Шууд Chart

Ганц аяга угааж сур. Чамд л хэрэгтэй ...

2021-05-04 10:36:02

Би 9 настай үеэ эргэн дурсах цаг ирлээ. Гэзгээ годойтол сүлжүүлсэн, норгож самнасан үсний ус дух, хамар даган урсахад би норох дургүй болохоор шууд л арчина.

Эмээ: Аягаа угаа

Би: “За” гэж хэлээд хамаг хурдаараа угаачихлаа.

Эмээ: Ээ, чи энэ угаасан аяга аа хар даа?

Үзтэл барихад гар халтираад бохир нь арилаагүй. Эмээгийн зөв байлаа.

Эмээ: Миний охин ганц аяга угаагаад сурчихаач. Чамд л хэрэгтэй гэж хэлэхэд нь эмээгийн хэлсэн сургаалын учрыг ухаараагүй надад яршигтай юм шиг, намайг дорд үзээд ч байгаа юм шиг санагдана.

Тэр цаг хугацаанаас хойш 34 жилийн дараа

Хүнд зохистой хоол хүнсийг сонгож хэрэглэснээр өөрөө өөрийгөө хамгаалах аюулгүйн систем нь сэргэж ажилладаг юм байна билээ гэж мэдэж аваад “S-Age restaurant” байгуулав.

Рестораний нэг чухал ажил нь цэвэрлэгээ. Би өдөр бүр өглөөнөөс орой болтол бохирдсон аяга, таваг, халбага, сэрээ угаадаг. Аяга, таваг гадна доторгүй бүгд цэвэр бөгөөд хүний өмнө нүүр улайхааргүй байх ёстой. Ийм ажил хийсээр сар гаруй болтол өдөрт ойролцоогоор 100 гаруй аяга, таваг, халбага, сэрээ угаасан байна. Гэнэт нэг өдөр хар толгой руу минь 34 жилийн өмнөх эмээгийн хэлсэн үгс орж ирэв.

-Ганц аяга угааж сур. Чамд л хэрэгтэй шүү дээ.

Үнэндээ би ганц аяга угааж сурсан бол одоо энэ ажил юу байхав. Гэхдээ эмээгийнхээ сургаалыг санан хэрэгжүүлж 200 аягыг ганц аяганы ижил чанартайгаар угааж байна. Ганц аягыг яаж л бол яаж гоё угааж болно.

Ганц аяга = 200 аяга. Баярлалаа эмээ.


Ганц аяга угааж сур. Чамд л хэрэгтэй ...  
Үзсэн: 1149 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй