
“МҮОНРТ-Хөвсгөл аймагт” өдөрлөг үргэлжилж байна. Өдөрлөгийн үеэр радио, телевизийн нэвтрүүлгийн хэлтсийн дарга нарын сэтгэгдлийг сонслоо.
Үзэгч, сонсогчдын уулзалт 18 цагаас эхэлнэ
МҮОНТ-ийн нэвтрүүлэг төлөвлөлт, хяналтын албаны дарга Г.Гэрэл
-“МҮОНРТ-Хөвсгөл аймагт” өдөрлөгийн зорилго, ач холбогдлын талаар мэдээлэл өгөөч?
- МҮОНРТ үндэсний радио телевизийн хуулийг хэрэгжиж эхэлсэн цагаас хойш үзэгч, сонсогчдын уулзалт арга хэмжээг зохион байгуулж байна. Бид өнөөдөр 15 дахь аймагтаа ажиллаж байна. Хөвсгөл аймаг 126 мянган хүн амтай, Мөрөн хот 10 мянган өрх айлтай. Энэ долоо хоногт Хөвсгөл аймагт зохион байгуулах ажил маань хоёр талын ач холбогдолтой. Эхнийх нь үзэгч, сонсогчидтойгоо уулзаж санал сэтгэгдлийг сонсож улмаар нийтлэлийн бодлогодоо тусгах. МҮОНРТ олон нийтийн эрх ашгийг хэрхэн яаж тусгаж ажиллаж байгаа талаарх үнэлэлт дүгнэлтээ үзэгч сонсогчдоосоо авна. Мөн олон нийтийн телевиз иргэдэд ямар ач холбогдолтой, яагаад хураамж төлдөг, яагаад бид төрөөс санхүүгийн дэмжлэг авч ажиллах ёстой вэ зэрэг олон асуудлыг ойлгуулж мэдээлэл өгнө. Түүнчлэн радио, телевизээ сурталчлан таниулах зорилготой. Бид өнөө орой 18 цагаас аймгийн Хөгжимт драмын театрт үзэгч, сонсогчдын уулзалтыг зохион байгуулна. Уулзалтад иргэд өөрсдөө ирж оролцохоос гадна аймгийн хоёр телевизээр шууд дамжуулах болохоор иргэд маань бүгд оролцож байна гэсэн үг.
Дараа нь радио, телевизтэй хамтран ажилладаг уран бүтээлчдийн бэсрэг тоглолт болно. Уулзалтаас гарсан санал хүсэлт цаашид хэрэгжиж энэ дагуу тайлангаа тавина. Нөгөө талаас аймаг орон нутгийг сурталчлан таниулах зорилгоор телевизийн нэг, хоёрдугаар суваг, ММ агентлаг, радио, сайт бүгд өөр өөрсдийн чиглэлээр мэдээ мэдээлэл нэвтрүүлэг бэлтгэн ажиллаж байна.
Нэгдүгээр суваг, радио гэхэд тус бүр эфирийн 17 цагийн нэвтрүүлэг бэлдэж, ММ агентлаг, Хурд агентлаг, сайт мэдээллээ цацаж эхлээд байна. Ингээд ирэх сарын 8-ны өдөр Хөвсгөл аймгийн тухай бүхий л мэдээ мэдээллийг бүтэн өдрийн эфирээр хүргэнэ.
Радио энэ нутгаас 28 нэвтрүүлэг бэлдэнэ
МҮОНР-гийн нэвтрүүлгийн хэлтсийн дарга Б.Баярсайхан
-“МҮОНРТ-Хөвсгөл аймагт” өдөрлөг эхэллээ. Та энэ өдрийн сэтгэгдлээ уншигчидтайгаа хуваалцана уу?
- Энэ уламжлалт өдөрлөг 2006 оноос эхэлсэн. Өдөрлөгийн гол зорилго нэгдүгээрт бид өөрсдийгөө нээлттэй танилцуулан сурталчина. Нөгөө талаас үзэгч, сонсогчдын санал хүсэлтийг “тандах” зорилготой. Радио, телевизийн хуульд зайлшгүй байх ёстой хөтөлбөрийн бодлогыг зааж өгсөн. Энд үндсэн үүргээс гадна хэлний болоод үндэсний цөөнхөд зориулсан нэвтрүүлэг зайлшгүй байх ёстой. Хөвсгөл аймаг их онцлогтой газар. Хүн амын бүтцийн хувьд олон угсаатан ястантай. Тэдний амьдрал зан заншил бүгд өөр өөр. Нөгөө талаас дотоодын аялал жуулчлал хөгжих түшиц газар. Энэ чиглэлд хийж буй хөрөнгө оруулалт асар их. Үүнийг дагасан бүтээн байгуулалт ажлын байр гээд бас нэг онцлог байна. Мөн Монголын унаган байгалиараа хадгалагдаж буй өвөрмөц газрын нэг бол энэ нутаг. Манай радиогоор энэ бүхнийг харуулсан таниулсан бүтэн өдрийн нэвтрүүлгүүд явна. Хөвсгөл аймгийн онцлог болоод боломж гэдэг зүйлийг хүмүүст нээх зорилготой. Радио Хөвсгөл аймгаас 28 нэвтрүүлэг бэлтгэнэ. Тухайн өдөртөө 20 нэвтрүүлэг орно. Бусад нь хөтөлбөрүүдэд ороод явна. Иймэрхүү зорилго, сэтгэгдэлтэй ажиллаж байна даа.
Г.Гэрэл: Үзэгч, сонсогчдын уулзалт 18 цагаас эхэлнэ | ||
Үзсэн: 1987 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.