Шууд Chart

Маршал Х.Чойбалсангийн 50 насны ойд зориулан урласан мөнгөн аяга

2021-03-04 09:43:28

“Монголын ард түмний дотны хайрт жолоодогч”, “Хайрт эцэг” хэмээн өргөмжлөгдсөн маршал Х.Чойбалсан амьд ахуй цагтаа ард түмэнд тахин шүтэгдэж байсныг тухайн цагийн БНМАУ-ын Үндсэн хууль, засаг захиргааны нэгжүүд, уул хайрхад, улсын их сургууль түүний нэрээр нэрлэгдсэн эсхүл нэрэмжит байсан явдал гэрчилдэг.

1945 он бол маршал Х.Чойбалсангийн 50 насны ойн жил байсан ба ойн хүрээнд маршал Чойбалсангийн нэрэмжит төрийн дээд шагнал буй болж, 50 насны ойн марк гарч, баримтат кино хийгдэж, урлаг уран сайханчид маршлын тухай зохиол бүтээлийг олон арваар туурвин гаргасан юм. Эдгээртэй зэрэгцэн эгэл жирийн ард иргэдээс их удирдагчынхаа насны ойд зориулсан бэлэг дурсгалын зүйлсийг олноор ирүүлэх явдал тухайн цагт нийтлэг болж байлаа. Тийм ч учраас Монголын Үндэсний музейн сан хөмрөг дэх маршал Х.Чойбалсантай холбогдох үзмэрийн дотор 1945 он онцгой байр эзэлдэг бөгөөд нэг гэрч нь дунд гарын мөнгөн аяга болно.

Монголчууд эрт дээр үеэс мөнгө хэмээх металийг эрхэмлэж, ахуйн хэрэглээнийхээ эдлэл хэрэглэлийг хийхдээ өргөнөөр ашиглаж байсан нь өнөөг хүртэл уламжлагджээ. Энэ нь нэг талаар ахуйн хэрэглэлээ чимэн чаминжуулж, үнэ цэнийг нь нэмэгдүүлснээр эгэл бус эрхэм болгох, нөгөө талаар эрүүл мэндэд тустай ашигтай шидэт чанарыг нь дээдлэн шүтдэгтэй холбоотой. Тиймийн учир бэлэглэгч иргэд сэтгэл зүтгэл гаргаж, энэхүү аягыг хийлгүүлэхдээ монголчуудын амар амгалан, өнөр олуул, аз жаргалтай бас сонор соргог, сүлд хийморьтой байхын бэлгэдэл ерөөлийг илтгэсэн хээ хуар, зураг дүрслэлээр бүхэлд нь чимэглэсэн байна.

Мөнгөн аяганы үндсэн тагш нь шар будагтай /маажинтай/ ба дунд гарын хэмжээтэй. Аяганы амсарыг зөөлөн цагаан мөнгөөр имхэрдэн бүржээ. Амсрын доохно талаар нэг булан нь дөрвөлжин нөгөө булан нь дугуй тахир сүлжмэл эвэр угалз хээтэй аж. Түүний доогуур  24 бад хээг байгуулжээ. Бад хээ бүр дотроо нар зөв дарааллаар арван хоёр жилийн бэлгэдэл амьтдын дүрс ба амьтдын дүрс хооронд монгол бичгээр “6-р хорооны гуравдугаар хорины ардуудаас улсын шалгарсан баатар маршал Чойбалсангийн 50 насны ойд дурсгал болгов” хэмээх дурсгалын үгс бичсэн байна. Суурь хэсэг бүхэлдээ хөөмөлдөж гаргасан цэцгэн хээтэй ба ёроолын тойрогт хоёр мөнгөн утсыг эрчлэн мушгин хээлж хүрээ үүсгэн, дотор зайд нь эвийн хоёр загас /арга билэг/, ёроолын голын хонхорт өөд өөдөөсөө харсан морины цээж толгойг дүрсэлжээ.

Энэхүү мөнгөн аягыг Улаанбаатар хотын 3 дугаар хорины иргэдээс 1945 оны 2 дугаар сарын 8-нд сүүгээр дүүргэн алд цэнхэр хадгийн хамт маршал Х.Чойбалсанд өргөн барьжээ. Аяганы хэлбэр загварыг 3 дугаар хорины дарга асан Сүхбаатарын нэрэмжит клубын эрхлэгч Баргын Шарга гэдэг хүн гаргаж, Урчуудын артельд хийлгүүлэхээр захиалсныг алдарт сийлбэрч Гүнд урласан байна.  

Монголын Үндэсний музейн Сан хөмрөгч П.Батцэцэг

Нийтэлсэн: У.Баярсайхан

Маршал Х.Чойбалсангийн 50 насны ойд зориулан урласан мөнгөн аяга  
Үзсэн: 3634 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй