавьсан. Сандал дээр сууснаас гадна энд тэнд зогсож байгаа мөн үүгээр дайрч өнгөрч байгаа хүмүүсийг тоолох юм бол хангалттай олон хүн цуглаж байна гэж бодож байна. Энд ирсэн хүмүүс бол ямар нэг онцгой зохион байгуулалтгүй зүгээр л тараасан зарын дагуу ирсэн хүмүүс байгаа. Хүмүүс ингэж өөрсдөө цуглаж байгаа нь ард иргэдийн амьдралд байгаа олон асуудалд бухимдаж түүнийгээ засаж залруулах яриа хөөрөө үгүйлэгдэж байгаа гэдгийг илтгэж байна.
-Иргэдийн зүгээс танд бичгээр саналаа явуулж байгаа гэсэн?
-Маш олон санал хүсэлтүүд ирсэн. Зүгээр нэг хүсэлт гэхээсээ илүү өнөөдрийн нийгмийн энэ хүнд хэцүү байдлыг засаж боловсруулах талаар өөрсдийн боловсруулсан саналаа бидэнд их явуулж байна. Тэр нь их урам өгч байгаа. Монголчууд зөвхөн өнөө маргаашийн идэх хоолноос илүү хойч ирээдүй, улс орныхоо хөгжил цэцэглэлтэд санаа зовж байгаа нь манай ард түмнийг их сайхан сэтгэлтэй гэдгийг илтгэж байна л даа.
-Та цуглаанаа зохион байгуулахын өмнө өөрсдийн дуу хоолойгоо хүргэхийг хүсч байгаа хэдий ч эмээж байгаа хүмүүс байвал баг зүүж ирж болно гэж мэдээлж байсан. Цуглаанд баг зүүж ирсэн хүн байна уу?
-Энд багтай ирсэн хүн нэг ч алга. Ирсэн бүх хүмүүс өөрсдийнхөө байгаа байдлыг, амьдралаа нуулгүйгээр харуулахыг хүсч байх шиг байна. Энэ бол их эерэг сайн зүйл гэж бодож байна.
-Цуглаанд ирсэн хүмүүсийн олонх нь ахмадаад байх шиг байна?
-Тийм. Би бас тэгж хараад байна. Яагаад манай залуучууд өнөөдөр өөрсдийнхөө амьдрах нийгмийн талаар ярилцаж байхад ийм идэвхгүй байна аа. Сая индэр дээр гарсан нэг ахмад багш хэлсэн. Өөнөөдрийн залуучуудын амьдрах тэр эх орны тухай ярьж байгаа. Гэтэл одоо харж байгаа байх. 60, 70 хүрсэн ахмадууд л байгаа биз дээ. Үүнийг бид нар анхаарч харах хэрэгтэй. Залуучууд өөрсдийнхөө төлөө идэвхтэй хөдлөж амьдрах ёстой юм байна гэж хэлмээр байна.
-Хоёр өдөр зохион байгуулсан энэ тайван цуглааны үр дүн нь юу байх бол оо?
-Цуглааны үр дүн нь бичгээр гарна. Хүмүүсийн өгсөн саналуудыг нэгтгэж судлаад баримт бичгийн төсөл боловсруулж байгаа. Цуглааны төгсгөлд түүнийгээ танилцуулна.
-Таны энэ зохион байгуулж буй үйл ажиллагаа цаашид үргэлжлэх үү?
-Өнөөдрийн энэ үйл ажиллагаа зөвхөн цуглаан гээд дуусчихгүй. Үүнийг улс төрийн үйл ажиллагаа болгож илүү идэвхжүүлэхийн тулд зохион байгуулж байгаа хүний хувьд би үүрэг хүлээж ажиллана.
-Дараагийн зохион байгуулах үйл ажиллагаа нь ямар хэлбэрээр байх вэ?
-Тэрийг яг одоо шууд хэлэх боломжгүй. Дараа дараагийн үйл ажиллагаагаа төлөвлөнө. Би маргааш хэвлэлийн хурал хийхээр төлөвлөж байна. Цуглааны үр дүн, гаргасан баримт бичгийн талаар мэдээлэл хийж танилцуулах юм.
Г.Уянга: Цуглаанд багтай ирсэн хүн нэг ч байхгүй | ||
Үзсэн: 2707 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.