Шууд Chart

Грект цунамийн түгшүүр зарлажээ

2025-05-14 17:27:36

Грекийн Касос арлын ойролцоо хүчтэй газар хөдөлсний дараа далайн эргээс хол байхыг Онцгой байдлын албанаас оршин суугчдад анхааруулжээ.

“Касосоос 48 км-ийн зайд 5.9 магнитудын хүчтэй газар хөдөлсөн. Тус бүс нутагт цунамийн аюул нүүрлэх эрсдэлтэй байна. Далайн эрэг орчмын бүсийг яаралтай орхин явна уу” гэж Уур амьсгалын хямрал, иргэний хамгаалалтын яамнаас мэдэгдсэн байна.

Нийт 1000 орчим хүн амтай Касос хэмээх жижиг арал нь Эгийн тэнгист Крит, Родос арлуудын дунд оршдог. Газар хөдлөлтийн голомт 83 км-ийн гүнд байсан гэж Германы геологийн шинжлэх ухааны судалгааны төвөөс мэдээлжээ. Тус агентлаг газар хөдлөлтийг 6.3 магнитудын хүчтэй байсан гэж хэмжсэн нь Грекийн эрх баригчдын мэдээлснээс өндөр байна.  

Газар хөдлөлтийн чичирхийлэл Израил болон Туркийн баруун өмнөд хэсэгт мэдрэгджээ. Египетийн Одон орон, геофизикийн үндэсний судалгааны хүрээлэнгийн мэдээлснээр, 6.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт Египетийн иргэдэд мэдрэгдсэн ч хүний амь нас эрсдээгүй, эд хөрөнгөд хохирол учраагүй байна.

Грек нь хэд хэдэн хагарлын шугам дээр оршдог тул үе үе газар хөдөлдөг. Афины их сургуулийн газар хөдлөлт судлалын лабораторийн мэдээлснээр, нэгдүгээр сарын 26-наас хоёрдугаар сарын 13-ны хооронд Кикладын арлуудын орчимд, түүний дотор жуулчдын очих дуртай Санторини арлын ойролцоо гол төлөв бага магнитудын хүчтэй 18 400 гаруй удаагийн газар хөдлөлт бүртгэгдсэн байна гэж ОБЕГ-аас мэдээллээ. 


Грект цунамийн түгшүүр зарлажээ  
Үзсэн: 143 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй