
Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс дүүргийн прокурорын газруудын хяналтын харьяа эрх бүхий байгууллагын албан тушаалтны 2025 оны эхний хагас жилийн байдлаар зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзсан, хэргийг хэрэгсэхгүй болгосон, 2025 оны 1 дүгээр улирлын байдлаар шийтгэл оногдуулсан зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа хуульд нийцэж байгаа эсэхийг шалгасан байна.
Шалгалтаар Нийслэлийн мал эмнэлгийн газар, Дотоодын Цэргийн анги, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Хүүхэд, гэр бүлийн хөгжил,хамгааллын хэлтэс, Татварын хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, Цэргийн штабын хяналтын улсын байцаагч нарын шалгаж шийдвэрлэсэн, нийт 2831 зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хамруулжээ.
Зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтны шалгаж шийдвэрлэсэн гомдол, мэдээллийг шийдвэрлэлтээр нь авч үзвэл 13.5 хувь буюу 383 зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзсан, 3.5 хувь буюу 97 зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгож, 83 хувь буюу 2351 зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл болон хэрэгт торгох шийтгэл оногдуулсан байна.
Хяналтын улсын байцаагч нар “Иргэний улсын бүртгэлийн тухай хууль зөрчих” 1253, “Татварын хууль зөрчих” 414, “Галын аюулгүй байдлын тухай хууль зөрчих” 263, “Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль зөрчих” 142 зөрчилд торгох шийтгэл оногдуулсан нь хамгийн их байна.
Шалгалтаар эрх бүхий албан тушаалтан нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа холбогдох хууль тогтоомж, журмыг хэрэгжүүлж ажиллаагүй, үндэслэлгүй шийтгэл оногдуулж хүн, хуулийн этгээдийн эрхийг зөрчсөн нөхцөл байдлууд тогтоогджээ.
Нийслэлийн прокурорын газраас шалгалтын мөрөөр илэрсэн зөрчлүүдийг арилгаж, хүн, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээх арга хэмжээ авах талаар дүүргийн прокурорын газруудад үүрэг болгожээ.
Тус прокурорын газраас хууль тогтоомжийг хэрэгжүүлэн ажиллах, буруутай албан тушаалтанд хариуцлага тооцуулах, хүн, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээх чиглэлээр удирдлага зохион байгуулалтын тодорхой ажил арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Татварын ерөнхий газарт прокурорын шаардлага, Нийслэлийн Мал эмнэлгийн газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, хөрөнгө оруулалтын газар, Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газруудад хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллах, зохион байгуулалтын арга хэмжээ авахуулах хугацаатай үүрэг өгч, албан бичиг хүргүүлсэн байна.
Хяналтын улсын байцаагч нарын шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг шалгажээ | ||
Үзсэн: 150 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.