Шууд Chart

Суга Ёшихидэ Японы Ерөнхий сайдын суудлаас удахгүй бууна

2021-09-04 12:07:51

Японы Ерөнхий сайд Суга Ёшихидэ энэ сарын сүүлчээр болох намынхаа даргын сунгаад оролцохгүй гэдгээ зарлаад байна. Өөрөөр хэлбэл, тэрбээр Японы Засгийн газрын тэргүүний албан үүргээсээ буух шийдвэрийг гаргаад байгаа юм. Одоогоос нэгхэн жилийн өмнө л Шинзо Абэгийн халааг авч, Японы Ерөнхий сайдаар ажиллаж эхэлсэн Суга Ёшихидэгийн энэ шийдвэр олон улсын хэвлэлийн анхаарлыг татсан гэнэтийн үйл явдал боллоо.

Сүүлийн үед Суга Ёшихидэгийн нэр хүнд огцом унаж байгаа юм. Түүний Засгийн газрын шинэ коронавирусний эсрэг бодлогод иргэд ихээхэн сэтгэл дундуур байгааг зарим судалгаа харуулжээ. Хэдхэн хоногийн өмнө Японд коронавирусний халдвар авсан нийт хүний тоо 1.5 саяд хүрсэн. Үүнээс гадна бусад хөгжингүй орнуудтай харьцуулахад Японд дархлаажуулалт удаашралтай явагдаж байгаа. Үүнээс гадна Суга Ёшихидэ болон түүний Засгийн газар цар тахлын хүнд бэрх цаг үед олимпын наадмыг зохион явуулсан гэх шүүмжлэлд өртөж байна. Олимпын наадмын дараагаас Японд коронавирусний халдварын тоо огцом нэмэгдэж, өдөрт 20 мянга орчим хүнээс "Ковид-19" илэрч байна. Эдгээр нь Суга Ёшихидэгийн цаашид Ерөнхий сайдаар ажиллахгүй гэх шийдвэр гаргахад ихээхэн нөлөө үзүүлсэн гэж зарим шинжээч тайлбарлаж байна. Харин тэрбээр мэдэгдэл хийх үедээ дараах байр суурийг илэрхийлжээ.

Суга Ёшихидэ: Халдварын тархалтаас сэргийлэхийн эсрэг тэмцэхэд бие, сэтгэлээ зориулахыг хүсч байна

Японы Ерөнхий сайд Суга Ёшихидэ "Миний бие "Ковид-19"-ийн эсрэг арга хэмжээнд гол анхаарлаа хандуулахыг хүсч байгаагаа Либерал Ардчилсан намын хороонд дуулгасан. Ийм бодолтой байгаа учраас би намын даргын сунгаанд оролцохгүй гэж шийдээд байна. Сонгууль, сунгааны хажуугаар "Ковид-19"-ийн эсрэг хэрхэн тэмцэх талаар эргэцүүлэх нь надаас хэт их эрч хүч шаардаж байна. Аль нэгийг нь сонгох ёстой гэсэн шийдвэрийг би гаргасан. Ард түмэндээ олон амлалтыг өгчихсөн байгаа. Халдварын тархалтаас сэргийлэхийн эсрэг тэмцэхэд бие, сэтгэлээ зориулахыг хүсч байна" гэж ярьжээ. 

Японы Ерөнхий сайд цар тахлын үед сонгуулиас илүүтэй нийтийн эрүүл мэнд, аюулгүй байдалд гол анхаарлаа хандуулахыг хүсч, ийм шийдвэр гаргасан гэдгээ хэлж байна. Тэрбээр ирэх долоо хоногт дахин хэвлэлийн хурал зарлана гэдгээ ч дуулгажээ.

Суга Ёшихидэгийн тэргүүлдэг Либерал Ардчилсан нам Японы парламентад олонхийн суудалтай. Энэ намын даргын сунгаанд ялагч Засгийн газрын тэргүүнээр сонгогдоно гэсэн үг юм. Либерал Ардчилсан намын даргыг сонгох намын дотоод сонгуулийн компанит ажил энэ сарын 17-ноос эхэлнэ. Харин есдүгээр сарын 29-нд сонгууль явагдана. Энэ жилийн эцэст Японд парламентын сонгууль болно. Үндэсний хэмжээний энэ сонгуулиас өмнө Японы улс төрийн гол хүчин шинэ удирдлагатай болох нь тодорхой байна.

Өдгөө 72 настай Суга Ёшихидэ гүзээлзгэний фермерчийн гэрт мэндэлсэн юм. Тэрбээр 1987 онд Ёкохама хотын зөвлөлд сонгогдож, улс төрийн карьераа эхлүүлжээ.

Шинзо Абэ Японы түүхэнд хамгийн удаан хугацаанд Ерөнхий сайдаар ажилласан бол Суга Ёшихидэ Сайд нарын зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалыг хамгийн олон жил хашсан улс төрч юм. 

СУГА ЁШИХИДЭГИЙН МЭДЭГДЛИЙН ДАРАА ЯПОНЫ ХӨРӨНГИЙН БИРЖҮҮДЭД ОГЦОМ ӨСӨЛТ АЖИГЛАГДАВ

Суга Ёшихидэ Ерөнхий сайдын албан тушаалаа үргэлжлүүлэн хашихгүй гэсэн шийдвэрийг гаргасны дараа Японы томоохон хөрөнгийн биржүүдэд өсөлт ажиглагдсан байна. Либерал Ардчилсан нам шинэ даргатай болох нь гэсэн хүлээлт, итгэлээс улбаатайгаар Токиогийн хөрөнгө бирж дээр 1.7 хувийн өсөлт ажиглагдаж, Топикс индекс 30 жилийн түүхэн дэх хамгийн өндөр түвшинд хүрсэн юм. Японы нийтийн эзэмшлийн 225 компанийн хувьцааны мэдээлэл баршдаг Никкей 225 индекс 2 хувиар мөн өсөөд байна.

ЛИБЕРАЛ АРДЧИЛСАН НАМЫН ДАРГЫН СУНГААГ КИШИДА ФУМИО ТЭРГҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ

Суга Ёшихидэ Японы засгийн эрхийг баригч Либерал Ардчилсан намын даргыг сонгох сонгуульд оролцохгүй гэдгээ зарласнаар тус намын шинэ дарга хэн болох вэ, сунгаанд ямар нэр дэвшигч ялах бол гэдэг асуулт урган гарч ирж байгаа юм. Хэд хэдэн улс төрч нэрээ дэвшүүлэх нь тодорхой байна. Тэдний дундаас Японы Гадаад хэргийн сайд асан Кишида Фумиогийн нэр хүнд өндөр байгаа гэдгийг "Ройтерс" агентлаг мэдээлэлдээ онцолсон байна.

Кишида Фумио уржигдар мэдэгдэл хийж, өнөөгийн ерөнхий сайд Суга Ёшихидэгийн Засгийн газрын коронавирусний эсрэг арга хэмжээг шүүмжилж, цар тахалтай тэмцэхэд зориулан эдийн засгийн тэтгэх шинэ багц батлахыг уриалжээ. Софий их сургуулийн Улс төр судлалын профессор Накано Койчи Японы хамгийн хүчирхэг улс төрийн хүчний дотоод сонгуультай холбоотойгоор хэлсэн үгэндээ Кишида Фумио нэр дэвшигчдийн тэргүүнд эгнээд байгааг онцолсон байна. Гэхдээ энэ нь тэрбээр баттай ялалт байгуулна гэсэн үг биш гэдгийг мөн яриандаа дурдлаа.

Профессор Накано Койчи Либерал Ардчилсан намын даргын сонгуулийн өөр нэгэн нэр дэвшигч болох Коно Тарод мөн л боломж бий гэж ярьсан байна. Хэрвээ тэрбээр өөрийнхөө фракцаас хангалттай дэмжлэг авбал ялалт байгуулах магадлалтай. Коно Таро нь шинэчлэгч гэдгээрээ нэлээд алдартай. Энэ сарын сүүлчээр явагдах Японы шинэ Ерөнхий сайд хэн болохыг тодорхойлох Либерал Ардчилсан намын сонгуульд Батлан хамгаалахын сайд асан Ишиба Шигэрү мөн оролцох юм. Гэхдээ тэрбээр ялах магадлал бага гэж хэвлэлүүдэд бичиж байна.

Нийтэлсэн: Г.Уужимбаяр

Суга Ёшихидэ Японы Ерөнхий сайдын суудлаас удахгүй бууна   
Үзсэн: 2494 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй