Шууд Chart

Нүүрсийг “алт” болгох ган зам

2020-10-27 16:36:06

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөл яригдаж эхлээд 10 гаруй жил болсон. 2013 онд эхэлсэн ч хоёр жил ажиллаад зогссон. Ингээд таван жил гацаанд байсан уг төслийг эхлүүлэх шийдвэрийг Засгийн газраас 2018 онд гаргаж, энэ оны хавар ажлаа эхэлсэн. Захиалагчаар “Тавантолгой төмөр зам” Төрийн өмчит хувьцаат компани, ерөнхий гүйцэтгэгчээр “Бодь интернэшнл” компани ажиллаж байна. Одоогоор доод бүтцийн ажил 98 хувьтай, дээд бүтцийн ажил 60 гаруй хувьтай явж байгааг гүйцэтгэгч компаниас мэдээллээ.

Тус төслийг монголчууд өөрсдөө хэрэгжүүлж байгаагаараа онцлог бөгөөд 383 инженер техникийн ажилтан, 1368 ажилтан 770 гаруй машин механизм ажиллаж байна. Доод бүтцийн ажил дуусах шатандаа орсон бол зам угсралтын ажил 60 гаруй хувьтай байна. Өөрөөр хэлбэл, Тавантолгой өртөөнөөс 130 гаруй км замыг угсарчээ. “Тавантолгой төмөр зам” компанийн Суурь дэд бүтцийн инженер н.Түвшинбаяр ингэж ярилаа.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам нь нэгдүгээр зэрэглэлийнх. Энэ утгаараа дэр бетон хоорондын зай ойр, ган төмөр нь залгаагүй байхаар хийж байна. Мөн доод дэд бүтцийн ажил ч хоёр гуравдугаар зэрэглэлийн төмөр замаас ялгаатай. 240 км үргэлжлэх энэ төмөр зам хоёр өтрөө, 6 зөрлөгтэй. 16 гүүр 126 хоолой, найман малын гарцтайгаар баригдах юм. Одоогоор ус зайлуулах хоолойн ажил дуусах шатандаа орсон бол гүүрний ажил 50 гаруй хувьтай байна. Өртөө зөрлөг бүр дээр суман шилжүүлэг хийгдэнэ. Өнгөрсөн долоо хоногоос суман шилжүүлгийн ажлаа хийж эхлээд байна. Энэ бол төмөр замын ажилд том алхам. Зам угсрахтай холбоотой материал хүлээгдэх зүйл гарахгүй учраас технологийн дагуу хурдан шуурхай тавихад л анхаарч байгаагаа инженерүүд хэлж байна. “Инкон” компанийн ерөнхий инженер н.Мөнхсайханы ярианд анхаарлаа хандуулъя.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг 2022 оны долоодугаар сард бүрэн ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Энэ замыг ашиглаж эхэлснээр жилд 30 сая тонн нүүрс тээвэрлэн экспортлох боломж бүрдэнэ. Ачаа тээврийн зардал өнөөдрийнхөөс 3-4 дахин буурна гэсэн тооцоо гарч байна. Улмаар манай улс экспортын гол бүтээгдэхүүн нүүрсээ ямар ч түгжрэлгүй гаргах ганц гарц нь энэ юм. Төслийг хэрэгжүүлэх УИХ, Засгийн газрын шийдвэрүүд гарсан, хөрөнгө оруулалт төлөвлөгөөний дагуу хийгдэж байгаа. Технологийн хувьд ямар нэгэн зөрчилгүй. БНХАУ-тай харилцан тохиролцож уулзварын цэгээ тодорхойлсон. Тодруулбал, өмнө нь Гашуунсухайт боомтын баруун талаар тавихаар төлөвлөж байсан бол одоо зүүн талаар нь хилийн 703 дугаар баганын ойролцоо хил давуулахаар болжээ. ТЭЗҮ-ийг өөрчлөхдөө уурхай дундуур тавих 8 км, хилийн боомт хүртэлх 30 гаруй км замын хөрсний судалгаа газар шорооны ажлын зардлыг нэмж тусгасан байна. Улстөрчдөөс олон нийтэд нарийн болон өргөн царгийн тухай буруу ойлголт өгсөн тал бий. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам өргөн царигаар тавигдаж байна. Улс орон бүр өөр өөрсдийн төмөр замын бодлоготой. Түүнийгээ өөрсдөө удирддаг байх ёстой. Тиймээс манай улсын дотоодын төмөр замын сүлжээтэй адил өргөн царигтай байна гэж шийдвэрлэсэн. Бид нүүрсээ тээвэрлээд хил давуулан Хятадын талд буулгаад буцна. Харин худалдан авагч тал цааш нь хэрхэн тээвэрлэхээ өөрсдөө шийдвэрлэнэ гэсэн үг. Тиймээс төмөр замын ажлаа цаг алдахгүй урагшлуулах нь чухал гэдгийг “Тавантолгой төмөр зам” компанийн захирал Н.Удаанжаргал хэлж байна.

Гашуунсухайт боомтын төмөр замаар жилд 30 сая тонн нүүрс экспортлох боломжтой. Ингэснээр Таван толгой бүлэг ордын уурхайнуудын олборлолтын хэмжээ 2-3 дахин нэмэгдэнэ. Тухайлбал, Эрдэнэс Тавантолгой компани энэ жил 13 сая тонн нүүрс экспортолж, 11 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөтэй ажиллаж байна. Тэгвэл Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замууд ашиглалтад орсноор олборлолтын хэмжээ 45 сая тоннд хүрэх боломжтой гэсэн тооцоог хийжээ.

Тэгвэл төмөр замын эдгээр төслүүд хэрэгжихгүй байх нэг эрсдэл нь хөрөнгө оруулалт. Төмөр замын хоёр төслийг Эрдэнэс Тавантолгой компаниас санхүүжүүлж байна. Энэ онд коронавирусны халдварт цар тахалтай холбоотойгоор оны эхний хагаст нүүрсний экспорт төлөвлөсөн хэмжээнээсээ 70 гаруй хувиар бага байсан. Энэ энэ төслийн хөрөнгө оруулалтад хүндрэл учруулж байгаа эсэхийг тодруулахад дараах хариултыг өглөө. ЭТТ-ын компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг ингэж ярилаа.

Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн санхүүжилтэд ямар нэгэн хүндрэл гарахгүй гэдгийг хөрөнгө оруулагч талаас мэдээлж байна. Дээрх төслүүд 2022-2023 онд дуусаж нүүрс тээврийн ажил эхэлнэ. Энэ үед ЭТТ компани жилд 40 гаруй сая тонн нүүрс экспортлох боломж бүрдэнэ. Нүүрсийг “алт” болгох ган замыг ийнхүү их говийн цэлгэр талаар монгол инженерүүд, монгол залуучууд дурайлгаж байна.

Нийтэлсэн: Д.Баяржаргал

Нүүрсийг “алт” болгох ган зам  
Үзсэн: 2050 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй