Шууд Chart

Дэлхийн хэмжээнд хоногт коронавирусний эсрэг 16.3 сая тун вакцин хийж байна 

2021-04-21 09:47:35

Дэлхийн улс орнуудад коронавирусний эсрэг вакцинжуулалтын өргөн хүрээтэй аян өрнөсөөр байна. Дэлхийн 156 улс орны хүн амд нийт 910 сая тун вакцин хийгээд байгааг "Блүүмберг"-ийн шинэчилсэн статистик мэдээлэлд тэмдэглэсэн байна. Энэ нь дэлхийн нийт хүн амын 6 хувийг бүрэн дархлаажуулахад хүрэх тун юм. Сүүлийн мэдээгээр дэлхий дахинаа хоногт 16.3 сая тун вакцин хийж байна.

АНУ-д хамгийн их буюу нийт 212 сая тун вакциныг хүн амдаа хийгээд байна. Тус улсад хоногт 3.13 сая тун вакцин хийгдэж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байдены зарласнаар тус улсад коронавирусний эсрэг дархлаажуулалтад 16-аас дээш насны бүх хүнийг хамруулахаар боллоо. Өөрөөр хэлбэл, нас, эрүүл мэндийн байдал зэрэг бусад бүлгээр нь хязгаарлалгүйгээр вакцинд хамруулж эхлээд байна. Энэ хооронд Америкийн их, дээд сургуулиуд ирэх намар хичээлийн шинэ жил эхлэх үед оюутан, суралцагчдадаа коронавирусний эсрэг вакцинд хамрагдсан байх гэдэг шаардлага тавихаа мэдэгдэж байна. Одоогоор Иель, Колумби, Корнелл, Брауновийн их сургуулийн захиргаанаас ийм шаардлага тавьж байна. Цаашид бараг бүх их, дээд сургууль үүнд нэгдэж магадгүй байна.

Европын холбооны орнуудад дархлаажуулалтын ажил вакцины хүрэлцээ муутайгаас урьдчилж төлөвлөсөн түвшиндээ хүрч чадахгүй л байна. Гэхдээ гишүүн улс орнуудын хувьд Еврокомиссын нэгдсэн захиалгаар ирэх вакциныг хүлээлгүйгээр вакцин хөгжүүлэгч, үйлдвэрлэгч орнуудтай шууд гэрээ байгуулж хүн амаа дархлаажуулж байна.

Тэдгээрийн нэг нь Серби улс юм. Хэдийгээр Европын эмийн агентлагаас бүртгэж хараахан аваагүй байгаа ч Серби улс Хятадын "Синофарм", Оросын "Спутник Ви" вакциныг олон сая тунгаар захиалан авч иргэдээ дархлаажуулж байгаа юм. Өчигдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Европын бүс нутгийн товчооны захирал Ханс Клюге Белградад айлчлах үеэрээ Сербид вакцинжуулалтыг амжилттай зохион байгуулж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн байна. Мөн тэрбээр энэ үеэрээ Европын холбоонд Орос, Хятадын вакциныг яаралтай горимоор ашиглах зөвшөөрөл олгох чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж, тодорхой дэвшил гарч байгааг мэдэгдсэн байна.

Энэ хооронд Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ирэх 2022 оны эцэс хүртэл Бионтех Пфайзерийн вакцин худалдан авах гэрээ байгуулснаа мэдэгдлээ. Мөн Израилийн Засгийн газар "Модерна" компанитай ч ийм урьдчилсан гэрээ байгуулна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна.

БНСУ-ын эрх баригчид энэ сарын сүүлч гэхэд нийт 3 сая, харин ирэх зургаадугаар сарын эцэст 12 сая иргэнээ коронавирусний эсрэг вакцинд хамруулахаар төлөвлөөд байна. Энэ тухай өчигдөр тус улсын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн сайд Квон Док Чхоль мэдэгдлээ. Тус улсад хоёр сарын өмнөөс дархлаажуулалтын өргөн хүрээтэй аян эхэлсэн. Сүүлийн мэдээгээр нийт 1.5 сая гаруй хүн вакцинд хамрагдсан нь нийт хүн амынх нь 2.92 хувь нь болж байна. Эдгээрээс 60.5 мянга гаруй нь хоёр тун вакцинаа хийлгээд байгаа юм байна.

Германы боловсрол, шинжлэх ухааны судалгааны яам 2020-2021 онд "Ковид-19"-ийн судалгаанд 1.6 тэрбум евро төсөвлөсөн байна. Үүний 627 сая еврог нь Бионтех, Куравакийн вакцины хөгжүүлэлтэд хуваарилахаар болжээ.

Их Британи улс дараачийн цар тахал дэлхийд нүүрлэхэд бэлэн байдлыг нь хангаж, шинэ вирусний халдвар дэгдсэн тохиолдолд ашиглах вакцин хөгжүүлэлтийг хурдасгах олон улсын шинжээчдийн баг байгуулахаар болжээ.

"Цар тахлын бэлэн байдлыг хангах чиглэлээр түншлэх нь" нэртэй тайлан илтгэлээ ирэх зургаадугаар сард болох "Их 7"-ийн дээд хэмжээний уулзалтад танилцуулахаар төлөвлөж буй юм байна. 

Нийтэлсэн: Б.Түвшинжаргал

Дэлхийн хэмжээнд хоногт коронавирусний эсрэг 16.3 сая тун вакцин хийж байна   
Үзсэн: 2928 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй