Таних шинж: Мануул (otocolobus manul) нь Төв Азид тархсан жижиг муур юм. Гэрийн муурны дайтай хэмжээтэй 60 см урт биетэй, 25 см урт сүүлтэй, дунджаар 3.6 кг жинтэй. Үс нь босоо судал бүхий зосон улаан өнгөтэй боловч их үстэй тул бараг харагддаггүй.
Мануул бусад мийнээс ялгагдах хэд хэдэн өвөрмөц шинжтэй. Хамгийн сонирхолтой нь дугуй хүүхэн хараатай. Хөл нь богино, бандгар, үс нь урт, өтгөн. Үсний өнгө улирлаа даган өөрчлөгдөнө. Өвөл нь сааралдуу, хээ багатай байдаг. Харьцангуй хавтгай нүүртэй тул мануулыг Перс муурны үүлдрийн өвөг гэж ташаа үзэж байсан. Мануул нь Азийн тал хээрт 1000-4000 орчим метрийн өндөрт нутагладаг. Биеэ хамгаалах чадвар муутай амьтан гэмээр аюултай дайснаа харахаараа нүүрэндээ аргал барьчхаад, өөрийгөө нуугдчихлаа гэж бодно. Нүдээ аниад хэвтэхээрээ тэр хавьдаа харанхуй болчихлоо гэж эндүүрдэг сонин амьтан шүү.
Амьдралын онцлог: Мануул гол төлөв бүрэнхий, шөнийн идэвхитэй. Ганц нэгээр тохиолддог, нуугдмал амьдралтай. Ороо нийллэг хоёрдугаар сард болно. Хээл тээх хугацаа дунджаар 65-67 хоног. Эм мануул 3-6 ногоолой төрүүлнэ. Хоёр настай бэлэг боловсорно. Байгальд 10 хүртэл насалдаг. Мануул нь ойт хээр, бүх хэв шинжийн хээр, хад чулуут бэсрэг уулс, өндөр уулархаг нутаг, говь, цөлийн хадат уулсаар тохиолддог, хуурай гандуу, задгай нутагт байршилтай. Тарваганы эзэнгүй орхисон нүх, хад чулууны хонгил, жижиг агуй зэрэгт үүрлэнэ.
Хамгаалагдсан байдал: Мануул мий нь дэлхийн байгаль, байгалийн нөөцийг хамгаалах холбоо (IUCN)-ны улаан номны “ховор” гэсэн зэрэглэлд багтдаг. Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай Вашингтоны конвенц (CITES)-ийн II хавсралтанд бүртгэгдсэн дэлхийн ховор амьтан юм. Мануул мийн тархац нутгийн 12 орчим хувь нь улсын тусгай хамгаалттай газар нутагт хамрагддаг.
Монгол орны улаан ном: Мануул | ||
Үзсэн: 3264 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.