Шууд Chart

Бизнесийн үйл ажиллагаа эрхлэхдээ хүний эрхийг зөрчихгүйн тулд хэрхэн ажиллах талаар мэдээлэл хүргэлээ

2021-09-17 12:16:17

Европын Холбооны дэмжлэгээр ГХЯ, НҮБХХ-ийн хамтран хэрэгжүүлж буй “Бизнес ба хүний эрх” төслөөс Монголын томоохон гурпп компаниудын хүний нөөцийн удирдах ажилтнуудтай уулзалт зохион байгууллаа. “Хүний эрхийн асуудал бизнест яагаад хамааралтай вэ?” сэдвийн дор зохион байгуулсан уулзалтын үеэр бизнесийн үйл ажиллагаа явуулахдаа хүний эрхийг хэрхэн хүндэтгэж ажиллах талаар НҮБ-ын “Бизнес ба хүний эрхийн удирдах зарчмууд”-ад юу гэж тусгасан байдаг тухай мэдээллийг хүргэлээ. Уулзалтад оролцсон компаниуд хүний эрхийн мэдрэмжтэй ажиллах чиглэлээр тодорхой ажлууд зохион байгуулдаг ч, цаашдаа “Бизнес ба хүний эрхийн удирдах зарчмууд”-ыг хэрэгжүүлэхийн тулд илүү нарийн ойлголтыг өгсөн, шат дараалсан сургалтуудад хамрагдах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс 2011 онд “Бизнес ба хүний эрхийн удирдах зарчмууд”-ыг батлан гаргасан. Энэхүү зарчмыг батлахдаа хүний эрхийг “Хамгаалах, Хүндэтгэх, Сэргээх” гэсэн үндсэн гурван баганад тулгуурлажээ.

Аливаа улс оронд хүний эрхийн зөрчил гарахаас урьдчилан сэргийлж, хамгаалах үүргийг хангахын тулд төр холбогдох хууль томтоомжийг баталдаг. Үүнийг аж ахуйн нэгжүүд хүндэтгэн хэрэгжүүлэх үүрэгтэй. Түүнчлэн хүний эрхийн зөрчил гарсан тохиолдолд хохирогчийн эрхийг сэргээх эрх зүйн зохицуулалт байх ёстой гэсэн гурван үндсэн багана дээр тулгуурлан “Бизнес ба хүний эрхийн удирдах зарчмууд”-ыг батлан гаргасан.

Эдгээр зарчмуудыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор НҮБХХ Азийн долоон улсад “Бизнес ба хүний эрх” төслийг хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд УИХ, Засгийн газар, бизнесийн салбар, хүний эрхийг хамгаалагч, мөн олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, цаашлаад эдгээр зарчмыг хэрэгжүүлэх “Бизнесийн салбарт хүний эрхийг хангах үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл” боловсруулахад нь Монгол Улсад дэмжлэг үзүүлнэ.

Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл боловсруулах зорилгоор өнгөрсөн хугацаанд “Бизнес ба хүний эрхийн суурь үнэлгээний” урьдчилсан судалгаа хийж, холбогдох талуудад танилцуулан хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Нийтэлсэн: Д.Баяржаргал

Бизнесийн үйл ажиллагаа эрхлэхдээ хүний эрхийг зөрчихгүйн тулд хэрхэн ажиллах талаар мэдээлэл хүргэлээ  
Үзсэн: 679 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй