Шууд Chart

“Токио-2020”-д зориулсан виртуал “Mongolia house” аппликэйшн нээлтээ хийлээ

2021-08-01 11:00:42

Монголын үндэсний олимпын хорооноос 2020 оны Зуны XXXII наадамд зориулан бүтээсэн “Mongolia House” аппликэйшнээ танилцууллаа.

AR технологид суурилан бүтээгдсэн тус аппликэйшн нь Японы нийслэл Токио хотноо явагдаж буй олимпын наадамд оролцож буй Монголын баг тамирчдыг танилцуулах, дижитал орчинд Монголын соёл, өв уламжлалыг таниулах үндсэн зорилготой юм. Уг апп-ыг МҮОХ нь AR технологи хөгжүүлэлтийн чиглэлээр тэргүүлэгч Аргун ХХК-тэй хамтран бүтээжээ.

Олимпын наадамд оролцож буй улс орнууд өөрсдийн улс, соёлоо танилцуулах зорилгоор тусгай орчин, байшин засдаг уламжлалтай.

Манай улс ч 2020 оны олимпын наадамд өөрийн улсыг сурталчлах “Mongolia House” төслийг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж, Токио цамхагийн дор засахаар ажиллаж байсан юм. Гэвч цар тахлын улмаас төрөл бүрийн хязгаарлалт дор зохион байгуулагдаж буй энэ удаагийн наадамд манай улс анх удаа уг уламжлалыг дижитал орчинд шилжүүлэх санаачлага гаргаж, ийн аппликэйшнээ танилцуулж байгаа нь энэ юм.

Дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн эрэлттэй чиг хандлагуудын нэг AR-ийг ашигласнаар уг апп нь хэрэглэгчдэд гар утсаараа Японы мэргэжлийн сүмогийн их аварга Хакухо М.Даваажаргалын гэрээр аялах боломжийг олгоно. Мөн “Токио-2020” наадамд оролцож буй Монголын багийн танилцуулгыг үзэж, Монгол соёлыг танилцуулсан төрөл бүрийн контентыг хүлээн авах боломжтой ажээ.

“Өнгөрсөн жил явагдсан ОУОХ-ны чуулганы үеэр Монгол Улс анх удаа дижитал хэлбэрээр улсаа танилцуулах зорилготой байгаагаа зарласан нь ийн биеллээ олж байна. Виртуал орчинд Монголчуудын бахархал болсон, тэр дундаа сүмогийн их аварга Хакүхо М.Даваажаргалын гэрийг AR технологийн тусламжтайгаар хэрэглэгчдийн гарт ойртуулж байгаадаа баяртай байна. Дэлхийн өнцөг булан бүрээс апп-ийг маань хэрэглэгчид уг гэрт орж, машид нарийн урласан хийц, чамин тансаг эдэлбэр бүрийг нь мэдрэх боломжтой. Энэ апп таныг Монголын өнө эртнээс уламжлалтай түүх соёлтой танилцуулахаас гадна спортын арвин амжилтыг маань хуваалцах боломжийг олгох болно” хэмээн уг апп-ийг санаачлагч ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг онцлон тэмдэглэв.

Уг апп нь Монгол, Англи, Япон хэлээр ашиглагдах боломжтойгоос гадна IOS, Android үйлдлийн системд бүрэн нийцэн ажиллана.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Токио-2020”-д зориулсан виртуал “Mongolia house” аппликэйшн нээлтээ хийлээ  
Үзсэн: 1005 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй