
Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан өнөөдөр Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Ж.Батзандангаар ахлуулсан ажлын хэсэг Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж УИХ-ын хаврын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлэн болжээ.
Энэхүү хуулийн шинэчилсэн найруулгад бүртгэлийн үйлчилгээг түргэн шуурхай болгох зорилгоор хуулийн этгээдийг бүртгүүлэхэд ажлын таван өдөр зарцуулдаг байсныг 24 цаг хүртэл багасгаж, хуулийн этгээдийн бүртгэлтэй холбоотой асуудлаар Хуулийн этгээдийн бүртгэлийн газар болон бусад байгууллагад биеэр зургаан удаа очдог байсныг нэг удаа очдог болгох зарчмын өөрчлөлтийг оруулсан байна.
Мөн хуулийн этгээд салбарын яамд, агентлагт бүртгүүлдэг байсныг Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт төвлөрүүлснээр бизнес эрхлэгчдийн хувьд ойлгомжгүй байдал, давхардлыг арилгана хэмээн үзжээ. Түүнчлэн хөрөнгө оруулалтын тухай хуулийн дагуу гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийг зөвхөн Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлдэг болохыг ажлын хэсгийн ахлагч Ж.Батзандан сэтгүүлчдэд танилцууллаа.
Мөн хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээг үнэт цаасан дээр хэвлэдэг өнөөгийн байдлыг халж, цахим хэлбэрт шилжүүлэн гэрчилгээг хаяж үрэгдүүлсэн тохиолдолд өөрийн онлайн данснаас шууд хэвлэх боломжтой хувилбарт шилжүүлж байгаа ажээ. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль батлагдсанаар мэдээллийн ил тод байдал бий болж, төрийн үйлчилгээ цахим хэлбэрт шилжин иргэд, аж ахуйн нэгжид түргэн шуурхай, хүндрэлгүй болно гэж ажлын хэсгийн гишүүд үзсэн байна.
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн талаар танилцууллаа | ||
Үзсэн: 1023 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.