Шууд Chart

Нийгэм, эдийн засгийн хөгжлийн урт хугацааны зорилтыг хангахад төрийн байгууллагын санхүүгийн менежментийн шинэчлэл чухал нөлөөтэй

2020-11-05 16:53:28

Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн ерөнхийлөгч Б.Түвшин эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клубын гишүүдтэй “Улсын секторын санхүүгийн менежмент, шинэчлэл” сэдвээр өглөөний уулзалт хийлээ. Улсын секторын санхүүгийн менежментийн шинэчлэлийг манай улсын хувьд зайлшгүй хийх хэрэгцээ шаардлага үүсээд байна. Үүнийг улсын төсвийн үр ашиггүй зарцуулалт, инфляцийн тогтворгүй байдал, гадаад өрийн дарамт, төрийн албаны данхар бүтэц, авлигатай холбоотой гарч байгаа олон асуудлаас харж болох юм. 2021 оны төсвийн төслийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэж байгаа энэ үед дээрх уулзалт болж байгаа нь онцлог. Ирэх жилүүдэд эдийн засгийн амаргүй сорилт, бэрхшээл манай улсын өмнө тулгарч болзошгүй байна.

Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт нь Олон улсын нягтлан бодогчдын холбоо болон Ази, Номхон далайн орнуудын нягтлан бодогчдын холбооны гишүүн Монгол Улсад эдгээр холбоодыг төлөөлөн ажиллах эрх бүхий мэргэжлийн байгууллага бөгөөд одоогийн байдлаар 4800 орчим мэргэшсэн нягтлан бодогч гишүүнтэй, 139 аудитын компанийг эгнээндээ нэгтгэсэн, Монгол Улсын бүх аймаг, дүүрэгт 30 салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. ММНБИ-ийн гишүүдийн 40 орчим хувь нь төрийн байгууллагад ажиллаж байна. Үүнээс гадна ММНБИ-ийн гишүүн байгууллага болох аудитын компаниуд төрийн аудитын байгууллагын захиалгат ажлын 3/1 хувийг гэрээгээр гүйцэтгэдэг байна. Иймээс тус институт мэргэжлийн байгууллагын хувьд улсын секторын санхүүгийн менежментийн шинэчлэлд өндөр ур чадвартай санхүүгийн мэргэжилтнүүдийг сургах замаар хамтран ажиллах боломжтой гэж үзэж байгаагаа Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн ерөнхийлөгч Б.Түвшин хэллээ. Ингээд уулзалтад ирсэн сэтгүүлчид сонирхсон асуултаа асууж, дараах хариултыг авлаа. 

-Төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн байгууллагад шилжүүлж эхэлсэн. Танай байгууллагын хувьд төрийн ачааг үүрэлцэхэд хэрхэн оролцож байна. Үүнд ямар менежмент хэрэгжүүлж байгаа вэ?

-Энэ бол олон улсад хэрэгждэг зөв тогтолцоо. Манай улсын төрийн бус байгууллагууд энэ чиглэлд ажиллах хүсэл эрмэлзлэл байдаг ч төсвөөс мөнгө аваад үйл ажиллагаагаа явуулахыг гол зорилго болгоод байгаа зүйл ажиглагддаг. Манай институтийн тухайд арай өөр. Мэргэжлийн гэдэг статусаа эрхэм болгож ажиллана. Тухайлбал, улсын секторын санхүүгийн менежментийг сайжруулах нь төрийн хийх ажил мөн үү гэвэл мөн. Гэхдээ бид энэ ажлыг төр хийх ёстой гээд орхилгүй санаачлан хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Энэ ажлыг Засгийн газар хийж болно. Авууштай үр дүн ч харагдахыг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ удаагийн Засгийн газар хийлээ гэхэд дараагийн Засгийн газар гарч ирээд нөгөө хийж байсан ажлыг нь орхигдуулах, мэргэшсэн хүмүүсийг нь солих, шилжүүлж ажиллуулах зэргээр үгүй хийх эрсдэл өндөр. Харин манай байгууллага уг ажлыг барьж авснаараа тасралтгүй үргэлжлүүлэх боломжтой гэж харж байгаа юм. Бид аль ч Засгийн газар гарч ирсэн санхүү, нягтлан бодох салбарт ажиллаж байгаа хүмүүсээ мэргэшүүлэх, нийгэмд чиглэсэн ойлголт мэдээллийг сайжруулах чиглэлд ажиллана. Улсын секторын санхүүгийн менежментийг сайжруулах ойлголтыг мэргэжлийн хүмүүс, гишүүддээ хүргэхээс гадна яагаад нийгэмд, олон нийтэд өгөх ёстой вэ гэхээр урт хугацаанд тасралтгүй хөгжих тогтолцоог бүрдүүлэхийн тулд хийж байгаа алхам гэж ойлгож болно.

-Санхүүгийн дата бааз төлөвлөлт хийхэд чухал гэдгийг та хөндөж байсан. Энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч. Хоёрдугаарт аудит болон хяналтын чиглэлд ажиллаж байгаа хүний нөөцийн хүрэлцээ, чадавх ямар түвшинд байна вэ?

-Нэгдүгээрт, төлөвлөлтийн үйл явц өөрөө тасралтгүй явагдаж байдаг зүйл. Ингэхдээ тоон үзүүлэлт, анализ дээр суурилсан шинж чанартай байдаг. Тэгэхээр төлөвлөлтийн процессын нэг хэсэг нь дата бааз. Аливаа байгууллага төсөв төлөвлөгөөгөө боловсруулахдаа дата баазаа ашиглах нь. Ингэхдээ дата баазаа ашиглаад ерөнхий чиг хандлагаа гаргаж чадахгүй байна. Тухайлбал, манай улсын сургуулийн насны тэдэн хүүхэд байна. Үүнд ЕБС тэд байх ёстой. Ирэх жил тэнд, тэнд сургууль барина гэдэг зүйл тодорхой байх ёстой. Тэгэхгүйгээр төсөв батлахдаа аль нэг гишүүний саналд тулгуурлан баталж ирсэн нь энэ асуудал он удаан жил үргэлжилж байгаагийн илрэл. Сэтгүүлчид төсөв хэлэлцэж байхад УИХ-ын гишүүний гаргасан зарчмын зөрүүтэй санал дэмжигдэж байгаа эсэхээс илүүтэй. Тухайн асуудал өмнө нь яригдаж байсан эсэх, нөхцөл байдлын судалгаа дүгнэлт нь яаж гарсан зэргийг анзаарч хардаг байх хэрэгтэй байна.

Хоёр дахь асуултад хариулт өгөхөд санхүү хяналт, аудитын салбарт ажиллаж байгаа мэргэжилтнүүдийг чадавхжуулах шаардлага бий. Үндэсний аудитын газар, манай институтээс сургалт хөтөлбөрийг шинэчлэн сайжруулах талаар ярилцаж байна. Сангийн яамнаас ч гэсэн энэ чиглэлд тодорхой төлөвлөгөө гаргаж байгаа бид үүнд нь саналаа хүргүүлсэн. Нягтлан бодох бүртгэл, төлөвлөлтийн талаар улсаас баримтлах бодлого гээд хийх ажлын төлөвлөгөө нь гарчихсан байдаг. Төсөв санхүү нь ч байдаг. Гэхдээ бид энэ хийх ажлын төлөвлөгөөгөө жил бүр шинэчилж байхгүй бол олон улсад байнга шинэчлэгдэж байдаг зүйл. Бид хийх ажлаа энэ жил төлөвлөж батлаад гурван жил өнгөрөхөд гурван жилээр хоцорчихсон явж байдаг. Тиймээс сургалт, сурталчилгааны ажлыг тогтмол явуулах нь мэргэжлийн байгууллагын байнгын хийх ажил.

-"COVID-19" халдвараас шалтгаалан бүхий л үйлчилгээ цахимжиж байна. Төрийн байгууллагууд цаасан тайланг халж эхэлсэн. Технологийн дэвшлийн энэ үед танайх ямар санаачилга гарган хэрэгжүүлж байгаа вэ?

-"COVID-19" цар тахлын нөхцөлд хэр зохицож байгаагаар нь байгууллагын менежментийн ур чадварыг тодорхойлж болохоор байна. Сургалт, семинар, шалгалт, хичээлүүдээ онлайн хэлбэрт шилжүүлэхээс эхлээд өөрчлөлт шинэчлэлт бий болж байна. Ази, Номхон далайн бүсийн орнуудад сайн туршлагаасаа хуваалцах таван байгууллагын нэгээр манай институт нэрлэгдэж байгаа нь чамлахааргүй үзүүлэлт. Цаашид онлайн болон цахим технологи дээр суурилсан үйл ажиллагаануудаа улам идэвхжүүлэх бодлого барьж байна. Бид дэлхий дахинд ямар соёл урсгал нэвтэрч байна тэр бүхнийг суралцах, бусдадаа хуваалцаж байх шаардлага бий болсон. Өнөөдөр мундаг мэдлэг боловсролтой болчихлоо гээд маргааш гэхэд хоцрогдсон байх эрэн үед бид амьдарч байна. Тиймээс гишүүн байгууллагууд, мэргэшсэн нягтлан бодогчид маань өөрсдийн кодоороо нэвтэрч ороход өнгөрсөн хугацаанд үзсэн хичээл болон мэдээллүүд нь өнөөдрийнхтэйгөө байж байгаа. Бид сүүлийн гурван жилд санхүү нягтлан бодох бүртгэл үнэн байх, шударга байх, хөгжлийн бодлогуудтай уялдсан байх гэдэг ойлголтыг гишүүддээ өгөхөөс гадна олон нийт, нийгэмд өгөх чиглэлээр тодорхой алхам хийж байна.   

-Төсвийн ил тод байдал, төсөв боловсруулах үйл явцад танай байгууллага хэр оролцоотой байна вэ?

-Бид улсын санхүүгийн салбарын менежментийн төсөл хэрэгжүүлнэ, сайжруулна гээд зарлангуут төрийн шилэн данс, санхүү рүү шууд орох нь гэсэн ойлголт авч эхэлдэг. Бид тэгэхгүй. Мэргэжлийн байгууллага яаж ажиллах ёстой вэ гэхээр гишүүд, олон нийтийг хөгжүүлэх замаар оролцоно. Өөрөөр хэлбэл, бид улстөржөөд, аль нэг Засгийн газрыг дэмжээд эхэлбэл мэргэжлийн гэдэг утгаа алдана. Төсөв ил тод байх ёстой гэсэн чиглэлээр бид маш олон сургалт зохион байгуулна. Мэдлэг өгөх, туршлага өгөх замаар ажиллана. Бидний статус бол мэргэжлийн байдлаар оролцох. Аль ч Засгийн газар, аль ч намын үед бид мэргэжлийн гэдэг утгаар дэмжиж ажиллах ёстой. Манай мэргэжил намчирхаад, улстөржөөд байдаггүй учраас гишүүд, олон нийтийг хөгжүүлж л оролцоно. Санхүүгийн тайлан гаргана гэдэг өнөөдөр дурын хүмүүсийн ажил болчихсон байсан. Хэн ямар тайлан гаргасан, түүний хариуцлагыг хэн хүлээх вэ гэдэг асуудал болжээ. Энэ үүрэг, хариуцлага нь ММНБИ-д хуулиар олгогдсон. Буруу, зөвийн хариуцлага биш. Тэр хүн мэргэжлийн байх ёстой, бүртгэлтэй байх ёстой гэдэг утгаар хариуцлага яригдана.

-ФАТФ-ын саарал жагсаалтын талаар юу хэлэх вэ?

-Мөнгө угаах, терроризмтой тэмцэхтэй холбоотойгоор мэргэжлийн байгууллагуудыг татаж оролцуулсан ажлын хэсэг байгуулагдсан. Манай институтээс нэлээн өргөн бүрэлдэхүүнтэй баг оролцсон. Дүрэм журам боловсруулж, хамгаалахад оролцсон. Мөн Мөнгө угаах, терроризмтой тэмцэх асуудалд манайх нэлээн голлох үүрэгтэй оролцож байна.

-Та эдийн засагчийн хувьд ирэх онуудын санхүү, эдийн засгийн байдлыг хэрхэн төсөөлж байна вэ?  

-Мэргэжлийн эдийн засагчийн хувьд хэлэхэд, Монгол Улс төсөв санхүүгийн асуудлаа улс төрчдөөс холдуулах хэрэгтэй болоод байна. Аль ч намын үед иргэд, нийгэмдээ нэг их сайн болж харагдах гээд улсаа хохироогоод байна. Энэ "попорсон" төсвүүд биднийг ядуурал, валютын ханшийн өсөлт, гадаад өр гэсэн дөрөв, таван зүйлээр хэмжиж байна. Өнгөрсөн хугацаанд бид ямар ч хяналтгүй ийм байдалтай явсаар ирсэн. Өмнөх цоорхойнуудаа нөхөөд явсаар байвал хэзээ нэгэн цагт маш өндөр зардалтай төсөвтэй, элгээрээ газар хэвтэх учраас төр засаг ирэх жилүүдэд бүтээмжтэй эдийн засаг бий болгох чиглэлд зоригтой шийдвэр гаргаасай гэж бодож байна. 2021 оны төсвийн хувьд алдагдал их, ямар ч бүтээмж харагдахгүй, өмнөхүүдээс нэг их ялгаагүй, өнгөлөн далдалсан төсөв болсон харагдаж байна. Сонгуулиуд дууссан, одоо хүнд байдал руу орж байна. Төсвийн хөрөнгө оруулалт, тэр дундаа бонд болон зээлээр бий болгосон хөрөнгийг үр ашигтай төсөлд л зарцуулах зарчим баримтлах хэрэгтэй. Гэтэл өнгөрсөн жилүүдийн туршлагаас харахад дандаа үр ашиг нь хэзээ бий болох нь мэдэгдэхгүй зүйлд зарцуулж байгаа нь бид хэзээ гадаад өрийн дарамтаас гарах вэ гэдэг нь дараа дараагийн Засгийн газрын "толгойны өвчин" болж үлдэх л нөхцөл ажиглагдаж байна.

-УИХ-ын чуулганаар Хувийн тэтгэврийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэхээр боллоо. Бодит амьдралд хэр нийцсэн хуулийн төсөл болсон гэж бодож байна вэ?

-Мэдээж шинэлэг сайн зүйлүүд орж ирсэн. Зарим нэг зүйлүүдийг багцаар нь гүйцээж оруулах шаардлагатай гэж бодож байна. Хамгийн түрүүнд улсад төлж буй даатгалаас хоёр хувийг аваад сан байгуулъя гэдэг санаа бол сайн. Гэхдээ эрсдэлтэй. Манай улсын хувьд хөрөнгө оруулалт хийх боломж байхгүй. Ерөнхийдөө Монголын эдийн засгийн суурь сул харагдаж байна. Энд тогтолцоогоо маш сайн шийдмээр харагдаад байгаа юм. Гурван тогтолцооны асуудал яригдаж байгаа. Хамгийн түрүүнд, ямар ч монгол хүн тэтгэвэрт гараад тураад үхчихгүй байхаар зохистой хэмжээний тэтгэвэр авдаг байх ёстой. Хэр хэмжээний хураамж төлсөн, төлөөгүй нь хамаагүй. Арай илүү төлж байгаа хүмүүс нь бас ойлгодог байх хэрэгтэй. Хоёрдугаарт, нэрийн дансаар их төлвөл их авдаг байх. Гурав дахь нь, сайн дурын тэтгэврийн тогтолцоо. Энэ тогтолцооны системээ зөв хийж өгөхгүй бол болохгүй. Энэ санал санаачилгыг зогсоохгүйгээр дутуу байгаа зүйлүүдээ гүйцээх хэрэгтэй. Зарим нэг нь яг байгаа төслөөр нь батлаад өг гээд байгаа, энэ нь эрсдэлтэй. Нөгөө хэсэг нь хойшлуулъя, яамны боловсруулж буй төсөлтэй цугт нь оруулж ирье гэж байна.

-Танай институтийн 4800 гишүүний 40 хувь нь төрийн байгууллагад ажилладаг гэлээ. Тэднээр дамжуулаад төсвийн үр ашгийг нэмэгдүүлэх боломж бий юу?

-Боломжтой. Тэр хүмүүст хүч өгч, мэргэжлийн хүрээнд хийх төслүүдийг бид хийх хэрэгтэй. Зарим нь мэргэжлийн ур чадвар хүрсэн ч улс төрийн хүч мэдрэг байгаа тогтолцооноос болж нөлөөлж чаддаггүй. Бид нийгэм рүү хандсан мэдлэг, ойлголт өгч байж энэ чиглэлээр ажиллах боломжтой болно. Нийгэмд хандсан мэдлэг мэдээлэл олгоход сэтгүүлчдийн оролцоо чухал.

Нийтэлсэн: Д.Баяржаргал

Нийгэм, эдийн засгийн хөгжлийн урт хугацааны зорилтыг хангахад төрийн байгууллагын санхүүгийн менежментийн шинэчлэл чухал нөлөөтэй  
Үзсэн: 2565 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй