Шууд Chart

Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

2021-06-23 17:30:34

Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2021.06.23) 14 цаг 10 минутад ирц эхэлж, хоёр асуудал хэлэлцэхээр тогтов.

Хуралдааны эхэнд Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Г.Мөнхцэцэг хийв.

Тэрбээр, Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хэлэлцэн шийдвэрлэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус Байнгын хороонд шилжүүлсэн. Нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг явуулах үед Улсын Их Хурлын даргаас гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хамт өргөн мэдүүлсэн Соёлын өвийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 4 дүгээр зүйлийн 20 дахь заалт буюу 52 дугаар зүйлийн 52.4 дэх хэсгийг өөрчлөн найруулах саналын томьёоллыг бэлтгэсэн. Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр байгаа, мөн Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.5 дахь хэсэгт заасны дагуу татварын холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг 2021 оны намрын ээлжит чуулган эхлэхээс өмнө Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, Соёлын тухай хууль хүчин төгөлдөр болох хугацаанаас өмнө батлуулахыг Монгол Улсын Засгийн газарт даалгасан “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг бэлтгэн танилцуулж байна гэв.

Хуулийн төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, тодруулга авав. Тухайлбал, Ж.Мөнхбат гишүүн Соёлын тухай хууль анх хэлэлцэгдэж байх үед соёлын өвийг хамгаалах тухай асуудлыг тус хуульд уялдуулах талаар саналаа тусгаж байсан. Иймд соёлын өвийг хамгаалах, тэр тусмаа түүх, соёлын үл хөдлөх дурсгалын хууль бус хайгуул, малтлагаас урьдчилан сэргийлэх, соёлын өвийг хулгайд алдахаас сэргийлэх асуудал тус хуульд хэрхэн зохицуулагдсан талаар тодруулав.

Ажлын хэсгээс хийсэн тайлбарт, шинэчилсэн найруулагад, уг асуудлыг цогцоор нь оруулсан. Тодруулбал, хууль хэрэгжүүлэх ажлын хүрээнд төсвийн, эрүүгийн болон бусад холбогдох хуульд нэмэлт оруулахаар заасан, мөн боловсон хүчин, албан хаагчдын тоог нэмэгдүүлэх заалт тусгасан гэв.

Ажлын хэсгийн ахлагчийн хийсэн танилцуулгатай холбогдуулан Байнгын хорооны дарга Г.Дамдинням чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг явуулах үед Улсын Их Хурлын даргаас гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хамт өргөн мэдүүлсэн Соёлын өвийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Ажлын хэсгээс зарчмын зөрүүтэй саналын томьёолол боловсруулсан. Иймд уг зарчмын зөрүүтэй саналын томьёололд санал хураалт явуулна гэв. Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1 дэх заалтын дагуу төслийн 4 дүгээр зүйлийн 20 дахь заалт буюу 52 дугаар зүйлийн 52.4 дэх хэсгийг “Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг хоёр жилээс дээшгүй хугаацаагаар улсын хилээр нэвтрүүлнэ. Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас уг хугацааг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн мэргэжлийн зөвлөлийн саналыг үндэслэн нэг удаа 1 жил хүртэл хугацаагаар сунгаж болно” гэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёолол хуралдаанд оролцсон гишүүдийн 72,7 хувийн саналаар дэмжигдэв.

Ийнхүү Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн тухай Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Г.Мөнхцэцэг нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын эцсийн хэлэлцүүлгийг хийлээ   
Үзсэн: 705 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй