
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд гэр хороололд амьдарч буй 172 мянган өрх бий.
Эдгээр өрх бүрийн зуухны бүрэн бүтэн байдал, угаар мэдрэгчийн ажиллагаа, нүүрсний аюулгүй хэрэглээ, угаартах үед авах анхан шатны арга хэмжээ зэргийг хангуулахаар нийслэл, дүүрэг, хороо болон хэсгийн ахлагч нар хяналт тавин ажиллаж байна.
Нийслэлийн хэмжээнд гарч буй объектын гал түймрийн нөхцөл байдал, гал түймэр, угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Д.Хадбаатар, Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар нар мэдээлэл өглөө.
Он гарсаар нийслэлийн хэмжээнд 1942 удаагийн объектын гал түймэр гарсан. Гал түймрийн дуудлагаар НОБГ-ын алба хаагчид ажиллаж иргэн, ААН, байгууллагын 260 гаруй тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, угаартаж болзошгүй 2800 гаруй иргэнийг гал түймрийн голомтоос гаргасан. Гал түймрийн улмаас 18 хүн түлэгдэж 19 хүн нас барсан. Нийт дуудлагын 60 гаруй хувийг гэр хороололд гарсан гал түймэр эзэлж байна. Эдгээр гал түймрийн дийлэнх нь яндангийн цонолт, пийшин зуухны аюулгүй ажиллагаа, цахилгааны аюулгүй байдал зэргээс болж байгаа учир зөрчлийг арилган иргэдэд заавар, зөвлөгөө өгч байна. Мөн угаарын хий мэдрэгч төхөөрөмж байрлуулаагүй айл өрхүүдэд хий мэдрэгч суурилуулж байна. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй зэрэг шалтгаантай айл өрхүүдэд баг ажиллуулан янданг хөөлөх зэргээр аюулгүй байдлыг хангуулж байгаа талаар НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Д.Хадбаатар хэллээ.
Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар “9 дүгээр сар гарсаар нийслэлд угаарын 49 дуудлага бүртгэгджээ. 152 иргэн угаарын хийн хордлогод өртсөн. Угаарын хийн хордлогод өртсөн тохиолдол бүрийн шалтгаан нөхцөлийг тодруулж буй. Тодруулбал,
• Яндаагаа хөөлөөгүй 2 өрх
• Зуухны битүүмж алдагдсан 7 өрх
• Яндан зуухаа салгаж өрхөө бүтээсэн 35 өрх
• Зуух яндан гэмтсэн 3 өрх
• Яндангийн сойлтоо хаасан 2 өрх байна.
Тус 49 өрхийн 38 нь угаарын хий мэдрэгчгүй байсан.
НЭМҮТ-өөс гурван хүн угаартаж амиа алдсан талаар мэдээлсэн. Энэ бол ташаа мэдээлэл. Хоёр иргэн галд өртсөн. Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг айл өрхүүдийг угаарын хий мэдрэгчээр хангах, хяналт шалгалт хийж ажиллаж байна. Мөн тухайн өрх угаарын хийн эрсдэлд өртсөн тохиолдолд HOTULA аппликейнээр дамжуулан бүх гишүүдэд мэдээлэл хүргэдэг болгохоор ажиллаж байна. Хэдийгээр түлш унтарсан мэт харагдаж байж болох ч нягтруулан шахсан байдаг учраас голдоо шатаж дуусаагүй байдаг. Угаарын хий өнгө, үнэр амтгүй. Шахмал түлшийг сар бүр шинжилж стандартын шаардлагыг бүрэн хангуулж байж борлуулалтад гаргадаг. Иргэдийг яндан, пийшингээ хөөлөх, зуухныхаа бүрэн бүтэн байдлыг хангах, бороотой өдөр яндангаа сугалж өрхөө бүтээхгүй байх, аюулгүй байдлаа бүрэн хангахыг уриалж байна. Холбогдох байгууллагуудын зүгээс боломжит бүх арга хэмжээг авч ажиллаж байна” гэв.
Д.Мөнхбаатар: Угаарын хийн хордлогод өртсөн тохиолдол бүрийн шалтгаан нөхцөлийг тодруулж байна | ||
Үзсэн: 127 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.