Шууд Chart

Борц /Эсээ/

2020-11-04 09:50:38

Үүдний амбаарт өлгөсөн борцноос хоёр годгорыг авч цүнхлээд хичээлдээ явдаг байлаа. Сургууль орох замдаа зажилсаар идэж дуусгана. Заримдаа “танай борц амттай, манайх амттай” гэлцээд сургууль орох замдаа ангийнхаа хөвгүүдтэй холио солио наймаа хийнэ. Хөгшчүүл “түүхий борц идээд цагаан хорхойтой болно доо” гэж анхааруулах ч үл тооно. Тэгээд хэлсэн ёсоор нь цагаан хорхойтно. Хичээлд олон цагаар суух л жаахан хэцүү. Суудал дээрээ хавчигнахийг үзүүлнэ дээ. Харин орой нь нүдэж нунтагласан борцтой гурилтай шөл голдуу хийсэн байх. Хар тагшиндаа дүүргэж аваад бор ходоодоо божийлгоно. Өглөө нь борц хөвүүлсэн будаатай цайны үнэрээр сэрнэ. Өлбөрч өлсөж үзээгүй өссөн гэлээ ч борц гэдэг хатсан бор махны амт хүүхэд насны гэгээн бодол дурсамжийн нэгээхэн хэсэг болж хадгалагджээ. Эмээ минь дээлийнхээ хормой дээр борц жижиглээд тогоотой усанд хийж, самарна. Удалгүй гэр дүүрэн ер бусын гойд сайхан хоолны үнэр ханхална.

Хэдийгээр он цагийг нь бүрэн тогтоож одоо хүртэл чадаагүй ч өвлийн эхээр махаа борцлоод хаврын уртад хүнсэндээ хэрэглэдэг Монголчуудын энэ уламжлалт арга ухаан даруй 3000 жилийн түүхэнд тэмдэглэгджээ.

Эртний Хятадын түүхийн сурвалж бичигт талын нүүдэлчид хүнсэндээ хатаасан мах хэрэглэдэг тухай бичсэн байдаг гэнэлээ. Өвөө, өвөөгийн өвөө, бүр элэнц хуланцын үеэсээ бид махаа борцолж ирсэн байх нь. Одоо ч махаа борцолсоор л байна. Магадгүй ирээдүйд ч борцолно. Үл тасрах өв уламжлал, арга ухаан гэдэг нь ёстой энэ буюу. Энэ л урь идүүлж хатаасан махны талаар үнэн худал нь мэдэгдэхгүй олон янзын сонин хачин зүйл уншиж, сонсож явлаа.

Монголчуудын талаарх Хятадын эртний нэгэн түүхэн бичигт” тэдний хатааж ууталсан махыг олбоос хүнсэндээ хэрэглэж болно. Гэвч хоолондоо чимхийн төдий хийвээс зохилтой. Нэгэн удаа манай цэргүүд тэр махыг олж хэтрүүлэн хэрэглээд олноор гэдэс мушгирч үхэв” хэмээн бичсэн байдаг тухай эрдэмт ахаасаа сонсож байв. Мөн Хубилай хааны усан флот Япон тэнгист сүйрээд олон жилийн дараа уснаас гаргаж авсан жижиг арьсан богцны доторхийг шинжилбээс борц мах хадгалж байсан нь тогтоогдсон гэдэг юм. Тэгээд ч бидний дээдэс зөвхөн үхэр, тэмээ, ямааны махаа борцолж аян дайндаа авч явдаг байсангүй. Хойлогны мах хүртэл борцолж хатаагаад холын замдаа авч яваад харь дайсны мэсний шарх олсон үедээ идэж, хэдхэн өдөрт тэнхрэн босдог байжээ.

Энэ тухай бүр Чингис хаан зарлиг болсон мэдээ баримт ч бий гэнэлээ.

“Махыг жижиг жижиг нарийн зүсэж, нар, салхинд өлгөн хатаах ба тийнхүү давсгүй хатаасан мах нь ямар ч үнэр танаргүй сайхан борц болно” гэж тэртээ 13-р зуунд шашин дэлгэрүүлэх нэрээр явсан, тагнуулч лам Гильом де Рубрукийн ”Дорно этгээдэд зорчсон минь” номондоо тэмдэглэсэн байдаг юм. Ном ч юу байхав дээ, тагнуулын тайлан мэдээндээ шүү дээ. Ийм л эртнээс хийж хэрэглэж, биднийхээ хоол хүнсэнд бүрэн дасан зохицсон махан хүнсээ одоо цагт хор мэтээр өөлөн бичигчдэд өс санадаггүй ч ер би дургүй хүн.

Тэгж ярих юм бол бид мэт байтугай биднээс хол явж, нэр олсон зүйл маань борц.

Дунд сургуулийн багш минь нүд нь гялалзаж ирээд л “Монгол хүн сансарт ниссэн явдал бол гайхамшиг. Сансарын нисэгч маань огторгуйн уудамд борцоо аваад явсан юм. Одоо ч сансарын нисэгчид хүнсэндээ борц хэрэглэдэг “ гэхэд тэр үед үнэхээр бишрэмээр санагдаж, нарийн бүдүүн гэдсэндээ борцны цагаан хорхойтой ч түүнийгээ мартан баясан хөөрдөг байлаа. Хожим Ж.Гүррагчаа баатрын нэгэн өгүүллийг уншаад сансарт ниссэн борц махаараа үнэн бахархаж билээ.

Гурван сая биднээс цас мөсний орон өмнөд туйлд тийм ч олон хүн очоогүй. Миний мэдэхээр цаг уурын инженер Ж.Цэрэнпэлэг гуай л тэнд очиж ажиллаж, амьдарч байхдаа олон улсын эрдэм шинжилгээний багийнхандаа борцтой шөлөө хийж өгөөд, өнөөдүүл нь амт шимтийг нь шагшин магтаж гадны тэр олон судлаачид Монголчууд биднийг бишрэн хүндэлсэн гэдэг. Манай нэртэй сайхан хүнс судлаач Ж. Октябрь гуайн нийтлэлээс энэ тухай уншаад одооны багачуулын элбэг ярьдгаар үнэхээр “омогшсон” гэж байгаа. Ж.Октябрь гуай тэрхүү нийтлэлдээ” 214 гр борц 1 кг ястай махтай тэнцэнэ. Борц нь химийн найрлага, илчлэг чанарын хувьд шинэ махнаас дутахааргүй болохыг манай эрдэмтдийн судалгаа харуулж байна. Тухайлбал, борцолсон махны хуурай үлдэгдлийн 80 орчим хувь нь уураг байдаг учир амьдралд хэрэгцээтэй олон тооны амин хүчлээр элбэг болохыг эрдэмтдийн хийсэн судалгаа нотолжээ” хэмээн шинжлэх ухааны талаас нь шинжлэн бичсэн байв. Бас хар багаасаа ном бүтээлийг нь шимтэн уншдаг байсан эрдэмтэн Г.Гонгоржав гуай “Борц нь 3-5 сарын хугацаанд бэлэн болно. Сайн болсон борц ястай махнаас 4 дахин хөнгөн, чийг нь 7.5%-аас ихгүй, сэвсгэр зөөлөн болсон байна. Тэмээ, үхрийн борцонд чийг 4.8-7.1, уураг 65-89, тослог 12.5 хувь байдаг байна” бичсэнийг уншсанаа тэмдэглэлийн дэвтрийн буланд тэмдэглэсэн байснаа олж харав. Борц маань ямартаа ч шинэ махнаас үл дутах шим тэжээлтэй ажээ. Сансар эзэмшсэн, цөмийн физик, нанотехнологи зэрэгтэй харьцуулж хэлэхгүй л дээ, гэхдээ мах борц боловсруулах арга ухаан бол эртнээс бидний нээсэн шинэ нээлт яах аргагүй мөн. Тэр л цагаас би борцыг хатсан бор мах гэхээсээ илүү даяар монголчуудын хүн төрөлхтөнд бэлэглэсэн хүнсний технологийн нээлт гэж харах болов. Нээлт гэснээс бас амталж шарсан мах байна. Манай дээдэс баатрууд бамбайгаа хөмөрч гал дээр тавиад л махаа шарж иддэг байжээ. Одоогийн барбикью чинь тэр. Үнэндээ шорлог мах чинь Кавказынх биш анхнаасаа биднээс үүдэлтэй юм. Шашлык гэдэг нь шорлог юм шүү дээ. Нууц товчоонд минь хүртэл шорлог гэсэн үг орсон нууц яриа буйг Ш.Гаадамба гуайн номноос олж уншаарай л даа.

Ер нь махыг янз янзаар боловсруулж зооглох нь эртнээс “махсаг” бидэнтэй илүү холбоотой байж таарна.

Славянчуудын “борш” хэмээх шөл байна. Түүхэн хэл зүйн талаасаа” борц-борш” хоёр шууд холбоотой гэж би хэлж мэдэхгүй. Бас манай борцтой шөлний нэр тэнд тэгж хувираад явж буйг хэн үгүйсгэж чадах билээ. Лав л орос хэлний толь бичигт борш гэдэг үгийн гарлыг тодорхой хэлсэн зүйл, тодорхой утга байхгүй. Түүхэнд нь ч тэр 13-р зууны үеэс холбогдуулж бичсэн байдаг юм. Украйн, Польш хавиар дэлгэрсэн борш шөлийг яаж хийдгийг нь сонирхоод харж байхад яах аргагүй л манай талын тос өөх, холио хутгаа л яваад байх шиг байдаг юм. Эрхэм мэргэн уншигч та бүхэн энэ этгээд ёстой хальж хатуурч байна даа гэж бодож байж болох юм. Тэгвэл судлаач Б.Энх-Өлзий нэгэн өгүүлэлдээ ийнхүү бичжээ. “Тухайлбал буурч гэх тогооч нар гол мөрөн, худаг устай буудаллах газраа товлон давхиж хүрээд хүрээгээр буухад зохицсон олон анги гал түлж түүндээ чулуу улайсган хүлээдэг аж. Буудалласан цэргүүд өөрийн модон аягаа гаргаж ус дүүргээд халуун чулууг хийж буцалган борцоо хийж, ойр хавиасаа шимтэй ургамал ногоогоор /тухайлбал зэрлэг сонгино, хөмөл, таана, халиар г.м/ амталж хоол болгон иддэг байжээ. Энэ нь орчин үеийн БЭЛЭН ХООЛ /Hot dog/-ны эхлэл юм” гэсэн байна. Түүний бичсэнээр” бэлэн хоол” л лав манайх болж байна. Түүнтэй адил борш гэдэг нь борцтой шөлний маань “дүү” хувирал явж байхыг яаж мэдэхэв. Гэхдээ энэ бол зүгээр л таамаглал төдий гэдгийг бодоорой.

Сонин юм шүү. Борц нь яах аргагүй “-бор”-“борлох” гэдэг монгол үгийн язгуур атал Борц нэртэй хүн лав өнөөгийн “Монголын хүн ам, өрхийн мэдээллийн санд” бүртгэгдээгүй байгаа юм. Одоохондоо Борц гэдэг нэртэй нэг ч монгол хүн байхгүй л гэсэн үг. Гэтэл Польш, Литви, Украйн, Орос улсад Борц нэртэй хүмүүс цөөнгүй байдаг юм билээ. Шууд л манай борцны нэрээр нэрлэсэн гэж гөрдөх гээгүй. Зүгээр л сонирхуулахад тийм байна. Саяхандаа оросын кино урлагийн сайтад Николай Борц гэдэг залуу найруулагчийн олон ангид киноны талаар бичсэн шүүмж хэвлэгдсэн байсан юмдаг. Тэгээд цааш нь сонирхоод хайсан чинь Борц гэдэг нэртэй хүүхдийн зохиолч бас байдаг юм билээ. Сонин юм шүү.

Харин намайг залууд ах дүүс, амраг садан “борц шиг бор юм” гэдэг байлаа. Бодвол харваас туранхай хар юм явсан болохоор тэгж дуудах. Одоо ч тарган цагаан юм алга. Тэгээд ч Я.Цэвэл абугайн монгол хэлний тольд энэ үгийг “урь идүүлж хатаасан мах, - хатингар туранхай” гэсэн үндсэн болон шилжсэн утгаар тайлбарласан байдаг юм. Хэдэн жилийн өмнө олон улсын зохиолчдын сургалтанд гурван сар суухаар харь орныг зорив. Аяны богцондоо хэдэн гозгор борц гялгар уутанд хийгээд ёроолд нь нуув. Хил гаалийн газарт нэг муу тарвага шиг тагтгар шар нохой шинжилсээр байгаад нуусан борцыг минь олж, цүнх савыг минь эзэд нь хайр найргүй зад татаад хураагаад авчихаж билээ. Арай л алаг нүдний нулимс асгараагүй. Хүний газар хүнсээ хураалгах ямар олиг байх вэ дээ? Тэр газар хэдэн сар суухад ууттай хэдэн гозгор борц минь л бодогдсоор байж билээ. Хүний нутаг, гүний хошууд тэгэхээр бид эх орон, эцэг эхээсээ дутахгүй муу борцоо их санадаг л байж таарах нь. Монгол хүний мөн чанар гэвэл арай л дэндүүлсэн болох тул энэ хүрээд зогсов.

Өглөө эртээ босоод өвлийн эхээр л говийн нар салхинд хатаасан ямааны борцоо хугалаад будаатай цайндаа хийж үйв. Үнэр нь гэр дүүрээд л сэтгэлд өег сайхан байлаа. Үнэндээ хуршсан мах идээд ходоод гэдэсний хэцүү нэрт өвчин тусаад үхдэг байсан ч борцноосоо л би лав буцахгүй.

Гарцаагүй Пүрэвхүүгийн Батхуяг

2020 оны 4 дүгээр сарын 20


Борц /Эсээ/  
Үзсэн: 2810 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй