Шууд Chart

Д.Тогтохсүрэн: Засгийн газраас ковидын нөхцөл байдалтай холбоотойгоор ойрын хугацаанд тодорхой шийдвэрүүдийг гаргана

2021-06-14 15:54:38

УИХ-дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2021.06.14/-ийн ээлжит хуралдаанаар хоёр асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Хурлын шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил нар мэдээлэл хийлээ.

Д.Тогтохсүрэн “Бүлгийн хуралдаанаар хоёр асуудлыг хэлэлцлээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гишүүдэд 3 чиглэлийн мэдээлэл өгсөн.

Нэгдүгээрт, улс оронд ковид цар тахлын нөхцөл байдал хүнд байгаатай холбоотой мэдээллийг өглөө. Сүүлийн үед энэ өвчний дэгдэлт, нас баралт олширох хандлагатай байна. Үүнтэй холбоотойгоор Засгийн газар, УОК-оос авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээллийг өглөө. Хоёрдугаарт, төсвийн тодотгол, Улсын баяр наадамтай холбоотой болон цаг үеийн бусад асуудлаар мэдээлэл сонслоо.

Гуравдугаарт, цаашид хөрөнгө оруулалт, төсвийн талаар авч хэрэгжүүлэх асуудал, ялангуяа ковидын үед эдийн засгийг хэрхэн дэмжих талаар мэдээлж, бүлгийн гишүүд асуулт асууж санал солилцсон. Засгийн газар ойрын үед ковидтой холбоотой тодорхой шийдвэрүүдийг гаргахаар ярилцаж байна. Мөн төсвийн тодотголыг УИХ-ын хаврын чуулганаар буюу улсын баяр наадмаас өмнө хийж дуусгах шаардлага үүсч байна.

Мөн бүлгийн хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуулийг хэлэлцлээ. 2018 онд Засгийн газраас Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барьсан. Хуулийн төсөл дээр Ц.Мөнх-Оргил гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг сүүлийн гурван жил тасралтгүй ажиллаж байна. Бид өнгөрсөн намар, хаврын чуулганаар идэвхтэй хэлэлцэж байгаад түр хойшлуулсан байсан. Энэ хаврын чуулганаар уг хуулийн төслийг хэлэлцэж батлах нь зүйтэй гэдэг дээр бүлгийн гишүүд санал нэгдсэн. Засгийн газар, МҮЭХ, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, МҮХАҮТ Хөдөлмөрийн тухай хуулийн төсөлд маш идэвхтэй хамтран ажиллаж байна” гэлээ.

Ц.Мөнх-оргил: Хөдөлмөрийн тухай хуулийг хаврын чуулганаар батална

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын  төслийн зарим нэг онцлогийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “ Хөдөлмөрийн тухай хуулийг УИХ дур мэдээд баталчихдаггүй. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулиас бусад хуулийг УИХ нь улс төрийн шийдвэрийн хүрээнд баталчихдаг. Харин Хөдөлмөрийн тухай хуулийг ажилчдын төлөөлөл болсон МҮЭХ, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, МҮХАҮТ, Засгийн газар зөвшилцөж баталдаг. 

Ийм учраас Хөдөлмөрийн тухай хуулийн хэлэлцүүлгүүдийг тал талын байр суурийг авч,  удаан хугацаанд хэлэлцдэг. Энэ нь зөвхөн Монголд биш, бүх улс оронд адил юм.  Одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа Хөдөлмөрийн тухай хуулийг 1999 оны тавдугаар сард баталж, нийт 22 жилийн турш үйлчилж буй хууль юм. Уг хуулийг шинэчлэн найруулах ажлыг 2005 оноос эхэлж, 2008 онд дөрвөн талын оролцоотойгоор ажлын хэсэг байгуулагдаж ажиллаж эхэлсэн. 2015 онд УИХ-д өргөн барьсан нь буцаагдаж, 2018 дахин өргөн барьснаар ийнхүү хэлэлцэж байгаа юм.

Хөдөлмөрийн тухай хуулийг баталснаас хойш 22 жилийн хугацаанд хөдөлмөрийн зах зээл ерөнхийдөө бүрэн өөрчлөгдсөн. 1999 онд Засгийн газар нийт ажилчдын 90 хувийг ажлын байраар хангаж байсан юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улс үндсэндээ нэг том ажил олгогчтой байсан. Өнөөдөр тэгвэл Засгийн газар нь төрийн албаны 180 мянган хүний  ажил олгогч болсон. Үлдсэн нэг сая гаруй хөдөлмөр эрхлэгчид ажил олгогчдын олон хэлбэрт очсоноор  хөдөлмөрийн харилцаа өөр хэлбэрт шилжлээ. Энэхүү хуулийг баталснаар хөдөлмөрийн зах зээлд үүсээд буй олон асуудлыг зохицуулах юм ” гэв.


Д.Тогтохсүрэн: Засгийн газраас ковидын нөхцөл байдалтай холбоотойгоор ойрын хугацаанд тодорхой шийдвэрүүдийг гаргана  
Үзсэн: 23591 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй