Шууд Chart

Гвиней Улс олимпыг өнжих шийдвэрээ цуцлав

2021-07-23 12:26:58

“Токио-2020” олимпын нээлт болохоос хэдхэн цагийн өмнө Гвиней Улс уг олимпыг өнжих шийдвэрээ цуцалж буйгаа мэдэгджээ. Тус улс өмнө нь коронавирусний цар тахлаас болгоомжлох үүднээс эрх авсан таван тамирчнаа олимпод оролцуулахгүй гэж мэдэгдээд байв.

“Засгийн газар, эрүүл мэндийн байгууллагаас баталгаа гаргасны дараа манай тамирчид зуны XXXII олимпын наадамд оролцохоор болсонд баяртай байна” хэмээн Гвиней Улсын Спортын сайд Б.Соу мэдэгджээ.

Олимпыг өнжих эхний шийдвэр нь санхүүгийн асуудалтай холбоотой байсан бөгөөд тус улсын Засгийн газарт ойр эх сурвалж “Сангийн яам мөнгө гаргах боломжгүй гэсэн” хэмээн ярьсан байна.

Гэхдээ Гвинейн Үндэсний олимпын хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Нассоко “Associated Press”-т өгсөн ярилцлагадаа Токио руу аялах зардлын мөнгө бэлэн болсон хэмээжээ.

Ингэснээр чөлөөт бөхийн Я.Камара, жүдоч М.Бах, усанд сэлэгч Ф.Туре, М.Бах, спринтер А.Конте нар эх орноо төлөөлөн олимпод оролцохоор болов.

Гэхдээ эргэж буцсан энэхүү шийдвэр тамирчдыг багагүй бухимдуулжээ. Энэ талаар Я.Камара “Энэ олон тамирчныг нэг дор хүлээн авч буй Япон Улс олимпын наадмыг цуцлаагүй байхад Гвиней улс яагаад коронавирусний шалтгаанаар олимпод оролцохгүй гэж шийдсэн юм бэ гэдэгт маш их гайхаж байна” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа бухимдлаа илэрхийлсэн байна.

Гвиней Улс “Мехико-1968”-аас эхлэн 11 удаагийн олимпын наадамд оролцсон ч хараахан медаль авч чадаагүй юм. Тэд 2016 оны Риогийн олимпод мөн таван тамирчинтай оролцож байв. Гвиней шийдвэрээ өөрчилснөөр коронавирусний улмаас олимпод оролцохоос татгалзсан ганц улс нь БНАСАУ хэвээр үлдэв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Гвиней Улс олимпыг өнжих шийдвэрээ цуцлав  
Үзсэн: 589 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй