Шууд Chart

Ажилласан жилээ нөхөн тооцуулахаар 268 398 иргэн хүсэлт гаргажээ

2013-07-16 17:12:36

       Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн хэрэгжилтийн явцын тухай мэдээг одоо та бүхэнд хүргэе.  Энэ хуулийн дагуу бол 1990-2000 оныг дуусталх хугацааны ажилласан жилээ нөхөн тооцуулах боломж иргэдэд гарч ирээд байгаа. Яг ингэж ажилласан жилээ нөхөн тооцуулахаар  268 мянга 398 иргэн хүсэлт гаргасан байна. Тэдний хүсэлт өргөдлийг аймаг дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээр дамжуулан хүлээн авч бүртгээд байгаа юм.

     Эдгээр хүмүүсээс 183 мянга гаруй иргэний гэмт хэрэгт холбогдож байсан эсэх тухай мэдээллийг ЦЕГ-аас авахаар шилжүүлээд байна.  Гэхдээ энэ лавлагаа мэдээллийг тухайн иргэний оролцоогүйгээр НДЕГ болон ЦЕГ хамтран ажиллах гэрээний үндсэн дээр мэдээллээ солилцож байгаа юм байна. Одоогийн байдлаар 85 мянган иргэн тэтгэврээ нөхөн тооцуулах боломжтой болжээ. Ер нь ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд хамрагдах иргэдийн тоог урьдчилсан байдлаар 500 мянга гаруй гэж тооцоод байгаа.

     Өөрөөр хэлбэл 1990-1995 оны хооронд татан буугдаж, дампуурч, хувьчлагдсан үйлдвэр аж ахуйн нэгжүүдэд ажиллаж байгаад ажилгүй болсон энэ тооны иргэд тэтгэврээ нөхөн тооцуулна гэсэн үг. Хуулийн хэрэгжих хугацаа 8-р сарын 1-нээр буюу 10 гаруйхан хоногийн дараагаар тасалбар болж дуусч байгаа. Тиймээс ойрын өдрүүдэд нийслэлийн хувьд дүүргүүдийн нийгмийн даатгалын хэлтсүүдэд ачаалал нэлээн өндөр байна. Бид өнөө оройны Цагийн хүрд мэдээллийн хөтөлбөртөө энэ тухай сурвалжлагыг хүргэжь илүү дэлгэрэнгүй мэдээллийг НДЕГ-ын дарга Уртнасантай хийсэн ярилцлагаар та бүхэнд хүргэх болно.

Нийтэлсэн: Т.Үүрцайх

Ажилласан жилээ нөхөн тооцуулахаар 268 398 иргэн хүсэлт гаргажээ  
Үзсэн: 1695 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй