Шууд Chart

Жозеф Байден вакцинжуулалтад хамрагдахгүй байгаа иргэддээ сэтгэл дундуур байгаагаа илэрхийллээ

2021-09-11 13:06:05

 

Дэлхийн хамгийн нөлөө бүхий их гүрэн болох АНУ коронавирусний халдварын тоогоороо дэлхийд тэргүүлсээр байна. Өчигдрийн байдлаар тус улсад нийт 41 сая хүн коронавирусээр өвчлөөд байна. Мөн барууны зарим оронтой харьцуулахад АНУ-ын "Ковид-19"-ийн эсрэг дархлаажуулалтын үзүүлэлт тийм ч сайн биш байгаа юм.

Тус улс коронавирусний эсрэг вакцины хангалттай нөөцтэй болж, ард иргэддээ үнэгүй вакцин санал болгоод удаж байна. Гэсэн хэдий ч АНУ-д вакцинжуулалтад хамрагдаагүй байгаа иргэдийн тоо 80 саяар тоологдож байна. Иймээс Ерөнхийлөгч Жозеф Байдены засаг захиргаа вакцинжуулалтыг түргэсгэх шинэ, илүү албадлагын шинжтэй бодлогыг хэрэгжүүлэхээр мэдэгдээд байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден иргэдээ вакцинжуулалтад хамруулах албадлагын шинжтэй шинэ арга хэмжээнүүдийг зарлалаа. Тухайлбал, тус улсын төрийн бүхий л шатны байгууллагын ажилчид вакцинжуулалтад хамрагдсан байх шаардлагыг тавьжээ.

Үүнээс гадна Цагаан ордны тэргүүн АНУ-ын Хөдөлмөрийн хэлтэст вакцинжуулалттай холбоотой шинэ зааварчилгаа өгчээ. 100-аас дээш ажилтантай, өөрөөр хэлбэл, томоохон компаниудад ажилчдаа вакцинжуулалтад хамруулах шаардлагыг тавьж эхэлжээ. Иймэрхүү томоохон компанийн ажилтан вакцин хийлгэхээс татгалзаж буй тохиолдолд халдваргүй гэдгээ батлах шинжилгээний бичгийг долоо хоног бүр компанийнхаа холбогдох хүмүүст үзүүлж байх ёстой болж байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден "Вакцин аюулгүй, үр дүнтэй, үнэгүй байгаа хэдий ч дархлаажуулалтад одоо хэр нь хамрагдаагүй байгаа 80 орчим хүнд сэтгэл дундуур байгаа хүмүүс олон бий. Улс орон даяар үнэгүй вакциныг 80 мянган цэгт санал болгоод бараг таван сар өнгөрөөд байгаа ч дархлаажуулалтад хамрагдаагүй 80 сая орчим хүн байна гэдгийг дахин хэлье. Нөхцөл байдлыг улам бүр дордуулж, зарим төрийн албан тушаалтан "Ковид-19"-ийн эсрэг тэмцлийг саармагжуулахад идэвхтэй оролцож байна. Энэ бол үнэхээр хүлээн зөвшөөрч боломгүй зүйл. Энэ бол эрх чөлөө, хувь хүний сонголтын тухай асуудал биш. Энэ бол өөрийгөө, эргэн тойрны хүмүүсээ хамгаалах талаарх асуудал юм" гэж ярьсан байна. 

АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден албадлагын вакцинжуулалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд хуулиар түүнд оногдсон бүхий л эрх мэдлээ ашиглаж буйг хэвлэлүүд дамжуулж байна. АНУ-д нийт халдвар 41 саяд хүрсэн бол эндэгдэл 650 мянгыг даваад байгаа юм.

Тус улсын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн мэдээллээр АНУ-ын нийт насанд хүрэгсдийн 64 хувь нь бүрэн вакцинжуулалтад хамрагдаад байгаа бол 75 гаруй хувь нь эхний тунгаа хийлгэжээ. Өөрөөр хэлбэл, АНУ-д вакцинжуулалтад бүрэн хамрагдсан хүний тоо 177 саяыг давсан хэдий ч сүүлийн үед халдвар болон эндэгдлийн үзүүлэлт нэмэгдэж байна. 

Нийтэлсэн: Г.Уужимбаяр

Жозеф Байден вакцинжуулалтад хамрагдахгүй байгаа иргэддээ сэтгэл дундуур байгаагаа илэрхийллээ   
Үзсэн: 3434 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй