Шууд Chart

О.Баасанхүү гишүүний хуулийн төсөл дэмжигдсэнгүй

2014-04-24 12:26:23

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлуудын ээлжит асуудал болох Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү өргөн мэдүүлсэн юм. Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү хийсэн бол Хуулийн төслийн талаарх Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар танилцуулсан.
 
Тус хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж санал бодлоо хэлцгээлээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн С.Баярцогт болон Г.Уянга нар Тамхины хяналтын тухай хууль бол сайн хууль учир үүнийг өөрчлөх хэрэггүй гэсэн байр суурьтай байсан бол С.Оюун гишүүн О.Баасанхүү гишүүний санаа нь зөв хэдий ч арга нь буруу байна. Нэг жижиг санаа нэмэхийн тулд хуулиа буцаах хэрэггүй. Түүний оронд журмаар зохицуулж болно гээд энэ хуулийн төслийг дэмжээд хэрэггүй гэж гишүүдэд уриалсан юм.
 
Харин УИХ-ын гишүүн Д.Ганбат Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороог уг хуулийн төслөө эргүүлэн татах хэрэгтэй гэв.
 
УИХ-ын гишүүн Ч.Содбаатар Тамхины хяналтын тухай хуулийг сайн хууль гэдгийг хэлээд тамхи татах тусгайлсан өрөө гаргах асуудлыг дэмжиж байгаагаа хэлсэн бол О.Баасанхүү гишүүний санаачилсан алхмын асуудлыг олон улсын жишигт нийцүүлж метрээр хэмждэг болох хэрэгтэй гэсэн юм. Мөн тэрээр тамхины хууль бус худалдаа манай улсад их байгаа гэдгийг хэлсэн юм.
Харин ажлын хэсгээс тамхины хяналттай холбоотой хууль бус худалдаа байхгүй гэж хэллээ.
 
Үүний дараа УИХ-ын гишүүд саналаа хэлсэн бөгөөд УИХ-ын гишүүн С.Баярцогт, Д.Арвин, Г.Уянга нар О.Баасанхүү гишүүний санаачилсан хуулийн төслийг дэмжихгүй байгаагаа хэлсэн. Гишүүд Тамхины хяналтын тухай хуулийг ард түмэнд сайн хүрсэн хууль учраас үүнийг өөрчлөх хэрэггүй гэлээ.
 
Ийнхүү гишүүд хэлэлцсэний дараа уг хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжсэнгүй. Тиймээс хуулийн төслийг санаачлагчид нь буцаалаа.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

О.Баасанхүү гишүүний хуулийн төсөл дэмжигдсэнгүй  
Үзсэн: 819 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй