Шууд Chart

Уур амьсгалын өөрчлөлт болон архи, согтууруулах ундааны хяналтын асуудлаар байр сууриа илэрхийлэв

2025-10-24 10:06:33

ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн хорооны 76 дугаар чуулган Фижи Улсын Нади хотноо үргэлжилж байна.

Чуулганаар Уур амьсгалын өөрчлөлт ба эрүүл мэндийн тогтолцооны сөрөн тэсвэрлэх чадвар, Архи, согтууруулах ундааны хяналт, ДЭМБ-ын Гүйцэтгэх зөвлөл дэх бүсийн төлөөлөл зэрэг асуудлаарх холбогдох баримт бичгүүдийн хэлэлцүүлэг боллоо.

Дээрх хэлэлцүүлгүүдэд манай улсын төлөөлөгч Б.Янжмаа оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийлэв. Тухайлбал, Монгол Улс дэлхийн хамгийн хүйтэн, сэрүүн уур амьсгалтай, хүн ам сийрэг тархан суурьшсан орнуудын нэг бөгөөд уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөнд онцгой өртөмтгий байгаа хийгээд сүүлийн жилүүдэд ган, зуд, тоосжилтын давтамж нэмэгдэж, энэ нь хүнсний аюулгүй байдал, хүн амын амьдрал ахуй, агаарын чанарт сөргөөр нөлөөлж, амьсгалын замын болон зүрх судасны тогтолцооны өвчлөл, цаашилбал сэтгэцийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үзүүлж байгааг тэмдэглээд Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх хүрээнд 2019 онд баталсан Үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрийн зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд эрүүл мэндийн салбар уур амьсгалын өөрчлөлтөд мэдрэг өвчний эрт сэрэмжлүүлэх тогтолцоог бий болгох, хөдөөгийн эрүүл мэндийн байгууллагуудад сэргээгдэх эрчим хүчний шийдэл нэвтрүүлэх ажлыг туршиж эхлүүлээд байгааг онцлов. Энэ хүрээнд ногоон санхүүжилт, техникийн чадавх, мэдээллийн хүртээмжгүй байдал зэрэг сорилт тулгарч буй тул ДЭМБ-тай уур амьсгалын өөрчлөлт, эрүүл мэндийн тогтолцооны санаачлагын хүрээнд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Чуулганы гурав дахь өдөр Архи, согтууруулах ундааны хяналтын асуудлаарх хэлэлцүүлгийн хүрээнд ДЭМБ-ын “Архины хэрэглээний эсрэг дэлхийн үйл ажиллагааны төлөвлөгөө (2022–2030)”-ний хэрэгжилтийг Номхон далайн баруун бүсэд эрчимжүүлэх бодлогын баримт бичгийн төслийг Монгол Улс бүрэн дэмжиж буйгаа нотлов.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилга, манлайллын дор 2022 онд баталсан Ерөнхийлөгчийн 43 дугаар зарлигийн хүрээнд архи, согтууруулах ундааны хэрэглээний хор хөнөөлийг бууруулах чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа бодлогын үр дүнтэй арга хэмжээнүүдийг чуулганд ороцогчдод танилцуулав.

Тухайлбал, 2023 оноос хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Онцгой албан татварын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болсноор архины үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээнд тавих хяналтыг чангатгах, архины хатуулагт суурилсан шаталсан татварын системд шилжиж, согтууруулах ундааны хатуулагаас хамааран онцгой албан татварыг дунджаар 2 дахин нэмж, 38 хувийн хатуулагтай этилийн спирт агуулсан архины хатуулгыг 10 жилийн хугацаанд жил бүр 2 хувиар үе шаттайгаар бууруулах зэрэг урт хугацааны бодлого хэрэгжүүлж байгаа нь ДЭМБ-ын “SAFER” багцын гол чиглэлүүдтэй бүрэн нийцэж буйг онцлов. Тэрчлэн архины хор уршгийг бууруулахад нийгмийн зан үйл, хандлагыг өөрчлөх, эрт илрүүлэх, зөвлөгөө өгөх үйлчилгээг анхан шатны тусламжид нэгтгэн хэрэгжүүлэхэд анхаарч буйгаа илэрхийллээ.

Мөн өдөр Монгол Улс ДЭМБ-ын Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнчлэлийн асуудлаар бүсийн төлөөллийн тэгш байдлыг хангах асуудлыг хөндөв. ДЭМБ-ын Гүйцэтгэх зөвлөлийн үйл ажиллагаагаар дамжуулан тус байгууллагын засаглалын түвшинд тэгш оролцоог хангах, тодруулбал, дунд болон жижиг улс орнуудыг орхигдуулахгүй байх, тэгш байдлыг хангах үүднээс ээлжлэн сонгогдох боломжийг тэгш хангасан тогтолцоог бүрдүүлэхийг уриалав.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Уур амьсгалын өөрчлөлт болон архи, согтууруулах ундааны хяналтын асуудлаар байр сууриа илэрхийлэв  
Үзсэн: 189 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй