Шууд Chart

Хүүхдийн эрхийн төлөө чимээгүй нэгдэж, тууштай тэмцэцгээе

2021-03-16 12:46:26

Хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртөх, хүүхэд гэмт хэргийн хохирогч болох, хүүхэд золгүй байдал, ахуйн ослоор гэмтэх, амь насаа алдах нь эрс нэмэгдэж байна. Тухайлбал, өнгөрсөн сарын статистик мэдээгээр 157 хүүхэд гэмт хэргийн хохирогч болжээ. Тэдний 25 нь долоогоос доош насны балчир үрс. Жилд дунджаар 1600 хүүхэд хорвоог орхиж байгаа нь томчууд бидний анхаарал болгоомж, хайр халамж дутсаных.

Хүүхдийг сэтгэл санаа, бие мах бодийн хүчирхийлэл үйлдэгчээс хамгаалах, энэ төрлийн гэмт хэргийг таслан зогсоох нь нэн тэргүүний зорилт. Гэмт хэргийн тохиолдлуудыг илэрсэн үед нь нийтээрээ нийгмийн сүлжээгээр бичиж сэвдэг. Ингэхдээ хохирсон хүүхдүүдийн хувийн мэдээллийг нийтэд түгээж зарладаг. Ингэж хохирсон хүүхэд дахин ноцтой хохирол амсдаг. Тодруулбал ёс зүйгүй хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчдийн, бас иргэдийн ашиг сонирхлын хөлд үрэгдэж, насаараа хохирогч болох нь нэмэгдэж буйг мэргэжлийн хүмүүс анхааруулсаар байна.  

Ингэж хохирсон хүүхэд сэтгэл зүйн хувьд хүнд дарамтад өртсөнөөр сурч хөгжих, тоглож наадах боломжоор хязгаарлагдаж байдаг. Нөгөө талдаа энэ төрлийн гэмт хэргийн сэдэл бий болох магадлал тун өндөр болдгийг хүүхдийн эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд болон цагдаагийн байгууллагаас сануулж байна.

Нийслэлийн Хүүхэд, гэр бүл   хөгжлийн газрын дарга О. Ган-Өлзий “Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборт энэ оны хоёрдугаар сард “11 настай хүү хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй байна” гэсэн дуудлага ирсэн. Энэ дагуу цагдаагийн байгууллагаас үзлэг шалгалт хийж, манай байгууллага холбогдох арга хэмжээг авч ажиллаж байсан. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байх үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ талаар мэдээлэл цацагдсан. Мэдээлэл гарсны дараа хүнд нөхцөлд байсан хүүхдүүдийн сэтгэлзүйн байдал бүр дордсон. Өөрөөр хэлбэл, хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй мэдээлэл, нийгмийн сүлжээнд тархаж буй мэдээллүүдийг үзэж дуулаад сэтгэлзүй нь хямрах тохиолдол гарч байна” гэж байлаа.

Нийслэлийн хэмжээнд, хамтарсан багийн 1000 гаруй хүн хүүхэд хамгааллын чиглэлээр ажиллаж байна. Тэдэнд хэрхэн ажиллах талаар заавар зөвлөмж өгөх үүрэг Нийслэлийн хүүхэд, гэр бүл хөгжлийн газарт бий. Харин хамтарсан багийн үйл ажиллагааг хэн удирдан чиглүүлэх нь өнөөдрийн байдлаар тодорхойгүй байна.

Нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газар хүүхэд хамгааллын чиглэлээр ажилдаг 72 мэргэжилтэнтэй. Нэг мэргэжилтэн жилд дунджаар хүүхдийн эрх зөрчигдсөн 62 тохиолдолд дээр ажилладаг. Тэгвэл ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг бусад улсын хүүхдийн эрхийн байгууллагын нэг мэргэжилтний ажлын норм манайхаас 4 дахин бага байна. 

Тиймээс бид хүүхдийн эрхийн төлөө ажиллаж байгаа цагдаа, нийгмийн ажилтан, мэргэжилтнүүдээ зэмлэж, сошиалаар шүүхээсээ илүүтэй хамтран ажиллах нь чухал байна. Өөрөөр хэлбэл, хүүхдийн эрх зөрчигдөж байгаа тохиолдлуудыг хэвлэл дуудаж мэдээлэх, зургийг нь авч нийгмийн сүлжээнд тавихаас урьтаж мэргэжлийн байгууллагад хандаж шийдвэрлүүлэх нь иргэн таны журамт үүрэг. Ингэснээр хүчирхийлэл болон аливаа гэмт хэргийн золиос болж байгаа хүүхдүүдээ хамгаалах, тэдний сэтгэл зүйг улам дордуулахгүйгээр эмчлэх нөхцөлийг бүрдүүлэх юм. Тийм учраас хүүхдийн эрхийн төлөө чимээгүй нэгдэж, тууштай тэмцэцгээе. 

 

 

 

Нийтэлсэн: Д.Баяржаргал

Хүүхдийн эрхийн төлөө чимээгүй нэгдэж, тууштай тэмцэцгээе   
Үзсэн: 3820 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй