Шууд Chart

Гуниг зовлонгийн туулийг эвдэгч буюу Александр Солженицын

2021-07-16 09:30:33

Бурхан минь энэ явдлыг чухам яаж тайлбарлах вэ? Би хаана амьдарч байна аа. Энэ зүүд үү, эсвэл азгүйтэл үү?... Үгүй ээ аль нь ч биш. Энэ бол бодит амьдрал. Гэхдээ доромжлолоор дүүрэн бодит амьдрал. Орос орон одоо зөвхөн доромжлол болжээ. Орос хүнд амьд явах эрх алга. Тэгж бид үнэхээр чадахгүй нь ээ. Шударга ёс, сайхан сэтгэл, үнэнч зан чанар хаана байна. Хараал ид... ёстой хараал ид... Харж байна уу намайг. Би офицер хүн, түүгээр ч зогсохгүй зохиолч хүн. Гэтэл одоо энэ. Намайг сайн хар. Үзэн ядмаар гэмт хэрэгтний алаг эрээн хувцас өмсчихсөн,  код щ-262... Надад одоо нэр байхгүй. Тэгэх ч шаардлагагүй. Зүгээр л ялтны энэ чөтгөрийн код байхад бол оо. Яагаад гээч?

Яагаад гэвэл би гайхамшигт Гоголийн амьгүй албатуудын нэг болчихлоо. Зөвлөлт засаг, сахал Сталин намайг ийм болгочихлоо. Тэр жинхэнэ оросуудыг ингэж гутаан доромжилж, тамлан тарчлаах ямар эрхтэй юм бэ. Тэр бол зүгээр л нэг муу уулын гүрж шүү дээ. Ямар ч боловсролгүй, сэтгэл зүрхгүй түүнийг би хэзээ ч, хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй. Бурхан минь, бурхан минь жинхэнэ сайхан сэтгэлт орос хүмүүс зовлон, шаналангийн туулийг үзэж амсаж байна. Өдгөө би ч бас тэдний нэг болчихлоо. Эхнэр хүүхдүүд минь баяртай, үүрд баяртай. Энэ халуун тамаас би амьд мэнд гарна гэдэгт бүрэн итгэж чадахгүй байна. Ядаж надад цаасны булан, харандааны хугархай ч алга. Зөвлөлт засгийн эсрэг тэрс үзэлтэнд угаасаа тийм зүйл хэрэггүй биз дээ. Гэхдээ хуурамч амьтад аа, би та нарыг заавал ялан дийлэх болно.

Ирээдүй намайг үнэлж хайрлах болно. Надаас уучлалт гуйх болно. Анд минь, чи бид хоёр уг нь үхэл дундуур, дайны талбар дундуур хамт алхсан. Гэтэл чи минь ийм өөдгүй амьтан байсан гэж үү. Би чамайг үзэн ядаж байна. Чи мэднэ. Би хэзээ ч, хэнийг ч, хэрхэвч ингэж үзэн ядаж байгаагүйг чи мэднэ. Бүр немцүүдийг хүртэл шүү... Гэхдээ би одоо чамайг яг тэгж үзэн ядаж байна... чөтгөр ав... 1945 оны 8 дугаар сарын тэр нэгэн түнэр харанхуй нөмөрсөн өдөр тэр ингэж сэтгэл зүрхэн дотроо тарчилж суулаа. Үнэхээр түүний зөв байсан юм.

Хэсэгхэн хугацааны өмнө Зөвлөлт Холбоот Улсын яруу алдарт улаан армийн нэр төртэй офицер, фашистуудын эрлэг, нэлээдгүй нэрд гарч явсан зохиолч тэрбээр нөхөр Сталины дэглэмийн болж бүтэхгүйг хамтдаа хал үзэж, хамтдаа халуун чулуу долоож явсан хамгаас дотно нөхөртөө бичсэн нь алдаагаар барахгүй, дэндүү том алдаа болсон юм. Жавхалзсан офицер тэгээд одоо энэ Гулаг хэмээх Зөвлөлтийн хамгийн аймшигтай, хамгийн хэрцгий хорих лагерьт бүтэн найман жилийн ял сонсчихоод сууж байна. Уг нь түүний найз Солженицыны захидлыг уншаад л устгачихаж болох байсан л даа. Гэхдээ тэр хөөрхий эрд тийм сэтгэл байсангүй. Харин түүнийхээ оронд КГБ буюу нийгмийг аюулаас хамгаалахын эрхэм комиссаруудад эрхэм нөхрийгөө худалдчихсан билээ. Солженицын тэр захидлыг дайн дуусахаас хэдхэн сарын өмнө буюу 1945 оны хоёрдугаар сард бичсэн юм.

Зөвлөлт засаг туулиас ядуу тарчгийн дээр болхи бүдүүлэг тул Гулагт хоригдох ялтнууд барууныхан шиг ч юм уу, ядаж их Британийн колони Энэтхэгийн хорих лагерьт байгаа юм шиг байж хэзээ ч чадахгүй. Учир нь тэднийг хоёр, гурваар нь тусгаарлах сав, зовлонд тарчилсан Орос оронд даанч үгүй хийгээд түүний оронд харин нийтийн хорих том том тасалгаанууд байна. Энэ тасалгаа бол библи дээр гардаг тамын тухай төсөөллөөс ч илүү аймшигтай газар. Эвгүй үнэр танар, хүний зовлон, цөхрөл, гашуудал, үхэл хагацал, бас аллага гээд ер хорвоогийн муу муухай холилдсон хар нүх. Цонх гээд байх олигтой зүйл бас үгүй. Тэрний оронд ямар ч хөнгөний тамир сайтай хоригдол хана өөд хичнээн дүүлээд шал дэмий, тэр дээр хэдхэн хуруу нүх байх. Тэр нүхээр зөвхөн хүйтэн жавар л орж ирнэ.

Аугаа их зохиолч Александр Исаевич Солженицын хэд хоногийн өмнөөс эрчимтэйгээр эвэршиж эхэлсэн баруун гараараа нүүрээ таглаж, сүрлэн дээр даавуу, шаавууны өөдөс хаясан нааран дээр сууна. Дэндүү бүдүүлэг хоригдлуудын сүүжээ амраадаг энэ наар гурван давхар бөгөөд тэд цөм сүрлэн гудастай. Өс санасан нөхдүүд, шоронгийнхны хэллэгээр бол овгорууд шөнийн цагаар наарнаас, наарны хооронд аялаж, өдөр муудалцсан нөхдийг өчиггүй цааш нь харуулна. Гулагийн гадаа өргөстэй тор, Гулаг дотор үзүүртэй хадаас...

Солженицын 1918 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Оросын хаана ч юм бэ   төрсөн. Тэглээ ч түүнийг хорвоод ирэх үед Орос орон яг л эртний тансаг Грек, Ромын уран барилгууд мэт байж байгаад гэнэт галт уулын дэлбэрэлтээр хайр найргүй нурж ердөө балгас л үлдсэн билээ. Энэ нь үнэндээ нөгөө нөхөр Лениний удирдсан ажилчин тариачдын их хувьсгал шүү дээ.  Нэг үгээр хэлбэл, Солженицын газар хөдлөлт дунд өсч өндийсөн хүн юм. Гэвч жирийн нэгэн чичиргээн дунд биш хэзээ л бол хэзээ хамгийн өндөр баллын газар хөдлөлт дунд эмгэнэлтэй энэ эрийн хүүхэд нас хийгээд идэр залуу үе улиран оджээ. Түүнийг ЗХУ-ын эрүүгийн хуулийн 58 дугаар зүйл ангиар ялласан юм. Хорих лагерийн хүнд хэцүү өдрүүд үргэлжилсээр. Энд тэндгүй хүмүүс үгүй болж, бас адгийн халаасны хулгайчаас эхлээд нам төрд өндөр алба хашиж байгаад хэлмэгдсэн хүмүүс нэмэгдэж ирсээр. Гулагийн дотор өөрийн орон зайгаа олж авна гэдэг үнэхээр том зүйл.

Энэ бол хүний нийгмээс тэс ондоо газар агаад эндэхийн хуягууд нь хоригдлуудаа амьд үлдээсэй гэж хэзээ ч хүсч байгаагүй. Түүний оронд үхэж үрэгдсэнийх нь дараа уурын зуух галлачихна. Тэд ерөөс нацистуудаас илүү гарах зүйлгүй. Цөм адилхан сэтгэл зүрхнийх нь оронд зангидсан гар шиг хав хар  чулуутай байна. Солженицын дуугүй л байдаг байлаа. Тэр дуугарлаа гээд бас яах билээ. Гэсэн ч тэр улаан армийн офицер явсан нэгэн болохоор жирийн нэг муу хулгайчид доромжлуулна гэвэл санасны гарз. Тэсэхийн аргагүй өдөр, хоногууд өнгөрч, шоронгийн хүнд хэцүүд зохиолчийн зовлонт сэтгэл дасч эхэллээ. Удалгүй түүнд хаанаас ч юм бэ  алгын чинээ цаас олдох болж, харандааны хугархай ч үзэгдэв. Манай хүн шууд зохиол бичих гэж яарсангүй. Тэрний оронд Гулаг хорих лагерийн хүний явдлаас хэтэрсэн үйл явдлуудыг нэг нэгээр нь маш товч хэрнээ тодорхой, ганцхан өөрөө л гаргаж уншиж чадахаар тэмдэглэж эхлэв. Тэр хэрвээ энэ халуун тамаас гарч чадах юм бол тэр алгын чинээ цаасан дээрх тэмдэглэлүүд нь ямар үнэ цэнэтэй зүйл болохыг мэдэж байсан юм.

Өвлийн хүйтэн жавар дахиад л үлээж эхэллээ. Өргөст тор хэл, хөл, гар гурвыг тасдаж чадахаар, тийм аймшигтай хүйтэн... ганцхан хүмүүсийн хүсэл л түүнийг гэтэлж гараад Сибирийн өргөн уудам тайгаар эрх дураараа зугаална. Өглөөний харанга дэлдэж ялтнуудыг нийтийн хорих лагерийн гадна, нөгөөх аймшигт төмөр торонд дотор жагсаагаад тоо авлаа. Бас л гурван хоригдол үхжээ. Комиссарууд тэднийг хөлдөж үхсэн гэх акт бичих боловч үнэн хэрэгтээ бол огт тийм биш. Бусдад хорлогдсон болох нь илт илэрхий. Хоригдлууд чичирч зогсоно. Солженицын навтас болсон хувцасныхаа тамтагны захыг босгочихсон түүн рүүгээ хошуугаа байдгаараа шаагаад нэг хөлөөрөө нөгөө хөлөө зөөлөн зөөлөн дэлсэж зогсоно. Хоригдол бүр ийм хөдөлгөөн хийнэ. Харуулын цамхагийн наана байх агаарын хэмийг хэмжигч багаж хэзээнээс буруу ажилласаар ирсэн өөдгүй зүйл. Хүн байтугай баавгай тэсэхэд бэрх энэ хүйтнийг тэр ажиг ч үгүй ердөө л 20 градус гэж худлаа заана.

Манайхны ярилцдагаар бол энэ багажийг даруй агаарын хэмийг 15 хэмээр дутуу заадаг болгож зассан гэнэ лээ. Комиссарууд хоригдлуудыг хашаа ч юм бэ тууж явлаа. Хуягууд өөрсдөө хөлдөж үхэх шахах нь нэг бодлын инээдтэй. Тэдний барьсан дайсны өмнөөс нэг ч буудаагүй зөвхөн өөрсдийнхнийгөө л цааш нь харуулж байсан винтовууд эздийнхээ гарыг хөөрхий болтол нь хайрах ч хүйтэн хоолойнд нь байх шар сумнууд гох дарахыг хүлээн байж ядах шиг.

Хоригдлуудыг туусаар нэгэн саравчинд авч ирлээ. Энэ саравчийг сүүлд ирсэн ялтнууд үзээгүй юм. Хуягууд хоригдлуудыг нэг нэгээр нь дуудаж тэдний зургийг авна. Урд өмнө нь огт харагдаагүй КГБ-ын шинэ комиссар ялтнуудыг “наашаа хар” гэж байгаад ажлаа хичээнгүй гэгч нь хийнэ. Солженицыны ээлж ирлээ. Тэр их турж, эцээд нүднийх нь гал бүр унтарч, дүүрэн гунигаар халгиж, цалгижээ. Өмссөн хөвөнтэй хүрэмний тамтаг нь эзнээ бүр ч гутаан доромжлох агаад түүнээс нь цувсан хөвөн манай хүнийг яг үгээгүй ядуу гуйлгачин шиг болгосон байх юм. Бас болоогүй. Гулагт өмсөх юм юу л олдоно, тэр бүгдийг шуудхан л углаж байх ёстой. Тэгэхгүй бол хөлдөж үхнэ. Солженицын үүнийг мэдэх тул толгой дээрээ малгай гэж хэлмээргүй тэгсэн атлаа саравчтай, тэр нь инээдтэйгээр атирч нугарсан хөгийн зүйл олоод тавьчихаж. Гунигт зохиолчийн малгай дээр нь Щ-262, салбархай хүрмэн дээр нь Щ-262, тоос, шороотой өмдөн дээр нь Щ-262...

1953 он 3 дугаар сар ирлээ... Гулагийн, зүйрлэн хэлбэл бурхан мартсан тэр газрын зэвтэй дааман хаалга онгойх нь зэвүүн хийгээд чихэнд яасан чийртэй дуугарна вэ? Хэт их нүгэл хийсэн хүний өмнө нөгөө ертөнцийн хаалга л ингэж  онгойдог байхдаа гэж бодож байтал ямар нэгэн аймшигт араатны хурц соёонуудад юу ч үгүй зажлуулчихсан юм шиг өр өвдөж, өвчүү цөмөрмөөр нэгэн хүмүүн гарч ирлээ. Тэр үл мэдэг доголон явах болоод ойрын хэдэн жил мөнхийн өлсгөлөн байсан нь мэдээжийн ажгуу. Удалгүй өрөвдөлт эрийн өмнө ногоон бүхээгтэй машин давхиж ирлээ. Гачлант эр юу болоод байгааг мэдэхийг ч хүсэхгүй мэт доошоо харан зогсоно. Нуруундаа үүрсэн уранхай үүргэвчнээс нь нулимс дусах шиг санагдана. Комиссарууд Александр Исаевич Солженицыныг Казакстан руу авч явахаар ирсэн нь энэ байлаа.

Зөвлөлт засгийн эсрэг засрашгүй тэрсүүд этгээдийг нутаг заан цөлөх тухай нам төрийн эрхэмсэг удирдагчийн гарын үсэгтэй тушаалыг тэд дөрвөлжин ногоон цүнхэндээ хийжээ. Солженицын зандалчдын машины бүхээгт нүдээ анин, анин явлаа. Бүхэл бүтэн найман жилийн турш тарчилсан Гулаг хорих лагерь тэдний ард гаслан үлдэх нь чихэнд сонсогдож, нүдэнд харагдана.

Мөн л баахан хэлмэгдүүлэлт, яргалал болсон Казакстаны эзгүй зэлүүд газар Солженицыныг угтлаа. Гэхдээ энд байгаа нэг сайхан зүйл бол балмад зэрлэгүүдээс хол байх явдал юм. Тосгоны Комиссар зохиолчийн хувь заяаг гартаа авч түүний босох суух, идэж уухыг заана. 1953 оны гуравдугаар сарын 15-ны өдөр Зөвлөлт оронд хэмжээлшгүй их уй гуниг тохиолдож, мянга мянган намын гишүүд нүдээ дов болтол уйллаа. Нөхөр Сталин бурханы авралаар тэнгэрт хальсан болохоор тэр. Солженицын цөллөгийнхөө умгар жижигхэн саравчинд бичиж суулаа. Гулагийг бодвол энд олон зүйл ондоо. Ядаж л бусдын нүднээс далд үдэш оройдоо өөрийн дураар бичээд байх. Одоо энэ эмгэнэлт зохиолчийн гэр бүл хаана, хэрхэн яаж аж төрж байгааг хэн ч үл мэднэ. Тэр өөрөө ч энэ тухай бодохыг үл хүснэ.

Тэгэхгүй бол тэсэхийн аргагүй зовлон шаналан түүнийг тэврээд авдаг болохоор энэ. 1960-аад он гарлаа... Никита Хрущёв арай өөр зүйл яриад байх болов. Бугшсан социализмын харанхуй хавцалд бага ч гэсэн эрх чөлөөний салхи үнэртэж, өөрчлөлт ойртож байгаа нь тодорхой. Сталин үгүй болсон тул Солженицын ганцаардал, гачлангаас чимээгүй хагацаж байв. Энэ олон жилийн хугацаанд тэрбээр зүгээр суугаагүй байжээ. 1962 онд арай л өөр зүйлийн тухай өгүүлэх болсон намын шинэ удирдагч, зөвлөлтийн шинэ залуурдагч Никита Хрущёвын зөвшөөрлөөр Александр Исаевич Солженицыны алдарт “Иван Денисовичийн амьдралын нэг өдөр” хэмээх зохиол хэвлэгдэн дэлхий ертөнцийг донсолголоо. “Иван Денисовичийн амьдралын нэг өдөр” зохиол бол хорих лагерьт болж байгаа үйл явдлын үнэн төрх хийгээд тэрхүү мартагдсан газар, басхүү хэний  ч төсөөлөөгүй газар чухам юу болдог, хүн яаж хүн биш болдог, хүний зовлонгийн хязгаар гэж юу байдгийг утга зохиолын маш өндөр түвшинд бичиж илэрхийлсэн юм.

Түүний энэ зохиолыг унших бүрт орон зай, цаг хугацааг гэтэлж хүний цөхрөл гэж юу болохыг дэргэдээс нь харж байгаа юм шиг, Гулаг хорих лагерьт тарчилж байсан хүмүүс нүдэнд үзэгдэх шиг, сэтгэл зүрхэн дотор амьдралын талаас тун таагүй, утга зохиолын үүднээс хачин таатай мэдрэмж төрдгийг энд мартаж болохгүй. Хрущёвын учирлан, ухуулж байсан өөрчлөлт эцэстээ замхарлаа. Дахиад л хүйтэн жавар исгэрч эхлэв. КГВ-ийнхэн Солженицыныг тандах ажлаа үргэлжлүүлж бүр 1965 онд түүний зарим нэг зохиолын гар бичмэлүүдийг хураагаад авчихлаа. Аугаа их зохиолч балмад этгээдүүдийн энэ үйлдлээс анхандаа айж байсан ч нэгэнт хамаг зүйлээ алдсан хүмүүсийн тоонд аль хэдийнэ орсон тул зоригтойгоор бичиж эхлэв. Тэр дараагийн тэсрэлтээ хийчихлээ. Хүн төрөлхтний оюун санаа эхлээд цочирдов. “Гулаг олтриг” бол хүний зовлонгийн хүрч болох хязгаарыг эвдэж гарсан Солженицыны жинхэнэ өчил байлаа. Харамсалтай нь Зөвлөлтөд эл зохиолыг хэвлэх ямар ч боломж байгаагүй, шорон гяндан, хорих лагериудын үнэн нүүр царайг байж боломгүйгээр илчилсэн тул тэгж үнэхээр болохгүй байв. Хэрэв “Гулаг олтриг”-ийг эх орондоо хэвлэх гэж оролдох юм бол эртний анд болсон бөөнөөр хорих лагерь нь Солженицыныг эргээд угтаж авахад хэзээд бэлхэн.

Тиймийн учир хамгаас алдартай зохиолынхоо гар бичмэлийг тэр бусдад хар авахуулалгүйгээр хил давуулж чадлаа. “Гулаг олтриг” хамгийн анх баруунд хэвлэгдэж, олон хүмүүсийн зүрх сэтгэлийг хайр найргүй түймэрдсэн юм. Энэ үйл явдлын дараа 1969 онд Зөвлөлтийн зохиолчид, тэр дундаа Сталины нэрэмжит шагналтнууд Солженицыныг хараан зүхэж, зохиолчдын эвлэлээс хөөж орхилоо. Зөвлөлтийн шоронгийн систем хэмээх машин эгэл гэм зэмгүй орос хүмүүсийг хэрхэн яаж зажилж байгаа тухай уран зохиолын асар өндөр түвшинд бичигдсэн “Гулаг олтриг” гэтэл 1970 онд дэлхийн утга зохиолын дээд шагнал Нобелийн эзэн болчихлоо. Тэглээ гээд хэн ч түүнд баяр хүргэсэнгүй. 1974 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Нобелийн шагналт зохиолч Солженицыныг баривчлан Зөвлөлт Холбоот Улсын иргэншлээс хасч, баруун руу хөөчихлөө. Тэрбээр эхлээд Германд дараа нь Швейцарит амьдарч байгаад Стэнфордын их сургуулийн урилгаар эрх чөлөөний эх орон болсон Америкийн Нэгдсэн Улсад аж төрөх болсон юм.

1978 онд хадаасан дээгүүр хөл нүцгэн алхсан энэ хүн алдарт Харвардын их сургуулийн утга зохиолын хүндэт докторын зэрэг хүртэв. Орос орон 1990 онд суут зохиолчоо эргэж ирэхийг хичээнгүйлэн хүссэн юм. Сохор цаг эцэс болсон тул чөлөөт ардчилсан ОХУ аугаа зохиолчоо хайрлаж эхэлсэн юм. Солженицын 1994 онд эх орондоо эргэж ирэн намуухан аж төрж, бичиж, бүтээж байгаад 2008 оны 8 дугаар сарын 3-ны өдөр Москва орчимд таалал төгссөн юм. Александр Солженицыны төгсгөл нөхөр Сталинийхаас хүчтэй байсан. Коммунизмын үед Солженицыны зохиол маш цөөхөн хувиар хэвлэгдсэн. Хүмүүс “Иван Денисовичийн амьдралын нэг өдөр” зохиолыг 24 цагийн дотор амжиж уншаад бусдад дамжуулах ёстой байлаа. Манайд түүний зохиол 1960-аад онд орчуулагдан хэвлэгдсэн гэх боловч эрээд олдохгүй эрдэнэ болсон гэдгийг нэрт нийтлэгч Ойдовын Содномпил бичжээ.  Гуниг зовлонгийн туулийг эвдэгч буюу Александр Солженицын...

Нийтэлсэн: О.Цэнд-Аюуш

Гуниг зовлонгийн туулийг эвдэгч буюу Александр Солженицын  
Үзсэн: 4814 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй