Шууд Chart

Харилцаа холбоо мэдээллийн технологийн салбарын баярын хурал боллоо

2021-09-17 12:04:33

Монгол Улсад Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсэж, хөгжсөний түүхт 100 жилийн ой энэ онд тохиож байна. Түүхийн хуудаснаа нэгэн зууныг үдэж, шинэ зууны эхлэлийг тавьж буй тус салбарын хамт олон жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ICT-EXPO үзэсгэлэнг энэ жил цар хүрээг нь өргөтгөн “Digital nation-2021” нэрийн дор олон улсын түвшинд, төр хувийн хэвшлийн 100 гаруй аж ахуй нэгжийн оролцоотойгоор 2021 оны 09 дүгээр сарын 17-19-ны өдрүүдэд Үндэсний соёл амралтын хүрээлэнд зохион байгуулж байна.

“Digital nation-2021” үзэсгэлэнгийн хүрээнд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын 100 жилийн ойн баярын хурал болж, салбарынхаа  нэгэн зууны хөгжил дэвшлийн түүх, хүрсэн ололт амжилт, дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлсэн бүхнийг дүгнэж, цаашдын зорилтоо тодорхойллоо.

Баярын хурал Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтээр эхэлж Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ, Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзориг нар нээлтийн үг хэлж, мэндчилгээ дэвшүүллээ.

Мөн Хурлын үеэр Олон Улсын цахилгаан холбооны дарга  болон Хуа Лин Заоу , Дэлхийн шуудан холбооны дарга Бишар А.Хуссейн нар цахим мэндчилгээ дэвшүүлсэн нь Монгол Улс дэлхийн харилцаа холбооны байгууллагуудтай бодлого төлөвлөлтийн болон зохицуулалтын чиглэлээр нягт хамтран ажилладаг, дэлхийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хөгжил дэвшилтэй мөр зэрэгцэн ажилладаг болохыг харууллаа.

Хурлын үеэр Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзориг: “Монгол Улсын Засгийн газраас “Цахим үндэстэн” болох уриалга дэвшүүлж, стратегийн зургаан том зорилтыг хэрэгжүүлэх, цахим шилжилт хийх ажлаар салбарын шинэ зууны хөгжлийн гарааг эхлүүлж байгаад таатай байна. Та бидний хүчин чармайлт, идэвх зүтгэлийн үр дүнд Монгол Улс Цахим үндэстэн болж, Монгол Улсын хөгжил дэвшлийг шинэ шатанд гаргана гэдэгт бүрэн итгэлтэй байна.” хэмээн онцлон тэмдэглэсэн юм гэж Харилцаа холбооны зохицуулах хорооноос мэдээллээ.


Харилцаа холбоо мэдээллийн технологийн салбарын баярын хурал боллоо  
Үзсэн: 658 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй