Шууд Chart

АНУ-ын Ерөнхийлөгч ард түмнээ эв нэгдэлтэй байхыг уриаллаа

2021-09-12 11:39:06

Одоогоос 20 жилийн өмнө буюу 2001 оны есдүгээр сарын 11-ний өдөр алан хядагч Аль Каида бүлэглэл АНУ-д террорист халдлага үйлдэж, 3000 орчим хүний амь насыг хохироож байсан. Энэ эмгэнэлт үйл явдлын 20 жилийн ойг АНУ-ын ард иргэд дурсан санаж, хохирогчдын гэгээн дурсгалыг хүндэтгэн өнгөрүүллээ. Мөн Ерөнхийлөгч Жозеф Байден террорист халдлага болж байсан Нью-Йорк, Вашингтон, Пенсилванид очиж, дурсгал хүндэтгэх ёслолд оролцлоо.

Цагаан Ордны тэргүүн дурсгал хүндэтгэх ёслолд оролцохоор Нью-Йоркийг зорихоосоо өмнө есдүгээр сарын 11-ний халдлагад амь үрэгдсэн олон мянган хүний гэгээн дурсгалыг хүндэтгэж байгаагаа дүрс бичлэгээр дамжуулан илэрхийлжээ.

Мөн тэрбээр ард түмний нэгдмэл байдал улс үндэстний хүчирхэг байдлын суурь болдог гэж ард иргэдээ нэгдмэл байхыг уриалсан байна. 2001 оны есдүгээр сарын 11-ний өдрийн өглөө Исламын зэвсэгт Аль Каида бүлэглэлийн гишүүд иргэний агаарын тээврийн дөрвөн онгоцыг барьцаалан халдлага үйлдсэн. Барьцаалагдсан дөрвөн онгоцны хоёр нь АНУ-ын Нью-Йорк хотын худалдааны ихэр цамхагийг мөргөж дэлбэрсэн бол гурав дахь онгоц нь Вашингтонд Пентагоны төв байрыг мөргөж, дөрөв дэх нь зорчигчид барьцаалагчидтай тэмцсэний улмаас Пенсилванид унаж осолдож байсан. Энэ халдлагын улмаас 3000 орчим хүн амь насаа алдаж, олон мянган хүн хүнд шархдаж байсан юм.

АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден “Эв нэгдэл хамгийн агуу Америк орныг, Америкийн ард түмнийг бүтээдэг юм. Есдүгээр сарын 11-ний халдлагаас үлдсэн хамгийн чухал сургамж бол эв нэгдэлтэй байх явдал. Эв нэгдэл бол биднийн хамгийн том хүч юм” гэж хэллээ. 

Энэхүү террорист халдлагын дараа АНУ-ын тухайн үеийн ерөнхийлөгч Жорж Буш Афганистанд терроризмын эсрэг дайн зарлаж байсан. Энэ үед Талибан хөдөлгөөн Афганистаныг хянаж байсан бөгөөд Аль Каида бүлэглэл үүрлэх таатай орчин болж байсан гэж АНУ болон түүний холбоотнууд үзэж, дайн эхлүүлж байсан.

Өнгөрсөн сард АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден Афганистанд хийсэн 20 жилийн дайнаа албан ёсоор дуусгаж, цэргээ бүрэн бүрэлдэхүүнээр нь эргүүлэн татсан. Есдүгээр сарын 11-ний халдлагын дараа АНУ болон түүний холбоотнууд терроризмтой тэмцсэн ч гэсэн өнөөдөр дэлхий ертөнц 20 жилийн өмнөхөөс ялгарахааргүй, аюултай нөхцөл байдалд байна. Дэлхий даяар олон арван террорист байгууллага байсаар байна гэж Америкийн зарим иргэн сэтгэгдлээ хуваалцжээ. 

Иргэд “Өнөөдөр АНУ-д ч тэр бусад улс орнуудад ч тэр аюулгүй болсон гэж бодохгүй байна. Арабын орнууд маш их асуудалтай тулгарч байна. Бусад улсуудад алан хядагч маш олон байгууллага байна”, “Алан хядагчид одоо ч байсаар байна. Ялангуяа Афганистан, Иракт алан хядах ажиллагаа явуулсаар байна шүү дээ. Миний бодлоор холбоотнууд терроризмыг устгах зорилгодоо хүрч чадаагүй байна” гэсэн байна. 

Хорин жилийн дараа Нью-Йорк хотыг эргэн харвал тус хотод Дэлхийн худалдааны байгууллагын шинэ цамхаг сүндэрлэн босож, түүний ойролцоо хохирогчдын дурсгалыг хүндэтгэх цогцолбор байгуулжээ. Нью-Йорк хот 2001 оноос хойш илүү олон оршин суугчтай болж, цар тахал гарах хүртэл эдийн засаг нь хурдацтай өсөж байсан юм. 

ТЕРРОРИЗМЫН ЭСРЭГ 20 ЖИЛИЙН ДАЙНЫ ДАРАА ТЕРРОРИЗМЫН АЮУЛ АРИЛААГҮЙ БАЙНА 

Есдүгээр сарын 11-ний халдлагын дараа олон улсын терроризмын эсрэг 20 жил хийсэн дайн дууссан. Гэвч терроризмын аюул арилаагүй байгааг террорист халдлагын 20 жилийн ойтой холбогдуулж онцолж байна. Мөн есдүгээр сарын 11-ний халдлагын олон улс дахь үр нөлөө, терроризмын эсрэг дайнаас үлдсэн сургамж юу байна гэдгийг дэлхийн гол хэвлэлүүд үнэлж, дүгнэж байна.

"Би Би Си" хорин жилийн өмнөх террорист халдлагаас үлдсэн сургамжуудыг жагсаажээ. Есдүгээр сарын 11-ний халдлага тагнуулын мэдээллээ хуваалцах нь ямар чухлыг дэлхийд ойлгуулсан. Тухайлбал, террорист халдлагын өмнөхөн Америкийн холбооны мөрдөх товчоо, Тагнуулын төв газрын аль аль нь халдлага болж болзошгүй гэсэн мэдээлэлтэй байсан ч харилцан солилцоогүй нь том алдаа байсан гэж үздэг.

Мөн терроризмтой тэмцэж байгаа бол улс орнууд зорилгоо тодорхойлж, эрт ухрахгүй байх ёстой. Америк болон түүний холбоотон Афган дахь дайны эхэн үед цэргийн хүчнийхээ гол цөмийг Ирак руу илгээсэн нь Талибан болон бусад бүлэглэл хүчирхэгжих үндэс болсон гэж үздэг юм байна.

Дайнд оролцохдоо хамтрагчаа зөв сонгох ёстойг Иракт хийсэн Америк Британийн алдаатай бодлого харуулсан гэж олон улсад үздэг юм. Терроризмтой тэмцэх зорилгоор АНУ өнгөрсөн 20 жилийн хугацаанд Афганистан, Ирак зэрэг дэлхийн олон оронд цэрэг дайны ажиллагаа явуулжээ. Эдгээр дайны уршгаар 800 гаруй мянган хүн амь насаа алдсанаас 330 гаруй мянга нь энгийн иргэн байна.

Мөн дайны хөлөөс дайжсан олон сая хүн эх орноосоо дүрвэн гарсан. АНУ ч өнгөрсөн 20 жилийн хугацаанд олон их наяд америк долларын хохирол амсаж, олон мянган цэргээ дайнд алджээ. Америк Аль Каидагийн Афганистан дахь баазуудыг устгаж, толгойлогч Осама Бин Ладеныг Пакистанд хороосон. Дайны явцад Сири Иракт бий болсон Исламын улс бүлэглэлийн хүчийг сулруулсан.  Гэвч терроризмыг бүрэн устгаж чадаагүй. 

Европын улс орнууд сүүлийн жилүүдэд терроризмын аюул заналд өртсөөр байна. Тэдний дайтсан Исламын хэт тулгуур үзэлтэй Талибан хөдөлгөөн Афганы Засгийн эрхийг авлаа. Энэ бол 20 жилийн дайны үр дүн ямар байна, терроризмоос улбаатай аюулгүй байдлын орчин ямар түвшинд байна вэ гэдгийн илэрхийлэл гэдгийг ч дээрх хэвлэлүүдэд онцолжээ. 

Нийтэлсэн: В.Ариунчимэг

АНУ-ын Ерөнхийлөгч ард түмнээ эв нэгдэлтэй байхыг уриаллаа   
Үзсэн: 3215 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй