
Тус цэцэрлэг өнөөдрөөс хүүхэд багачуудаа хүлээн авч байна. “MNB-гийн хүүхдүүд” цэцэрлэгийн эрхлэгч С.Нямжаваас цөөн асуултад хариулт авлаа.
-Юун түрүүнд танд хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе.
-Баярлалаа.
-“MNB-гийн хүүхдүүд” цэцэрлэг шинэ хичээлийн жилд ямар анги бүлэгт хэдэн хүүхэд элсүүлж байгаа вэ?
-2021-2022 оны хичээлийн жил Монгол Улсад “Ковид-19” цар тахлаас шалтгаалсан зарим хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн үед хүүхдүүд элсүүлж байгаа гэдгээрээ онцлог. Тиймээс Боловсрол, шинжлэх ухааны яамнаас сургуулийн өмнөх боловсролын байгууллага буюу цэцэрлэг зөвхөн 4-5 настай хүүхдүүдийг хүлээж авна гэсэн шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийн дагуу 4, 5 настай хоёр ангийн буюу нийт 30 хүүхдийг элсүүлсэн. Мөн Баянгол дүүргийн Боловсролын хэлтсээс хамран сургах тойргийн 4-5 настай 50 хүүхдийг манай цэцэрлэгт хамруулахаар болсон. Одоогийн байдлаар 4-5 настай хүүхдийн элсэлт үргэлжилж байгаа. Нэг ангид 15 хүүхэд л суралцана. Хүүхдээ элсүүлэхдээ эцэг эхийн иргэний үнэмлэх, хүүхдийн төрсний гэрчилгээг авчирч бүртгүүлнэ. Мөн элсэлт бүртгэлтэй холбоотой лавлах зүйлсээ 91190266 утсаар холбогдож асууж тодруулаарай.
Түүнчлэн “MNB-гийн хүүхдүүд” цэцэрлэгт элсүүлэх хүсэлтэй 2-3 настай хүүхэд багачуудыг бүртгэж байгаа. БСШУ-наас 2-3 настай хүүхдүүдийг цэцэрлэгт явуулах шийдвэр гарсны дараа бид хүлээж авна.
-Та “MNB-гийн хүүхдүүд” цэцэрлэгийн онцлог, сургалтын талаар мэдээлэл өгөөч?
-МҮОНРТ-ийн дэргэдэх "MNB-гийн хүүхдүүд" цэцэрлэг 2-5 настай хүүхдийг өөртөө итгэлтэй, бие даасан чадвартай болгохоос гадна Монгол ахуй, ёс заншлаа танин мэдүүлэх зорилгоор сургалтын арга зүйгээ боловсруулж, үндэсний тоглоом наадгай, ардын уламжлалт дуу бүжиг зааж сургадгаараа онцлог. Түүнчлэн манай хүүхдүүдээс телевизийн нэвтрүүлэг, баярын хөтөлбөрүүдэд оролцсон.
Өглөөний 08:00 цагаас оройн 20:00 цаг хүртэл ажилладаг. Гэхдээ эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийн дагуу одоогийн байдлаар 18:00 цаг хүртэл ажиллаж байгаа.
-“Ковид-19” цар тахлаас үүдсэн нөхцөл байдлаас шалтгаалж, өнгөрсөн хичээлийн жилүүдтэй харьцуулахад боловсролын байгууллагууд маш олон дүрэм журам шинээр дагаж мөрдөгдөж байгаа. “MNB-гийн хүүхдүүд” цэцэрлэг халдвар хамгааллын аюулгүй байдлыг хэрхэн сахиж байгаа вэ?
-Тийм ээ, Монгол Улс дотооддоо “Ковид-19” вирустэй байгаа үед хичээллэж байгаа болохоор халдвар хамгааллын маш олон дүрэм болон түр журам мөрдөгдөж байна. Тухайлбал, “MNB-гийн хүүхдүүд” цэцэрлэг “Ковид-19” вирусийн нөхцөл байдлаас өмнө 20-25 хүүхэд элсүүлдэг байсан бол одоо 15 хүүхэд элсүүлэн сургана. Багш нар цэцэрлэгтээ, анги танхимд амны хаалт зүүнэ. Бага насны хүүхэд ангидаа амны хаалт зүүхгүй байгаа. Тиймээс хүүхэд хоорондын зай бариулж байна. Эцэг, эхчүүдийг цэцэрлэг рүү нэвтрүүлэхгүйгээр үүднээс багш хүүхдүүдээ хүлээн авч байгаа.
Энэ хичээлийн жилд эцэг эхчүүд маш хариуцлагатай үүрэг хүлээж байгаа. Учир нь эцэг эхчүүд хүүхдээ зөвхөн гэрээс цэцэрлэг, цэцэрлэгээс гэр гэсэн маршрутаар авч явахыг зөвлөж байгаа. Дэлгүүр хоршоо орох гэх мэт хүн ихээр цугладаг газруудаар аль болох хүүхдээ дагуулж явахгүй байх ёстой. Цэцэрлэгийн багш, ажилтнууд ч мөн маш хариуцлагатайгаар зөвхөн гэрээс ажил, ажлаас гэр гэсэн маршрутаар ажиллах болно.
-“MNB-гийн хүүхдүүд” цэцэрлэгийн хүүхдүүдэд өгдөг хоол хүнс болон цэцэрлэгийн төлбөрийн талаар мэдээлэл өгөөч?
-Манай цэцэрлэг уртасгасан цагаар ажилладаг учир маш сайн амт, чанартай өдрийн таван хоолтой. Үүн дээр нэмээд “Ковид-19”-ийн нөхцөл байдлын үед хүүхдүүдийн дархлааг дэмжих үүднээс амин дэм ихээр агуулдаг жимс жимсгэнэ, хүнсний ногоо, цагаан идээ зэрэг хоол хүнс хүүхдүүддээ өгнө.
“Ковид-19” цар тахлаас үүдэн нийгэм эдийн засгийн нөхцөл байдал хүндрэлтэй байгаа учир манай цэцэрлэгийн төлбөр нэмэгдээгүй. Хамран сургах тойргийн хүүхдүүдийн нэг сарын төлбөр 250 мянган төгрөг хэвээрээ байгаа. Мөн нэг айлын хоёр хүүхэд хамрагдвал хүүхэд бүрт 20 хувийн хөнгөлөлт үзүүлнэ.
С.Нямжав: “MNB-гийн хүүхдүүд” цэцэрлэг 4-5 настай хүүхдүүдийн элсэлтээ авч байна | ||
Үзсэн: 3269 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.