Шууд Chart

Монгол Улс руу чиглэсэн кибер халдлагын 70 хувь нь Засгийн газрыг “онилдог”

2025-05-15 14:50:35

Онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагуудын удирдлага, мэргэжилтнүүдийн дунд кибер аюулгүй байдлын сургалтыг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас өнөөдөр /2025.05.15/ зохион байгууллаа. 

Монгол Улс руу чиглэсэн кибер халдлагын 70 хувь нь Засгийн газар, түүний харьяа агентлаг руу, 11 хувь нь УИХ-ын харьяа байгууллагууд руу, 14 хувь нь эрүүл мэндийн салбарын байгууллагууд руу, 1 хувь нь хууль сахиулах байгууллага руу хандсан байдаг.

2024 оны байдлаар ОХУ-аас хамгийн олон буюу 128 сая гаруй, АНУ-аас 65 сая гаруй, БНХАУ-аас 50 сая гаруй сэжигтэй хандалт манай улс руу хийгдсэн байна. Энэ нь төрийн мэдээлэл болон хүний хувийн эмзэг мэдээллийг олзлох, хулгайлах зорилтот халдлага байх магадлал өндөр гэдгийг илтгэсэн тоо баримт юм. 

Кибер орчны аюулгүй байдал нь үндэсний аюулгүй байдлын салшгүй нэг хэсэг бөгөөд улс орны нийгэм, эдийн засаг, аюулгүй байдал, төрийн үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангаж байдаг онц чухал мэдээллийн дэд бүтцүүд кибер халдлагад өртөх бодит эрсдэл нэмэгдэж байна.

Энэ бол ганц Монгол Улсад төдийгүй олон улсад тулгарч буй сорилт. Иймд Монгол Улс кибер орчны аюулгүй байдлыг хангаж, хамгаалах бодлого зохицуулалтаа шат дараатайгаар боловсруулж, цахим засаглалын багц хуулиа батлуулан хэрэгжүүлж байна. Уг хуулиудын хэрэгжилтийг хангахад холбогдох байгууллагуудын чадавх, ур чадварыг нэмэгдүүлэх, хамтран ажиллах итгэлцлийг бий болгох зорилгоор дээрх сургалтын ач холбогдол оршиж байна. 

Ташрамд дурдахад, Монгол Улсын хэмжээнд онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй 216 байгууллага бий. Хоёр, гуравдугаар шатлалын эрүүл мэндийн байгууллага, банк, санхүүгийн байгууллага, харилцаа холбоо, мэдээллийн технологийн үйлчилгээ эрхлэгчид, хилийн боомтын хяналт, удирдлагын систем болон улсын хилээр нэвтэрч байгаа зорчигч, тээврийн хэрэгслийн бүртгэл, мэдээлэл хариуцсан байгууллага, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглах үйл ажиллагаа эрхлэгч зэргийг онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагад тооцдог гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.


Монгол Улс руу чиглэсэн кибер халдлагын 70 хувь нь Засгийн газрыг “онилдог”  
Үзсэн: 235 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй