
Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Улсын Их Хурлаас Тамхины хяналтын тухай хуулийг 2005 онд батласан. Гэвч тус хуулийн зарим зохицуулалт нь хүн амын эрүүл мэндийг урьдчилан сэргийлж хамгаалах, дам тахимдалтаас үүсэх сөрөг нөлөөг багасгах зорилтыг агуулсан боловч нийгмийн сэтгэл зүйг механикаар өөрчлөх, тамхийг дамлаж зардаг, тамхи татдаг нууц өрөө бий болгох зэрэг сөрөг үр дагавартай болж амьдралд хэрэгжихэд хүндрэл үүсгэсэн зохицуулалт болсон гэж хууль санаачлагч үзэж байгаа ажээ.
Түүнчлэн одоо дагаж мөрдөж буй хуульд заасанчлан ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байрнаас 500 метрийн дотор тамхи худалдахыг хориглосон заалт нь орон нутаг үүний дотор сумын төвийн дэлгүүр, худалдааны цэгт биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсч байгаа учраас 500 алхмын зайнд тамхи худалдахыг хориглохоор хуулийн төсөлд тусгасан байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүдээс асуулт асууж, санал хэлсэн. Гишүүдийн зүгээс Тамхины хяналтын тухай хууль цаг үеэ олсон, эерэг хууль болсон ч төгс хууль болж чадаагүй. Тамхи татахыг багасгах зорилго нь зөв зүйтэй ч ихэвчлэн хориглох, торгох, хаах зэрэг үйлдлүүдээр асуудлыг шийдвэрлэж, шаардах нь буруу. Тодорхой газрууд дээр тамхи таталт буурсан сайн талууд гарсан. Гэхдээ тамхи татдаг хүмүүсийн эрх ашгийг мөн давхар харах хэрэгтэй.
Түүнчлэн манай улсын нисэх онгоцны буудал тамхи татах цэггүй. Энэ нь олон улсын стандартыг зөрчиж байна. Хэтэрхий хатуу хууль хэрэгждэггүй. 500 метрийн дотор тамхи худалдаална гэсэн заалт ч бодит амьдралд хэрэгжихгүй байгаа. Иймд хэтэрхий туйлшралгүй, амьдралд нийцсэн, бодит байдлын төлөө явах хэрэгтэй гэсэн байр сууринаас хандаж байлаа.
Ингээд гишүүд асуулт асууж, санал хэлсний дараа хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих томьёоллоор явуулсан саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Чуулганы нэгдсэн хуралдаанд Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар танилцуулахаар боллоо.
Тамхины хяналтын хуульд нэмэлт өөрчлөлт оруулна | ||
Үзсэн: 1461 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.