Шууд Chart

Ц.Лувсан: Саатсан ачаа барааг Замын-Үүдээс Улаанбаатар болон бусад өртөө рүү тээвэрлэх хангалттай тооны галт тэрэг байгаа

2021-08-11 13:21:01

-Гадаад харилцааны яам Тяьнжинь боомтод гацсан ачаа барааг нэг сарын дотор хилээр нэвтрүүлнэ гэсэн мэдээлэл өгсөн. Дээрх ачаа барааг тээвэрлэх бэлтгэл ажлыг УБТЗ хэдэн хувьтай хангасан бэ?

-УБТЗ 645 вагоноор экспорт, импортын чингэлэг тээвэрлэлтийг гүйцэтгэдэг. Одоогоор ажлын паркад 48 зүтгүүр ажиллаж байна. Хоногт Замын-Үүдийн шилжүүлэн ачих ангид Монгол Улс руу орж ирж буй импортын ачаатай 100-150 чингэлгийг 2-3 галт тэргээр ачиж тээвэрлэх бүрэн боломж, хүчин чадал бий. Өдгөө хоногтоо Замын-Үүд Улаанбаатар чиглэлд импортын чингэлэг ачсан хоёр орны хоёр галт тэрэг аялж байна. Мөн Улаанбаатар Эрээн чиглэлд хоёр галт тэрэг явж байгаа. Тиймээс УБТЗ ХНН-т импортын чингэлгийг тээвэрлэх техникийн болон ажиллах хүчний нөөц, хүчин чадал бүрэн бий. УБТЗ ХНН-т БНХАУ-ын хилээс Эрээн өртөөгөөр дамжин Замын-Үүдэд орж ирсэн импортын чингэлгийг Хятадын вагоноос шилжүүлж ачин Улаанбаатар болон Толгойт, Дархан, Эрдэнэт, Сүхбаатар өртөө рүү тээвэрлэх хөдлөх бүрэлдэхүүний болон зүтгүүрийн хүрэлцээ хангалттай байгаа.

-Ачаа бараа нэлээдгүй хугацаанд саатсан учир тээвэрлэлтийн үнэ нэмэгдэх вий гэсэн болгоомжлол олон нийтийн дунд байна. Ачаа тээврийн үнэд өөрчлөлт орох уу?

-Тухайлбал, Замын-Үүд Улаанбаатар чиглэлд 40 тонны чингэлэг тээвэрлэхэд доторх ачаа бараанаас нь шалтгаалаад 1 400 000 – 2 500 000 төгрөгийн үнэ тарифтай байдаг. Энэ тарифт өөрчлөлт ороогүй, өөрөөр хэлбэл нэг ч төгрөгөөр нэмэгдээгүй.

-Саатсан ачаа барааг нэг сарын хугацаанд амжиж нэвтрүүлэхийн тулд экспортын бараа чингэлэг тээвэрлэдэг вагонуудыг ашиглах боломжтой юу?

-УБТЗ ХНН ачаа тээвэрлэлтийн 3600 орчим вагоны парктай. Тиймээс заасан хугацаанд зохион байгуулалт хийгээд импортын чингэлгүүдийг Улаанбаатар хот руу тээвэрлэх бүрэн боломжтой.

-“Ковид-19” цар тахлаас үүдсэн нөхцөл байдлаас шалтгаалан төмөр замын зорчигч тээвэр 2020 оны арваннэгдүгээр сараас хойш түр хугацаанд зогссон. Зорчигч тээврийн вагоноор зорчих хүсэлтэй иргэн олон байна. Энэ асуудалд хариулт өгөөч?

-Ялангуяа хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбоотойгоор зорчигч тээврийн вагоноор зорчих гэсэн иргэдийн эрэлт нэмэгдсэн нь мэдрэгдэж байгаа. Зорчигч тээврийн вагонууд зорчиход бэлэн. Гэхдээ Улсын онцгой комиссоос гаргасан “Ковид-19” цар тахлын нөхцөл байдлын үед мөрдөх дүрэм журмыг галт тэргээр зорчигчдод хэрхэн мөрдүүлэх, хүн хоорондын дунд ямар хэмжээтэй зай баримтлах зэрэг асуудлууд шийдэгдчихвэл УБТЗ-ын зүгээс зорчигч тээврийн галт тэргээ явуулж эхэлнэ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ц.Лувсан: Саатсан ачаа барааг Замын-Үүдээс Улаанбаатар болон бусад өртөө рүү тээвэрлэх хангалттай тооны галт тэрэг байгаа  
Үзсэн: 4567 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй