Шууд Chart

Түүнийг үзэн ядсан ч одоо би уучилсан...

2013-07-15 17:05:31

Сайн байцгаана уу, эрхэм уншигч андууд аа...  Хүний амьдалын эрээнтэй бараантай бүхнийг хүн бүхэн уншиж мэдээд байхийг нэг их хүсдэггүй л байх. Гэвч би өөрийн эрхгүй энэхүү захидлаа танай mnb.mn сайтын "Гэр бүл булан"-д илгээхийг хүслээ. Танай сайт надад үнэхээр таалагдсан шүү. Сая болж өнгөрсөн наадмаар үзэгч уншигчиддаа баяр наадмын бүх л үйл ажиллагааг шууд болон бичлэгээр хүргэж байсанд үнэхээр талархаж байна. Би гадаадын нэг оронд 3 жил амьдарч байгаа нэгэн. Анх эх орондоо байхдаа хань ижил, үр хүүхэдтэй, гэр оронтой аз жаргалтай айлын эзэгтэй байсан. Үрийнхээ гараас хөтлөөд, ханийхаа дэргэд алхан, төв цэнгэлдэхийг тойрон, наадмын хуушуур идэн, баяр наадмаа үзэж явсан цаг саяхан мэт. Дурсамж сөхсөн яриа нь илүү нуршуу байгаа бол уучлаарай.

Хүмүүс өөрт тохиолдоод байгаа зүйлээ, орчихоод байгаа хэцүү нөхцөл байдлаас гарах арга зам олох, бусдын дэмжлэгийг авахыг тун их хүсдэг. Найз нөхөд, эцэг эхдээ хэлж чадахгүй тэр л зүйлсээ бичдэг. Бусадтай хуваалцсан зовлон хэд дахин нимгэрдэг гэдэг дээ. Ингээд хүмүүсийн сэтгэгдлийг уншингаа өөрийн сэтгэгдлээс бас хуваалцюу гэж бодлоо. Аз жаргалтай гэр бүлийн үнэн төрх гэж үнэндээ харуусал гомдол, эмэгтэй хүний хацар норгох гомдлын нулимс, нөхөр, гэр бүл,  нөхөртөө хууртагдсан явдал гээд л... 

Эмэгтэй хүн бүрт бараг тохиолддог амьдралыг нураагч, аз жаргалыг бусинуулагч зовлон ч юм уу даа.. Надад ч мөн иймэрхүү асуудал тохиолдож л билээ. Одоогоос дөрвөн жилийн өмнө болсон юм. Хар нялхаасаа найзлаж, анхны хайраа нь өгч дурласан хүнтэйгээ амьдралаа холбоод 9 жил болоод байсан . Би 28-тайдаа 2 дахь хүүхдээ гаргаад удаагүй байлаа. Урд өмнө нь иймэрхүү асуудлыг бусад гэр бүлийн жишээ нь дээр л сонсож мэддэг байсан үе. Тэр үед нөхөр маань гадаадын хөрөнгө оруулалттай компанид дээгүүр албан тушаалд ажил эрхлэх болсон юм.

Тэнд гадаадаас ирсэн нэг монгол хүүхэн түүнтэй хамт ажиллаж байсан.  Эхний үед ажил ярьж суулаа гээд шөнөжингөө алга болох тохиолдол хоёр гурав болсон.  Тухайн үед ханьдаа итгэх итгэлээр "Шинэ ажилд ороод удаагүй байгаа юм чинь. Ажил ихтэй л байгаа биз" гэж боддог байлаа. Гэтэл тэндээс л бүх зүйл эхэлж л дээ. Тэд хамт хөдөө явах болов. Тухайн үедээ анзаараагүй нь миний алдаа болсон байх. Долоо хоночихоод ирлээ.

Зогсоо зайгүй явсанаа, ядарч үхэхээ шахсанаа гайхсаар ирэв. Өмнө нь хэдхэн хоног холдохдоо л намайг учиргүй саначихсан, хоёр гурав хоног гэрээс гарахгүй хамт байж, эрхэлж өнждөг хүн  энэ удаа шал өөр болсон байлаа. Тэр оройдоо хамт унтсан ч  тэрээр хөнжилөө нөмрөөд буруу хараад таг чиг хонов. Маргааш нь ажилдаа яваад орой нь ирсэнгүй. Маргааш нь их л ядарчихсан хүний төрхтэйгээр өглөө зургаан цагт орж ирлээ. “Ажил ихтэй байна. Найз нь овоо том захиалга авч байгаа. Удахгүй ажил цэгцэрнэ” хэмээн надад хэлэх нь нэг л хуурамч мэт санагдах болсон. 

Тэр үеэс л зүв зүгээр биш байгааг зөн совингоороо мэдрээд л байлаа. Урьд нь бол нэг цамцаа 2 хоног өмсчихдөг, энгийн л даруу хувцасладаг байсан хүн гадаад үзэмжиндээ санаа тавиад л, гоо сайханд хүртэл ороод л. Ийнхүү хэдэн сарын нүүрийг үзсэний дараа нөгөө хүүхэн нь ажлаасаа гаран гадаад руу явах болсон  юм билээ. Нөгөө л алга болдог үзэгдэл тэр шөнө дахиад л үргэлжиллээ.  Үүрээр орж ирлээ. Хамт олноороо гаргаж өгөх цайллага болж дуулж хуурдсан юм байх. Хоёр хоногийн дараа тэр хүүхэн үнэхээр гадаад явчихлаа. Түүнийг явсанаас  хойш нөхөр маань сэтгэл нь гэгэлзээд нэг л биш ээ. Тэр хүүхэн нөхрийг минь араасаа ирэхийг гуйсан шаардсан бололтой юм уу... “Гадагш хэд хоног явах хэрэг байна” гээд л байнга ярих боллоо. Ер нь газар үзээд ирье гээд л....  Би тухайн үед нь юм хэлээгүй ээ.  Нөхөр маань ч сэтгэл нь хоёрдоод л, намайг юм хэлэхгүй болохоор эргэлзээд ч байх шиг байсан.  Зан ааш нь хувираад л, юм л бол хүн амьтантай маргаж муудалцах гээд л.

Энэ үеэс л бид хоёрын аз жаргалтай дүр эсгэсэн амьдралын далд өнгө илэрч эхэлсэн юм. Тэр хүүхнийхээ дэргэд байхдаа миний тухай бодож, санаж байсан болов уу, үр хүүхдээ гэсэн сэтгэл  байсан уу гэж бодохоос л дотор арзагнана. Хэрүүл өдөж, маргамаар, гомдолоо тайлтал хашгичмаар санагдана. Нүүрий нь маажаад авах хүсэл өөрийн эрхгүй төрнө. Хоролмоор санагдана. Яав ч зүгээр үлдээж болохгүй хариугаа авмаар юм шиг. Эмэгтэй хүн тийм үед л юу ч хийхээс буцахгүй болчихсон юм шиг санагддаг юм билээ. Одоо эргээд тэр үед өөрийгөө ямар байсныг бодоход элий балай амьтан байсан шиг л санагддаг юм.  Тэгээд л бид гэр бүл хэмээх нандин зүйлдээ цэг тавьсан.  Тухайн үедээ би  түүнийг хэзээ ч уучлахгүй юм шиг бодож, үзэн ядаж байсан. Гэтэл одоо...


Одоо бол би үнэхээр тайван болжээ. Энэхүү амьдрал надад үнэхээр ч сургамж өгч.  Заримдаа бодолд орж ирсэн ч тэгтлээ сэтгэлийг өвтгөхөө больчихож. Цаг хугацаа бүхнийг эмчилдэг гэж үнэн юм билээ. Бид хоёр одоо үе үе уулздаг болсон. Гэхдээ өнгөрсөн хар бараан алдааг дурсахыг хэн хэн нь хүсдэггүй ч бид хоёр тэр тухай ярилцдаг, гэхдээ нөхөр маань өөрийнхөө бурууг ойлгож, түүндээ надаас байнга уучлал эрж байгаа нь надад мэдрэгддэг. Нөгөө хүүхэн ч  түүнийг мартаж чадахгүй байгаа юм шиг байсан. Тэр удаан хугацааны туршид мессеж бичиж, утсаар ярьж, төрсөн өдрөөр нь хүртэл залгана. Нөхрийн минь хойноос их ч гүйсэн дээ.

Гэвч бид эргэж нийлсэн. Тэр биднийг нэгмөсөн салгаж  барсангүй. Нөхөр минь надад анхныхаа байдлаар л хандах болсон. Бидэнэ л амьдралаа хэвээр авч үлдэж, үр хүүхдээ өнчирүүлээгүйдээ бахархах хэрэгтэй ч юм шиг, ийм сайхан залуу надаас салж чадахгүй байгааг нь бодохоор өөрөөрөө бахархах ёстой ч юм шиг. Хэрэв тэр эмэгтэй бидний  10-аад жилийн туршид босгосон, бүтээсэн, халуун ам бүлд хүйтэн гараа шургуулж амийг нь тасалсан бол тэр хүн хийсэн хэргийнхээ төлөөсөнд мөн ч их зовох байсан байх аа гэж бодохоор өрөвдмөөр ч юм шиг. Гэвч тэр чадаагүй ээ. Тэгж  чадаагүй нь ч өөрт нь сайн болсон байх. Бид хоёр түүнтэй холбоотой бүхнийг мартахыг хүсэж байна..

Хэдийгээр тэр миний амьдрал руу аймшиггүйгээр хүйтэн гараа шургуулсан ч би тэр хүнийг уучлахыг хүсэж, одоо бол би тэр хүнийг уучилж чаджээ.  Одоо бид ирээдүйнхээ төлөө уламч сэтгэл нэг тэмүүлж байгаа юм шиг санагдах болж. Нөхөр маань надад үнэнч байгаа гэж итгэх болсон. Бид хоёр амьдралын хар бараан нугачааг бүдчин байж давсан ч гэр бүлээ авч үлдсэн. Энэ бүхэн миний ялалт юм гэж би боддог болсон. Бид улам ухаажиж, хатуужиж, үр хүүхдээ харан баясаж, амьдралынхаа төлөө хамт зүтгэж байна. Би тэр бүсгүйд баярлах учиртай ч юм шиг.

Түүний гар дүрсэн энэ л амьдрал одоо итгэл, хайр, гэр бүл гэсэн эрхэм шүтэлцээг бидний дунд улам ч баталгаажуулж өгсөн юм болов уу.  Тийм ээ. Тэр үнэхээр тэгсэн юм. Хаалга дуугарлаа. Хань минь орж ирж байна. Бид өнөөдөр элэг бүтэн, аз жаргалтай гэр бүл хэвээрээ үлдлээ. Нөхрийг минь урвуулах гэж оролдсон тэр л эмэгтэйд би баярлалаа. Харин өөр хэнд ч хагацал салалт учруулсан эмгэнэлт явдал бүү тохиогоосой. Үр хүүхэд бүү өнчирөөсэй гэж л залбирах юм.
 

Нийтэлсэн: Уншигчийн захидал

Түүнийг үзэн ядсан ч одоо би уучилсан...  
Үзсэн: 4633 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
61.109.22.xxx [61.109.22.xxx] 2013-07-17 19:31
sain uu muundag seteglin techeeree em.t bna naadaa im yum tohson manai hvn irgej irgvii bi neg heseg ih.l hetsvv basan odoo hayaa bodool ih.l uilah yum daa bi ooroo gadaad bga bolhoor yamaarchi arg algdaa ochil nz hedeen sarin daaraa nz hvvhentee bolson gej bnlee im hvntee yu yarh wee
103.11.195.xxx [103.11.195.xxx] 2013-07-16 06:49
Mon ch ikh tevcheer yum daa.. gaihaltai
103.11.195.xxx [103.11.195.xxx] 2013-07-15 19:03
Teneg yum aa. Salah l gazar bsiin
202.131.235.xxx [202.131.235.xxx] 2013-07-15 17:27
Та агуу эмэгтэй юм. Би харин тэгж чадаагүй ээ. Өнөөдөр ч түүнийг уучилж чадах эсэхдээ итгэлгүй байна. Гэхдээ таны захидал надад ухаарал өгөх юм шиг санагдлаа. Би дахин дахин уншинаа.

Бидэнтэй нэгдээрэй