Шууд Chart

Т.Сүхбаатар: Бид дэлхийн II дайнд оролцож ялсан, дэлхийд энх тайван тогтооход үүрэг гүйцэтгэснээ жил бүр тэмдэглэх ёстой

2021-09-02 15:14:50

Уг ойн баярыг тохиолдуулан Монголын Зэвсэгт хүчний мөрдэстэй эрдэмтэн, судлаач генерал, хурандаа нарын үргэлжлэл Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Цэргийн түүх судлалын төвийн дарга, доктор (Ph.D), хошууч Т.Сүхбаатарыг “Редакцын зочин” буландаа урьж ярилцлаа.

Түүх ямагт ялагчдыг бичдэг

-Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Танд чөлөөлөх дайны ялалтын 76 жилийн ойн мэнд хүргэе.

-Баярлалаа. Танд дэлхийн хоёрдугаар дайн, чөлөөлөх дайны ялалтын 76 жилийн ойн мэнд хүргэе. Энэ дайнаар бид тусгаар тогтнолоо олж авсан түүхтэй. Түүх ямагт ялагчдыг бичдэг. Дэлхийн хоёрдугаар дайн 1939 оны есдүгээр сарын 1-нд эхлээд 1945 оны есдүгээр сарын 2-нд дууссан. Энэ дайн маш өргөн бүс нутгийг хамарсны нэг хэсэг нь Манжуурын стратегийн давшилтын операц. Манжуурын стратегийн давшилтын операц буюу чөлөөлөх дайн юм. Чөлөөлөх дайн дэлхийн хоёрдугаар дайны төгсгөл хэсэгт хамаарна. Энэ дайны үр дүнд Монгол Улс тусгаар тогтнолоо олж авсан. Тодруулбал, Монголчууд 1911, 1921 оны хувьсгал, 1939 оны Халх голын дайнаар биш 1945 оны чөлөөлөх дайнд оролцож, Гитлерийн Германы холбоотон Японыг бут цохиход үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан учир Монгол Улсын тусгаар тогтнох зам нээгдсэн. 1945 оны хоёрдугаар сард Америк, Их Британи, ЗХУ гэсэн гурван том гүрний удирдагчид Крымын Ялтад уулзсан. Ингэхдээ Европ дахь дайн Герман ялагдсанаар өндөрлөх дөхөж байна. Харин Зүүн хойд Хятад, Ази номхон далайн бүх улсын арлыг эзэлчихсэн Японыг ялахын тулд хоёр фронтоор зэрэг давшъя. Америк, Их Британи Ази номхон далайн бүс нутаг руу давшина. Харин Манжуур руу цэргээ илгээх боломжгүй. Тиймээс ЗХУ-ыг Манжуур руу дайралт хийхийг хүссэн. ЗХУ-ын зүгээс нэгдүгээрт, үнэнч холбоотой БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөр, хоёрдугаарт, 1905 оны Орос, Японы дайнаар алдсан Куриль болон Сахалины арлыг эргүүлэн авах зэрэг хатуу болзол тавьсан. Сталин болзлыг нь хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд Манжуур руу довтлохгүй гэсэн хатуу байр сууриндаа үнэнч үлдсэн.

-АНУ, Их Британи Сталины саналыг хүлээн авснаар БНМАУ чөлөөлөх дайнд бэлдэж эхэлсэн үү?

-Америкийн Ерөнхийлөгч Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх асуудлыг Чан Кай шид тулгасан. Хятад 1937 оноос хойш Японыг ялаагүй найман жил тулалдсан. Тиймээс Японыг ялж, эзлэгдсэн үндэстнээ, газар нутгаа аврахад Америк, ЗХУ тусална. Харин Монголын тусгаар тогтнолыг зөвшөөр гэж шахсан. Чан Кай ши дараа нь Монголын тусгаар тогтнолыг зөвшөөрсөн гэх улс үндэстнээсээ ирэх дайралтаасаа сэргийлж, Монгол Улс санал асуулга зохион байгуулвал зөвшөөрнө гэсэн хариу санал өгсөн.

Гэхдээ БНМАУ энэ хүртэл маш их үйл явдлыг туулсан. Тухайлбал, 1939 оны Халх голын дайн дуусаад, дэлхийн хоёрдугаар дайн эхэлж, 1941 оны зургаадугаар сарын 22-нд Герман ЗХУ-руу дайрсан. Энэ дайн эхэлсэн эхний өдрөөс л монголчууд Зөвлөлтийн ард түмэнд тусалж, 500 мянган агт морь, 65 мянган тонн хонины ноос, асар их хэмжээний мах, хүнс зэргээр тусалсан.

1941 оны долоодугаар сарын 4-нд ЗХУ маршал Х.Чойбалсанг анх удаа тусгаар тогтносон улсын Төрийн тэргүүн хэмээн хүндэтгэж, улаан хивс дэвсэж хүндэт харуул жагсааж, үлээвэр найрал хөгжим эгшиглүүлж угтаж авсан. Үүнээс өмнө нь маршал галт тэргээр очиход автомашинаар тосож авдаг байсан юм. Тухайн үед Чан Кай шигийн төлөөлөгчид Москвад Монголын асуудлаар Сталинтай уулзаж байсан. Харин Сталин Маршалыг угтаж авсан үйлдлээрээ Монгол Улсын Тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч дэмжиж байгаагаа давхар илэрхийлсэн.

Тэр уулзалтаар Монгол Улсын тусгаар тогтнолын хүлээн зөвшөөрүүлэх талаар болон Монгол Улс дэлхийн хоёрдугаар дайнд ялагч гүрний холбоотон болж Японы эсрэг дайнд оролцох ёстойг Сталин маршал Х.Чойбалсанд хэлсэн. Тэр өдрөөс хойш манай улс дайнд бэлдэж эхэлсэн.

ДЭЛХИЙН ЦЭРЭГ ДАЙНЫ ТҮҮХЭНД ЧӨЛӨӨЛӨХ ДАЙН МАШ ГАЙХАЛТАЙ ДОВТОЛГОО ГЭЖ ҮНЭЛЭГДДЭГ

-Чөлөөлөх дайнд БНМАУ, ЗХУ-аас хэдэн цэрэг, дайчин оролцсон бэ?

-Японууд 1931 оноос Манж го улсыг байгуулаад тэнд бэхэжчихсэн. Яагаад гэвэл Манжуур буюу Зүүн хойд Хятад нефтийн нөөцтэй. Японы цэргүүд 1938 оны Хасан нуур, 1939 оны Халх голын дайнд ЗХУ, Монголын цэргүүдтэй байлдсан байдаг.

Наймдугаар сарын 10-нд буюу ЗХУ Японд дайн зарласны маргааш нь БНМАУ Японтой дайн зарласан. Маршалын тунхаг бичигт “Зовсон хагацсан ахан дүүсээ нэгтгэнэ” гэсэн байдаг. Ийм уриатайгаар Өвөр Монголоос Хятадаас салгаад тусгаар тогтнолоо тунхаглах зорилготой Монгол ардын хувьсгалт цэргийн 22 мянга гаруй дайчин, мөн Монголын 5, 6, 7, 8 дугаар морьт дивиз, танкны болон нисэх, холбоодын тусгай хороод оролцсон байдаг. Халх голын дайнд БНМАУ-аас 7-8 мянга орчим хүн оролцсон гэхээр Чөлөөлөх дайнд ямар өргөн фронтоор оролцсон бэ гэдэг нь харагдана. Мөн тагнуулч болон хорлон сүйтгэгч нартай тэмцэх, эзлэгдсэн бүс, орон нутагт эмх журам тогтоох зорилготой Ардын сайн дурын морьт отряд байгуулагдаж, чөлөөлөх дайнд оролцсон.

Үүнээс гадна ЗХУ Японы эсрэг дайнд 1944 оноос хойш бэлдсэн байдаг. Операц эхлэхэд 1.5 сая цэрэг оролцсон. Нөгөө талд Японы Квантуны армийн 800 мянга орчим цэрэг Алс дорнодод байсан. Энэ цэргийн эсрэг ЗХУ-ын Алс дорнодын I, II болон Өвөр байгалийн гэсэн гурван фронтоор дайрсан. Өвөр байгалийн фронтын бүрэлдэхүүнд Монгол ардын хувьсгалт цэрэг морьт мехализмын группт орсон. Монголоос нэг, ЗХУ-ын нутаг дэвсгэрээс хоёр фронтын дайралт нэг цагт нэгэн зэрэг эхлэх байсан. Монгол Улс Квантуны армид цохилт өгөхөд тохиромжтой бүс байсан учир энэ дайнд оролцуулсан байдаг. Наймдугаар сарын 10-наас эхэлсэн дайн 24-ний өдөр гэхэд байлдааны ажиллагаа шувтарч үндсэндээ Японы тал ялагдсан.

Энэ дайнд Монгол ардын хувьсгалт цэргээс хүн хүчний хохирол гэвэл нийтдээ 130-аад хүн байсан бөгөөд 10 гаруй хүн амь үрэгдсэн. Харин Японы талаас 670 мянга орчим цэрэг олзлогдсон нь дэлхийн цэрэг дайны түүхэнд маш гайхалтай довтолгоо гэж үнэлэгддэг. Гурван фронтоор гурван үндсэн цохилт зэрэг хийсэн маш ховор байлдааны ажиллагаа болсон. Таван замын байлдаанаас хойш монгол цэрэг Цагаан хэрэм хүртэл давшсан тохиолдол болсон гэж хэлж болно. Монгол цэргүүд Бээжин хот руу нэлээн дөхөж очсон боловч их гүрнүүд улс төрийн бодлогоор Цагаан хэрэмнээс цааш урагшаа явуулаагүй.

Энэ дайны үндсэн зорилго өвөр монгол ах дүү нараа нэгтгэх байсан боловч мөн л их гүрнүүдийн бодлогоор харамсалтай нь нэгтгэж чадаагүй. Өвөр монголын ард түмнээ чөлөөлөх, нөгөө талаар Зүүн хойд Хятадыг Японы Квантуны армиас чөлөөлөх байсан учир чөлөөлөх дайн гэж нэрийдсэн.

-Чөлөөлөх дайныг яагаад жил алгасалгүй тэмдэглэх ёстой вэ?

-Бид аливаа баярыг дандаа тав, арван жилийн зайтай тэгш ойгоор нь өргөн цар хүрээтэй тэмдэглэдэг. Монгол Улсад тусгаар тогтнол авчирсан 1945 чөлөөлөх дайны ойг гэнэт тэгш ойн дээр нь түүхээ санаж бус жил болгон тэмдэглэх ёстой. Тэгэхгүй бол хүүхэд залууст эх оронч үзэл, үндэстний ой санамж мартагдаад байгаа юм шиг санагддаг. Халх голын дайн том дайн байсан уу гэвэл тийм. Гэхдээ бид тусгаар тогтнолоо олж чадаагүй. Чөлөөлөх дайн монгол үндэстнээ нэгтгэх, тусгаар тогтнолоо олж авах том зорилготой дайн байсан. Энэ дайны үр дүнгээр 1945 оны аравдугаар сарын 20-нд Бүх нийтийн санал асуулга явагдаж, Монгол Улс тусгаар тогтнолоо олж авсан, дэлхийн хоёрдугаар дайнд оролцож ялсан, ялагч гүрний статустай холбоотнуудын талд байсан нь дэлхийд энх тайван тогтооход оролцсон гэдэг утгаараа 1961 онд НҮБ-д элсэхэд том дөхөм болсон.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Т.Сүхбаатар: Бид дэлхийн II дайнд оролцож ялсан, дэлхийд энх тайван тогтооход үүрэг гүйцэтгэснээ жил бүр тэмдэглэх ёстой  
Үзсэн: 3723 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй