Шууд Chart

Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19, 20 дахь илтгэлийг хэлэлцлээ

2021-06-15 17:18:21

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 10 цаг 07 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, цахим хэлбэрээр хуралдаж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Малчин эмэгтэйчүүдийн хүний эрх, хүчирхийллээс ангид байх эрхийн хүрээнд гурван асуудлыг хөндөж тавьсан. Тухайлбал, малчин эмэгтэйчүүдэд хамаарах статистик мэдээлэл, амьжиргаа, аж байдал, хөдөлмөр эрхлэлтийн асуудал болон малчин эмэгтэйчүүдийн хүчирхийллээс ангид байх эрхийн асуудал, тэдний бэлгийн болон нөхөн үржихүй, эрүүл мэнд, эрхийн асуудлыг хөндөж гаргасан. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд заасны дагуу ХЭҮК нь хоёр жилд нэг удаа УИХ-д жендерийн эрх тэгш байдлын талаарх тайланг өргөн барьдаг. Энэ хүрээнд хуулийн хэрэгжилттэй холбоотой мэдээллийг оруулсан. Химийн хорт болон аюултай бодисын хадгалалт, хамгаалалтын талаар тулгамдаж буй асуудлаар тодорхой саналуудыг гаргасан. Ялануяа химийн хорт болон аюултай бодисын бүртгэл, хадгалалт, устгалтай холбоотой асуудлыг хөндөж, тодорхой саналуудыг гаргасан байгаа. “Хүний эрхийн олон улсын индекс ба Монгол Улсын эзлэх байр” асуудалд тодорхой саналуудыг тусгаж, энэ хүрээнд тус комиссоос үндэсний индексийг боловсруулах ажлыг эхлүүлсэн гэдгийг ХЭҮК-ийн гишүүн Ж.Хунан танилцуулгадаа дурдсан.

"Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 20 дахь илтгэл"-ийн танилцуулга:

  • Нэгдүгээр бүлэгт, Хүний амь нас, нийтийн эрүүл мэндийг хамгаалах үүднээс Ковид-19 цар тахлын үед хүний эрх, эрх чөлөөнд хязгаарлалт тогтоож болно. Гэвч ийм хязгаарлалт нь зорилгоо биелүүлэхэд зайлшгүй шаардлагатай, хүний эрх, эрх чөлөөг хамгийн бага түвшинд хязгаарласан, хүнийг ялгаварлан гадуурхаж, гутаан доромжилсон шинжгүй байх ёстой. Энэ бүлэгт хөл хорио, тусгаарлалт, нийгмийн хэв журам сахиулах үйл ажиллагааны үед хүний амьд явах, халдашгүй чөлөөтэй байх, ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрх хэрэгжсэн эсэхэд дүн шинжилгээ хийв.
  • Хоёрдугаар бүлэгт, Зорилтот бүлгийн эрх Ковид-19 цар тахлын нөхцөлд төрөөс ахмад настан, хүүхэд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой, эрсдэлтэй бүлгийн иргэдэд нийгмийн халамж хүргэх, хоол хүнс, орон байр, цэвэр ус, түлш, ариун цэврийн хэрэгсэл зэрэг наад захын хэрэгцээт зүйлсээр хангах ёстой. Энэ бүлэгт эдгээр иргэдийн нийгмийн халамж, хамгаалал болон хүчирхийллээс ангид байх эрхийн хэрэгжилтийг үнэлж, тулгамдаж буй асуудлыг тодорхойлов.
  • Гуравдугаар бүлэгт, Иргэний болон улс төрийн эрх, эрх чөлөө Монгол Улс энэ цаг үед хүний эрх, эрх чөлөөг хамгаалсан бодлого, хууль батлан гаргаж, УИХ-ын болон орон нутгийн ээлжит сонгуулийг товлосон хугацаанд нь зохион байгуулж, иргэний, улс төрийн эрхийг хангах талаар амжилт гаргасан. Гэвч иргэнийхээ эх орондоо эргэж ирэх, хувийн нууцаа хамгаалуулах, мэдээлэл авах эрхийг зөрчиж, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх, жагсаал цуглаан хийх, шударга шүүхээр шүүлгэх, төрийн үйл хэрэгт оролцох эрхийн талаар авсан зарим арга хэмжээ нь хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах хуульд заасан шаардлагад нийцээгүй талаар тусгав.
  • Дөрөвдүгээр бүлэгт, Эдийн засаг, нийгэм, соёлын эрх Ковид-19 цар тахлын үед иргэдийн эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах, хөдөлмөрлөх, аж ахуй эрхлэх, сурч боловсрох зэрэг эрхэд үзүүлж буй нөлөөлөл, төрөөс авч буй хариу арга хэмжээ, үр дагаврыг тодорхойлж, эдийн засаг, нийгэм, соёлын эрхийг хангах чиглэлээр санал дэвшүүлэв.
  • Тавдугаар бүлэгт, Төрийн албан хаагчдын хөдөлмөрлөх эрх, гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын үед тусгай үүрэг гүйцэтгэсэн эмч, эрүүл мэндийн ажилтан, цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагчдын ажиллах орчин нөхцөл, цалин хөлс, нэмэгдэл, урамшуулал, халдвар хамгааллын хувцас, хэрэгслийн хангалт, эрүүл мэнд болон нийгмийн баталгаа зэрэг хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтэд судалгаа, дүн шинжилгээ хийж, цаашид авах арга хэмжээний талаарх саналыг боловсруулав.
  • Зургаадугаар бүлэгт, Туслах малчдын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, хүний эрхийн хэрэгжилт Комисс “Туслах малчдын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, хүний эрхийн хэрэгжилт” судалгааг 6 аймгийн 18 сумын малчид, орон нутгийн удирдлага, албан хаагчдын төлөөлөл нийт 1244 хүнийг хамруулан зохион байгуулж, судалгааны үр дүнд тулгуурлан боловсруулав гэж дурдсан байлаа.

Ингээд Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19, 20 дахь илтгэлийг хэлэлцсэн талаарх  Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулга сонсож, Байнгын хорооны тогтоолын төслийг дэмжив.

Үргэлжлүүлэн Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар хийв.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтын явцын талаар мэдээлэлдээ, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ хэрэгжилтийг хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 07 дугаар тогтоолоор байгуулж, ахлагчаар нь миний бие, гишүүдэд УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Ц.Мөнхцэцэг, Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Л.Атарцэцэг, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга С.Амардэлгэр, нарийн бичгийн даргаар Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөх М.Үнэнбат нар ажиллаж байгааг дурдаад  Монгол Улсын шүүхийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтын талаар олон нийтэд мэдээлэх, шаардлага хангасан иргэдийг сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн хэвлэлийн хурлыг Ажлын хэсэг 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулсныг Ажлын хэсгийн ахлагч танилцуулгадаа онцлов.  

Мөн Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 09 дүгээр тогтоолоор Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүний сонгон шалгаруулах ажлын хэсгийг байгуулж, Ажлын хэсэг Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд 29 хүн, Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд 24 хүнийг оролцогчоор бүртгэн, Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 06 дугаар тогтоолоор баталсан “Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журамд заасны дагуу илтгэгч гишүүнийг томилон ажиллуулж байсан хэдий ч Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 03 дугаар дүгнэлтээр сонгон шалгаруулалттай холбоотой бүх зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзсэн тул Үндсэн хуулийн цэцийн эцсийн шийдвэр гарах хүртэл ажлын хэсгийн үйл ажиллагаа түдгэлзээд байгааг дурдав.

Монгол УИХ-ын 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэн 41 дүгээр тогтоолыг баталсан бөгөөд УИХ-ын тогтоолыг Үндсэн хуулийн цэцэд хүргүүлээд байна. Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.Солонгоос 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 2/231 дугаар албан бичгээр Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд заасны дагуу УИХ-ын 41 дүгээр тогтоолыг Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар хэлэлцүүлэхээр холбогдох бэлтгэлийг хангаж байгаа талаар Хууль зүйн байнгын хороонд мэдэгдсэн гэдгийг Ж.Сүхбаатар гишүүн танилцуулгадаа онцолсон.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүний сонгон шалгаруулалтын явцын талаар мэдээлэлдээ Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 20 дугаар зүйлийн 20.9 дэх хэсэгт заасны дагуу Нийт шүүгчийн чуулганыг зохион байгуулж, Ажлын хэсгийн анхны хуралдааныг 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулж, ахлагчаар нь  Улсын дээд шүүхийн шүүгч Д.Мөнхтуяаг сонгосон. Нийт шүүгчийн чуулганы талаарх мэдээллийг шүүгчдэд хүргэх, холбогдох дүрэм, журмын төслийг танилцуулж санал авах, Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны гишүүнд нэр дэвшигчдийн материалтай танилцах боломжийг бүрдүүлэх үүднээс чуулганы цахим хуудас www.judges.shuukh.mn-ийг хөгжүүлсэн бөгөөд нийт 466 шүүгч өөрийн нэвтрэх эрхийг идэвхжүүлэн ашиглаж байна. Нийт шүүгчийн чуулганыг зохион байгуулах ажлыг хуульд заасан хугацаа, төлөвлөгөө, шаардагдах зардлын тооцоог гаргах, Ажлын хэсгийн хуралдааныг зохион байгуулах, шүүгчдийн вакцинжуулалтын судалгаа авах, Нийт шүүгчийн чуулганыг зохион байгуулах хувилбар, тооцоо гаргах зэрэг ажлыг тухай бүр хэрэгжүүлээд байна. Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүнд нэр дэвших тухай хүсэлт хүлээн авах тухай зарыг байршуулах, хүсэлт хүлээн авах, хувь хүний нууцад хамаарахаас бусад мэдээллийг хуульд заасны дагуу олон нийтэд танилцуулах, сонирхогч этгээдээс санал, асуулт хүлээн авч, Ажлын хэсэгт зохион байгуулалтын дэмжлэг үзүүлэх зэрэг ажлыг хийж гүйцэтгээд байгааг Ажлын хэсгийн ахлагч танилцуулгадаа онцолсон.

Түүнчлэн Ажлын хэсгийн зүгээс дараах саналыг боловсруулсан байна.

  1. Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд Нийт шүүгчийн чуулганыг Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс буюу 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 120 хоногийн дотор зохион байгуулж, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүнийг сонгоно гэж заасан бөгөөд коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахал, түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунгасантай холбогдуулан Нийт шүүгчийн чуулганыг 120 хоногийн хугацаанд зохион байгуулах боломжгүй болсон тул Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах.
  2. Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 8 дугаар зүйлд Монгол Улсын Их Хурал Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 120 хоногийн дотор Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулж, томилно гэж заасан бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 03 дугаар дүгнэлтээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах үйл ажиллагаа бүхэлдээ Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзсэн тул Үндсэн хуулийн цэцийн эцсийн шийдвэр гарах хүртэл сонгон шалгаруулалтыг зохион байгуулах боломжгүй болсонтой холбогдуулан Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах.
  3. Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д заасны дагуу Нийт шүүгчийн чуулганыг зохион байгуулахад тодорхой хэмжээний төсөв, хөрөнгийн асуудал шаардлагтай болсон бөгөөд тус хуулийг батлах үед 2021 оны төсөв батлагдсан байсан тул үүнийг зайлшгүй шийдвэрлэх шаардлага гарсан тул дээр дурдсан нөхцөл байдал арилан Нийт шүүгчийн чуулганыг зохион байгуулах үед шаардагдах төсөв, санхүүгийн асуудлыг Засгийн газрын нөөц сангаас гаргах асуудлыг судлан шийдвэрлэх.
  4. Шүүн таслах ажиллагааг бие даан хараат бусаар явуулах, иргэдэд шүүхийн үйлчилгээг хүртээмжтэй, аюулгүй хүргэх нөхцөлийг хангах, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны үйл ажиллагааг хэвийн явуулах зорилгоор зориулалтын шаардлага хангасан барилга байгууламжийн асуудлыг шийдвэрлэх, төрийн өмчийн зарим барилгыг шүүн таслах үйл ажиллагаа явуулах зорилгоор шүүхийн байгууллагад шилжүүлэх асуудлаар Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд даалгах нөхцөл үүссэнийг саналд дурдаад үүнтэй холбогдуулан Ажлын хэсгээс Хууль зүйн байнгын хорооны тогтоолын төсөл боловсруулсан байна.  

Байнгын хорооны тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 57,1 хувь нь дэмжсэнээр хуралдаан өндөрлөв.


Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19, 20 дахь илтгэлийг хэлэлцлээ  
Үзсэн: 1059 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй