
Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр "Ерөнхий сайдын 30 минут" уулзалтын үеэр сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
- Та өнгөрсөн долоо хоногт АТГ ажил хийлгэхгүй байна гэж хэлж байсан. АТГ-ын талаар тэгж хэлэх таны хувийн байр суурь байсан уу. Эсвэл АТГ үнэхээр Засгийн газрын ажлыг хийлгэхгүй байна уу?
- АТГ-ын хувьд би хувь хүний байр суурийг илэрхийлээгүй. Ерөнхий сайдын байр суурийг илэрхийлсэн. Тодруулбал, эдийн засгийг өсч хөгжихөд АТГ-ын үйл ажиллагаа маш их саад учруулж байгаа. Ялангуяа баялаг бүтээж байгаа хүмүүсийг дарамталдаг, шоронд хийдэг үзэгдэл их болсон. Энэ бол манай нийгэмд байж болшгүй зүйл.
-Одоо нүүрсийг маш хямд гаргаж байгаа. Нүүрсэнд нэмүү өртөг шингээж гадагш нь гаргаснаар одоо байгаа үнэнээс нь нэмэгдэх боломж байгаа. Ер нь цаашид нүүрсний экспортод тавих бодлогоо яаж тодорхойлж байна вэ?
- Нүүрсний хувьд бид нэг хэсгийг нь түүхийгээр нь гаргана. Нөгөө хэсгийг нь Ухаахудагт баригдсан нүүрс угаах үйлдвэрээр дамжуулж гаргахаар төлөвлөж байна. Ер нь цаашид угааж гаргавал нэмүү өртөг шингэх боломжтой.
- Эдийн засгийг эрчимжүүлэх ажлыг 100 хоногт хийгээд үр дүн гарна гэж бодож байна уу. Энэ арга хэмжээг хэрэгжүүлснээр валютын ханш буурч, инфляци нэг оронтой тоонд орох уу?
- Миний хэлсэн дээрх ажлуудыг 100 хоногт хийснээр валютын ханш тогтвортой байна. Эдийн засгийн өсөлт ч нэмэгдэнэ.
- Хятадын банкийг Монголд оруулж ирэх асуудал дээр Засгийн газар голлох үүрэгтэй оролцож байгаа юу?
- Өнөөдрийн мөрдөгдөж байгаа хуулиар банк оруулж ирэхийг Монгол банк л шийддэг учраас тодорхой хэлж мэдэхгүй байна.
- ТЕГ-ын дэд дарга С.Эрдэнээг ажлаас нь халсан байна. Ямар үндэслэлтэйгээр халсан юм бол?
- ТЕГ-ын дэд даргыг би чөлөөлсөн. Би өөрөө ажилд нь тавьсан, өөрөө сольсон.
- Буянт-Ухаа хороололд оршин суугчдын сонгон шалгаруулалт асуудалтай явагдаж байна гэсэн мэдээлэл гараад байгаа. Үүнийг хэрхэн шийдэх вэ?
- ТҮЦ машинаар ирүүлсэн 8000 гаруй хүний өргөдөл ирсэн байгаа. Ирүүлсэн материалыг нь нягтлаж шалгахад их хугацаа орж байна. Бид цаашдаа электрон сугалаа явуулъя гэж бодож байгаа.
- "Давхар дээл"-ийг тайлах асуудлаар эсрэг санал өгсөн дөрвөн гишүүндээ арга хэмжээ авна гэсэн. Та тэднийг дарамтлаж байгаа гэдэг нь үнэн үү?
- Намын даргын хувьд би намынхаа гол эв нэгдлийг хангах ёстой. Манай АН-ын гишүүд аймгуудын намын удирдлагуудтай цахим хурал хийх үеэр тэдэнд хариуцлага тооц гэсэн санал цөөнгүй ирсэн байна лээ.
- Ж.Батзандан гишүүн таныг намаасаа хөөнө гэж хэлсэн талаар мэдээлж байсан. Энэ үнэн үү?
- Буруу мэдээлэл байна. Би намаас хөөдөг хүн биш.
Н.Алтанхуяг: Ж.Батзанданг намаас хөөхгүй | ||
Үзсэн: 908 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.