Шууд Chart

Г.Оюун-Эрдэнэ: Төгөлдөр хуур бол хамгийн баян хөгжим

2020-10-26 10:18:07

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, цагдаагийн хурандаа, яруу найрагч Л.Гаваасүрэн, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Д.Цэцэрлэг нарын дуучин охин Эрдэнэтунгалагийг уншигчид андахгүй. Тэгвэл түүний төрсөн дүү Оюун-Эрдэнэтэй энэ удаа ярилцлаа. Тэрбээр мөн л урлагийн хүн аж. Тодруулбал төгөлдөр хуурч, багш мэргэжилтэй.

-Хоёулаа яриагаа таныг хөгжимд дурлах болсон түүхээс эхэлье. Ээжээс тань ч улбаатай байж болох ...

-Зургаан настайдаа Хөгжим бүжгийн коллеж буюу одоогийн Монгол Улсын консерваторт элсэн орсон. Ээж маань л дагуулж очиж шалгалт өгүүлж байлаа. Хэдийгээр шалгалтдаа тэнцэж байсан ч яг хөгжимд дурлаад орсон гэвэл өрөөсгөл ойлголт юм. Гэхдээ гэр бүлээрээ уран бүтээлч учир үргэлж урлаг, уран сайхны талаарх яриа, дуу хууртай өссөн. Тиймээс тэр байдал энэхүү хөгжмийн урлагт нөлөөлсний зэрэгцээ ээж маань багш хүний хувьд намайг авьяастай гэдгийг олж харсан байх. Мөн мэргэжлийн хөгжимчин болгох, эсвэл цаашдаа ямар ч чиглэлээр явсан суурь хүмүүжлийг маань хөгжмийн боловсролтой болгох гэж дээрх сургуульд оруулсан болов уу. Харин яг сонгодог урлаг, тэр дундаа төгөлдөр хуурч мэргэжилд дурлаж энэ чиглэлээр суралцахад нөлөөлсөн зүйл бол олон сайхан багш нар минь байна даа. Консерваторт Монгол Улсын гавьяат багш, дэд профессор Чадраабалын Тунгалагийн удирдлага дор 12 жил, Москвагийн Гнесины нэрэмжит хөгжмийн академийг ОХУ-ын урлагийн гавьяат зүтгэлтэн Вера Борисовна Носинагийн удирдлагаар бакалавр, магистрийн зэрэгтэй сурч төгссөн.

-Урлагийн гэр бүлд өссөн хүмүүс “Уран бүтээлч болох л ёстой” гэсэн юм шиг үүрэг хүлээдэг бичигдээгүй хуультай байдаг бололтой. Гэхдээ танд үүнээс гадна хүсэл мөрөөдөл хөтөлсөн биз дээ ...

-Үүрэг авсан гэхээсээ илүү өөрийнхөө сонголтоор, хүслээрээ л явж байгаа. Өөр мэргэжил сонгох байсан ч урлаг дотроо л чиглэлээ өөрчилж хөдөлмөрлөх байсан.

-Сайхан дуучин бүсгүйн дүү юм чинь чамгүй дуулдаг байлгүй ...

-14, 15-тай байхдаа амьд хөгжмийн хамтлагтай байлаа. Ямар ч байсан өөрийнхөө хэмжээнд дуулдаг аа.

-Ээж тань таны мэргэжил, амжилтад хэр хатуу шаардлага тавьдаг вэ. Хүссэн хэмжээнд хүрч ажиллаж, хөдөлмөрлөж чадаж байна уу?

-Ээж маань ер нь шаардлага өндөртэй. Бид гурвыг тэр ч зарчмаараа өсгөж, хүмүүжүүлсэн. Мөн ээжээс гадна том эгч маань илүү хатуу. Юмыг хийвэл хийсэн шиг хийх чанрыг яс маханд минь шингэтэл ойлгуулсан. Түүнчлэн хөгжим бүжгийн коллеж гэсэн асар өндөр шаардлагатай сургуульд суралцсанаар багаасаа ачаалал дааж сурах, олон зүйлийг хийж бүтээх, амжуулах чадвартай, хийсэн зүйлээ чанартай дуусгах гэсэн дүрэмтэй болсон. Тиймээс ээж маань миний мэргэжил, ажил, амьдралын хувьд хатуу шаардлага тавьдаггүй ээ. Харин амралт ажлаа зохицуулж, өөртөө цаг гаргах хэрэгтэй гэж их хэлдэг. 

-Мөн аавынхаа баримтлах зарчим, зорилгодоо хүрэх байдлыг нь хэрхэн илэрхийлэх вэ?

-Аав бол ясны ажилч хичээнгүй хүн. Өдгөө 67 настай хэдий ч саяхныг хүртэл бүхэл бүтэн цагдаагийн “Сүлд” чуулгыг удирдаад явж байлаа. Нэг зүйлийг хийнэ гэсэн бол эцсийг нь үздэг. Тэгэхдээ өөрийн биеийг үл хайхран чин үнэнчээр ажилдаа, албандаа зүтгэдэг.

-Танай гэр бүлд ихэвчлэн уран бүтээлийн яриа өрнөдөг байх. Гэхдээ чөлөөт цагаараа тэс өөр зүйлд цаг зарцуулна биз дээ ...

-Чөлөөт цагаар ихэвчлэн өвөө, эмээ нь ач, зээтэйгээ л их цагийг өнгөрүүлдэг дээ. Хүүхдийн тухай ярихад нэг инээхэд нь л хамаг ажлын ядаргаа стресс тайлагддаг учир гэр бүлийн чөлөөт цаг тэр хүмүүст л ихэвчлэн зарцуулагдаж байна даа.

-Хувийн цуглуулга бий юу?

-Оюутан ахуй насандаа дэлхийд алдартай олон арван хөгжимчин, дотоодын уран бүтээлчдийн тоглолтыг үздэг байлаа. Мөн дурсгал болгож хамт зургаа татуулж, нотон дээр гарын үсгийг нь зуруулж авдаг байлаа. Энэ бүхэн л одоо миний цуглуулга болж дээ.

-ОХУ-ын Москва хотын Гнесины нэрэмжит Хөгжмийн Академийг ОХУ-ын урлагийн гавьяат зүтгэлтэн, профессор В.Б.Носинагийн удирдлага дор та суралцаж төгссөн юм билээ. Холын хүнээс үг сонс гэдэг л дээ. Монгол, ОХУ хоёрын сургалтын арга барил ямар ялгаатай байна вэ?

-Мэдээж ялгаатай тал олон бий. Гэхдээ манай улсын багш нарын ихэнх нь хуучин ЗХУ-д мэргэжил эзэмшсэн болохоор бүр илт өөр зүйл харагддаггүй. Харин тэндээс Монголынхоо сургалтад шингээх олон зүйл байсан. Намайг ирдэг жил Монгол Улсын консерватор магадлан итгэмжлэлд орох гээд хөтөлбөрөө шинэчилж байсан учраас өөрийн бодож явдаг зүйлсээ хөтөлбөртөө шингээх боломж гарсан. Одоо суралцаж буй хүүхдүүд маань бага багаар үр дүнг нь үзэж л байна.

-Гнесины нэрэмжит Хөгжмийн Академиас та тэндээс хүссэн зүйлээ олж авч амжсан уу?

-Боломжийнхоо хэрээр хичээж, мэрийхдээ бүх зүйлээс нь суралцах гэж таван жилийг ардаа үдсэн. Тэр хугацаанд олж авсан л гэж боддог. Гэхдээ буцаад оюутан ахуй цагаа, сургуулиа сандаг. Дахиад суралцах бодолтой байгаа.

-Та төгөлдөр хуурч, багш мэргэжилтэй. Консерваторийн мэргэжлийн төгөлдөр хуур болон цөөхүүл хөгжмийн нэгдлийн багшаар ажиллаж байгаа гэсэн ...

-Тийм ээ. 2018 оноос хойш ажиллаж байна.

-Ээж шигээ дууны шүлгэнд аялгуу бичих хүсэл байдаг уу. Эсвэл зөвхөн томоохон хэмжээний хөгжмийн бүтээл үү ...

-Бага болон өсвөр насандаа зохиосон 10 орчим дуу, хөгжмийн зохиомжоор суралцаж эхэлж байх үедээ бичиж байсан төгөлдөр хуурын пьеса, нэг дуулаачийн романс байдаг.

-Хэдийгээр төгөлдөр хуурч гэлээ бусад хөгжмийн зэмсгээр тоглох хүсэл байдаг уу?

-Гитар, хийл, бөмбөр сурах гэж оролдож байсан. Гэхдээ бүрэн сурч амжаагүй л байна. Одоо хэрвээ суръя гэвэл виоленчель (морин хийл) сурмаар байна.

-Төгөлдөр хуур тоглохын хамгийн сайхан нь юу вэ. Мөн энэ хөгжмийг юутай зүйрлэх вэ?

-Хамгийн баян хөгжим. Бүх хөгжмийн зэмсгийг орлон дуугаргах боломжтой. Тэр хэмжээгээр тоглох бүтээл, урын сангийн хувьд маш арвин. Мөн олон хоолойн зохиол их байдаг тул хөгжимчнөөс нарийн ур ухаан, мэдрэмж шаарддаг. Хөгжим сонсох мэдээж сайхан ч хөгжимдөж байгаа хүнийх шиг мэдрэмжийг бүрэн авч чаддаггүй байх гэж би хардаг. Тиймээс тэр сайхан мэдрэмжийг зөвхөн хөгжимчин хүн л мэдрэх боломжтой. Дэлхийн алдарт төгөлдөр хуурч В.Хоровицийн хэлсэн нэг гоё үг байдаг даа. “Төгөлдөр хуур бол анхан суралцагчдад хамгийн хялбар. Харин мэргэжлийн хөгжимчид, туршлагатай мастеруудын хувьд бол  хамгийн хэцүү хөгжмийн зэмсэг юм аа” гэж. Зарим талаараа бусад хөгжимтэй харьцуулахад даралтат хөгжим учраас хэн ч дуугаргах боломжтой, амархан мэт харагддаг боловч тэр даралтат хөгжим дээр олон янзын өнгө будаг, мэдрэмжийг гаргана гэдэг л хамгаас хэцүү байдаг юм аа.

-Төгөлдөр хуурчид хуруу гараа гэмтээхгүйн тулд хүнд хүчир ажил хийдэггүй гэсэн. Тэгэхээр зарим хүн “Гэртээ юу ч хийхгүй дээшээ хараад хэвтэж байдаг” гэж ойлгодог. Үүнд та юу гэж хариулах вэ?

-Зарим нь магадгүй тийм байж болох юм. Миний хувьд тийм байсангүй ээ. Гэхдээ хүнд хүчир юм зөөх, өргөх ажил хийж байгаагүй ч шаардлагатай үед хаана ч биеэ аваад явах хэмжээний өөрт оногдсон ажлаа хийсээр ирсэн. Ямар ч хөгжимчин хэн ч болсон байсан гэртээ хариад хүний эцэг, эх болсон хойно зүгээр хэвтэх боломж огтоос үгүй билээ.

-Ярилцсанд баярлалаа.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Г.Оюун-Эрдэнэ: Төгөлдөр хуур бол хамгийн баян хөгжим  
Үзсэн: 3556 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй