Шууд Chart

Дэлхий даяар "Ковид-19" цар тахлын халдвар болон нас барсан тохиолдлын тоо нэмэгджээ

2021-07-18 20:06:04

Энэ долоо хоногт дэлхий даяар "Ковид-19" цар тахлын халдварын тархалт, нас баралт эргээд нэмэгдлээ. Ингэснээр дэлхийн олон улс оронд дахиад хөл хорио, хязгаарлалт тогтоож, вакцинжуулалтын явцыг хурдасгахаас аргагүйд хүргэж байна. Тухайлбал, Европ, Ази, Африк тив, Латин Америкийн орнуудад коронавирусний дельта болон бусад хувилбар давамгайлсан халдвар шинэ давлагаа үүсгэж байна.

Дельта хувилбар давамгайлсан халдварын тархалт коронавирусний эсрэг вакцинжуулалтын явц сайн, муугаас үл хамааран нэмэгдэж байгаад ДЭМБ-ынхан ихээхэн санаа зовниж байна.

Өнөөдрийн байдлаар дэлхий даяар 3.6 тэрбум тун вакцин хийсэн байна. Дэлхийн нийт хүн амын 12.8 хувь нь буюу 999 сая хүн коронавирусний вакцины хоёр тунд хамрагджээ.

Дэлхийн хүн амын дийлэнх хувийг коронавирусний эсрэг вакцинд хамруулахаас нааш хүн төрөлхтөн энгийн амьдралдаа эргэн орохгүй нь гэдгийг улс орнууд хүлээн зөвшөөрч байна.

ДЭМБ-ын мэдээлснээр коронавирусний халдвараар нас барах тохиолдол болон шинэ тохиолдол өнгөрсөн долоо хоногоос эргээд өссөн байна. "Ковид-19"  цар тахлын тархалт эргээд нэмэгдэхэд улс орнуудын иргэд коронавирусний эсрэг вакцин хийлгэхээс зайлсхийж, төр засаг нь амны хаалт зүүх журмаа цуцлаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ сулруулсан, мөн хамгийн хурдан халдварладаг коронавирусний дельта хувилбар тархаж байгаа зэрэг олон хүчин зүйлс нөлөөлж байна.

Өнөөдрийн байдлаар дэлхийн 111 улс оронд Энэтхэгт анх бүртгэгдсэн дельта хувилбар тархаж байна. Энэ хувилбар ойрын хэдэн сард дэлхий даяар халдварын зонхилох хувийг эзлэх, улс орнуудад давлагаалах төлөвтэй байгааг ДЭМБ-ын мэргэжилтнүүд анхааруулсаар байна.

Тухайлбал хүн амынхаа 53.5 хувийг коронавирусний эсрэг вакцинд хамруулсан Их Британид сүүлийн 24 цагт халдварын 50 гаруй мянган шинэ тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн нэгдүгээр сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо.

Өнгөрсөн долоо хоногт болсон Европын аварга шалгаруулах тэмцээнийг үзсэн 60 мянган хөгжөөн дэмжигч халдварын тархалт өсөхөд нэг талын нөлөө үзүүлсэн гэж тооцож байна. Их Британийн Засгийн газар энэ долоо хоногийн даваа гарагт Английн хөл хорио хязгаарлалтын дийлэнх хувийг цуцалсан, тухайлбал, дотоод орчинд амны хаалт зүүх журмыг хүртэл цуцалсан. Харин халдварын тархалт эргээд нэмэгдэж байгаатай холбогдуулан Лондон хотын дарга иргэдээ нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ амны хаалт заавал зүүх журмыг хэвээр үлдээж, Лондонгийн ресторанууд үйлчлүүлэгчдийнхээ тоог хязгаарлах зэргээр дор бүрнээ өөр өөрсдийн хязгаарлалт хийж байна.

Тус улсын эрх баригчид вакцинжуулалтын хувь өндөр байгаа учраас халдварын тархалт буурна гэж тооцож байгаа юм. Гэвч нөхцөл байдал тэдний тооцсоноос өөр дүр зурагтай байна. Их Британийн энэ жишээ хэдийгээр хүн амын 50 гаруй хувь нь вакцинд хамрагдсан ч амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих хязгаарлалтыг цуцлах болоогүй байгааг харуулж байна.

Мөн Тайланд, Малайз, Индонез, Япон, Өмнөд Солонгос, Мьянмар зэрэг Азийн хүн ам ихтэй улсуудад мөн л дельта хувилбар давамгайлсан халдварын тархалт нэмэгдэж, "Ковид-19" цар тахлын шинэ давлагаа үүсч байна. Тайланд улсад анх удаа халдварт тохиолдлын тоо өдөрт 10 мянга давжээ. Одоогоор шөнийн хөл хориотой байгаа хэдий ч Ерөнхий сайд нь хатуу хөл хорио тогтоохгүй бол байдал улам муудах төлөвтэй байгааг анхааруулж байна.

Гэвч иргэд нь хатуу хөл хорио тогтоовол улс орны эдийн засагт сөрөг нөлөө үзүүлнэ гэсэн үүднээс хөл хорихын эсрэг байр суурьтай байна. Индонезэд өдөрт халдварт тохиолдлын тоо 54 мянга, латин Америкийн Аргентин улсад цар тахлаар нас барагсдын тоо 100 мянга давж, ОХУ-д нас барсан тохиолдлын тоо энэ долоо хоногт хамгийн олон бүртгэгджээ.

Хүн амынх нь 55 хувь буюу 160 гаруй сая хүн вакцинд хамрагдсан АНУ-д сүүлийн хоёр долоо хоног дараалан өдөрт бүртгэгдэж байгаа халдварт шинэ тохиолдлын тоо хоёр дахин нэмэгджээ. Тус улсын залуучууд вакцинд хамрагдах идэвх муу байна. Иймээс Жозеф Байдены засаг захиргаа урлаг, спортын залуу оддыг вакцинжуулалтыг идэвхжүүлэхэд хамтран ажиллах бодлого барьж байна.

Мөн ирэх долоо хоногт олимп эхлэх гэж байгаа Япон улсад халдварт тохиолдлын тоо эрс нэмэгдэж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн тоо өсчээ. Мөн Австралид халдварын тархалт нэмэгдэж, 5 саяас дээш оршин суугчтай Сидней зэрэг хотуудад нэмэлт хязгаарлалт тогтоож, долоодугаар сарыг дуустал хатуу хөл хорио тогтоолоо.

Мөн Өмнөд Солонгост халдварын тархалт эрс нэмэгдсэнтэй холбогдуулж нийслэлээс гаднах муж, дүүргүүдэд нийгмийн зай барих түвшинг ахиуллаа.

Улс орнуудын цар тахлын өнөөгийн энэ байдал дэлхий нийт "Ковид-19" цар тахлыг тийм ч хялбар давах болоогүй, вакцинжуулалтыг түргэсгэх, халдвараас урьдчилан сэргийлэх дэглэмээ сулруулахгүй байх нь хохирол багатай даван гарах гарц гэдгийг ч хаана хаанаа хүлээн зөвшөөрч байна.

ДЭМБ одоо вакцины нөөц бололцоо улс орнуудын дунд хэтэрхий их ялгаатай байгаад ихээхэн шүүмжлэлтэй хандаж байна. Тухайлбал, чинээлэг орнууд хүн амынхаа 50-иас дээш хувийг хоёр тунд хамруулчихаад одоо бүүстэр буюу гурав дахь тунг хийхээр олон сая тун вакцины урьдчилан захиалга өгч байна. Гэтэл вакцин худалдаж авч чадаагүй, урьдчилж захиалаагүй олон улсын тусламжийн вакцин хүлээж байгаа улс орнууд олон байна. Тэд дөнгөж эрүүл мэндийн салбарынхан болон халдвар авах өндөр эрсдэлтэй бүлгээ л вакцинд хамруулж, зарим нь вакцинаа дөнгөж хүлээж авч эхэлж байна. Энэ бол туйлын амин хувиа бодсон бодлого гэж ДЭМБ-ын тэргүүн улс орнуудыг шүүмжилсээр байна.

Мөн вакцины хандив амласан улс орнууд хандиваа түргэвчлэх, вакцин үйлдвэрлэх шинэ төвүүдийг бүс нутгуудад байгуулах, вакцин үйлдвэрлэгчид вакцины лизенз зөвшөөрлөө бусадтайгаа хуваалцах нь цар тахлыг даван гарахад чухал түлхэц болно гэж ДЭМБ уриалсаар байна.

Үүний зэрэгцээ ДЭМБ-д бүүстэр вакцин хийх шаардлагатайг бүрэн дүүрэн нотлох судалгааны дүгнэлт хараахан байхгүй байна. ДЭМБ судалгааны үр дүнд суурилж бүүстэр тунг хийх шийдвэрийг гаргана. Харин гурав дахь тунг хийх нь зүйтэй гэсэн биотехнологийн компаниудын зөвлөмжид тулгуурлаж шийдвэр гаргахгүй гэдгээ албан ёсоор мэдэгджээ.

Нийтэлсэн: В.Ариунчимэг

Дэлхий даяар "Ковид-19" цар тахлын халдвар болон нас барсан тохиолдлын тоо нэмэгджээ   
Үзсэн: 3601 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй