Шууд Chart

Олимпын элч төлөөлөгч aтташе нар спорт-олимпизмийн төлөө

2020-12-11 17:43:58

МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр нь “Олимпын элч, атташе”-гээр томилогдсон гадаад орны дипломат төлөөлөгчдийн газрын дипломатууд, хилийн чанад дахь Монголчуудын олон нийтийн байгууллагын төлөөлөгчид, харь оронд буй спортын зүтгэлтнүүдтэй анх удаа цахим уулзалт зохион байгууллаа.

Ингэхдээ ойрын үед тус хорооноос хэрэгжүүлэхээр төлөвлөж буй цуврал үйл ажиллагаа, "Олимпын шинэ эрин" цогц төслийн талаар танилцуулж, "Olympic Ambassador" , "Olympic Attache" өргөмжлөл хүртсэн төлөөлөгчидтэй хамтран ажиллах чиглэлээр ярилцсан юм.

Тус уулзалтад:

Д.Батжаргал (Япон)

Г.Баттунгалаг (Австри)

З.Батбаяр (Унгар)

Л.Пүрэвсүрэн (Швейцарь) нарын дөрвөн элчин сайд биечлэн оролцож, спорт-олимпизмийн салбарт МҮОХ-той нягт хамтран ажиллахаа илэрхийллээ.

Мөн Монгол Улсын "Соёлын элч" , Казахстаны ҮОХ-ны хэлтсийн орлогч эрхлэгч Х.Болат, Чех, Швейцарь, Австри, Японы ЭСЯ-ны ажилтан Б.Пагва, Б.Эрхэс, Э.Батмөнх, О.Цэдэвсүрэн, Хятадын самбо бөхийн холбооны төлөөлөгч Өргөнсэнгээ, АНУ дахь "Таван цагариг-USA" сонины эрхлэгч, олимпын сурвалжлагч Ц.Энхтүвшин, БНСУ дахь спортын төлөөлөгч Г.Нямцогт, Хилийн чанад дахь монголчуудын холбооны тэргүүн Н.Номун-Эрдэнэ (Швед), спортын асуудал эрхэлсэн тэргүүлэгч Д.Амарбаясгалан (ОХУ) нар санал бодлоо солилцсон юм.

Цахим уулзалтад оролцогсод нь Монголын спортын салбарын бүтээн байгуулалтад хөрөнгө оруулах түнш эрэлхийлэх , заал танхимын тоо чанарыг нэмэгдүүлэх, сургалт дасгалжуулалт, легионер тамирчид, Олимпын хороодын хамтын ажиллагааны гэрээ, удирдлага, мэргэжилтэн, дасгалжуулагчдын туршлага солилцох, дээд хэмжээний харилцан айлчлал хийх, спортын солилцоо, гадаадаас өндөр зэрэглэлийн мэргэжилтнийг урих , өвлийн спортын төрлийн хөгжилд түлхүү анхаарах, хэрэглэл материалын хангамжийг нэмэгдүүлэх, хүүхэд залуучуудыг биеийн тамир спортод өргөнөөр татан оролцуулах, “Токио-2020” наадмын үеэр эх орноо сурталчлах "Mongolian House" анх удаа нээх , олимпын өмнөх хамтарсан бэлтгэлийг зохион байгуулах зэрэг олон тулгамдсан асуудлаар нухацтай ярилцаж, талууд хэрэгжүүлэхийн төлөө хүчин чармайлтаа дайчлан ажиллахаа илэрхийллээ.

Дашрамд дурьдахад,"Токио-2020" элч төлөөлөгчөөр Мехико-1968 олимпийн чөлөөт бөхийн анхны мөнгөн медальт Ж.Мөнхбатын хүү, мэргэжлийн сүмогийн их аварга Хакүхо М.Даваажарал томилогдсон билээ.

 

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Олимпын элч төлөөлөгч aтташе нар спорт-олимпизмийн төлөө  
Үзсэн: 799 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй