Шууд Chart

“Намрын ногоон өдрүүд” есдүгээр сарын 23-ныг дуустал үргэлжилнэ

2021-09-18 09:32:11

ХХААХҮЯ, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба хамтран жил бүрийн намар уламжлал болгон зохион байгуулдаг “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2021” нэгдсэн арга хэмжээ өчигдөр албан ёсоор нээлтээ хийлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд сайд ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, УИХ-ын гишүүн Ц.Туваан, Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр болон гадны зочид төлөөлөгчид оролцож, үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнтэй танилцсан юм. 

 


Нээлтийн үеэр сайд З.Мэндсайхан “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарынхан бид “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээг 2006 оноос уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Цар тахлын энэ хүнд хэцүү цагт үйлдвэрлэгч, хэрэглэгчдээ дэмжих зорилгоор халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдөн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн задгай талбайд зохион байгуулж байна. 

Хүнс, хөдөө аж ахуйн салбарын урт хугацааны хөгжлийн стратеги хөтөлбөрийг хэрэгжүүлэх, техник, технологийн шинэчлэл хийх зорилгоор олон талт болон түнш орнуудтай хамтран 2021 оны байдлаар нийт 72 төслийг хэрэгжүүлж байна. Эдгээр төсөл хөтөлбөрийн үр дүнг танилцуулах, цаашид хамтран ажиллах чиглэлийг тодорхойлоход “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээ чухал түлхэц болно гэж үзэж байна.  

Мөн салбарын урт хугацааны хөгжлийн бодлогыг тодорхойлох, хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой учраас энэ удаагийн арга хэмжээнд салбарын аж ахуйн нэгж, төрийн байгууллага хооронд B2B, B2G гэрээ хэлцлийг хийх нөхцөл боломжийг бүрдүүлсэн байгаа.  

Энэ онд орчин цагийн худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар, хоршоо үүсч хөгжсөний 100 жил, ахуйн үйлчилгээний салбарын 90 жилийн түүхэн ой тохиож байгааг цохон тэмдэглэж, эдгээр салбарын хөгжилд залуу насаа зориулсан ахмад үе болон нийт ажилтан ажиллагсдад баярын мэнд хүргэе.

Хүн амыг хэрэгцээт бүтээгдэхүүнээр хангах, хүнсний аюулгүй байдал, чанар стандартыг сайжруулах үйлсэд оюун ухаан, хүч чадлаа дайчлан ажиллаж байгаа салбарынхаа нийт хамт олон, урт хугацаанд хамтран ажиллаж буй гадаадын төсөл хөтөлбөр, Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдуудаа ажил хөдөлмөрийн өндөр амжилт, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэсэн юм. 

15 дахь жилтэйгээ золгож байгаа тус арга хэмжээнд нийт 300 гаруй иргэн, аж ахуйн нэгж оролцож, өөрсдийн ур ухаан, хүч хөдөлмөр, сэтгэл зүрх, цаг хугацаагаа зориулан бүтээсэн төрөл бүрийн бүтээгдэхүүнээ танилцуулан худалдаалж, иргэд олон нийт ч идэвхтэй оролцож, үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж байна. 

Засгийн газраас Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөг хэрэгжүүлж, “Ажлын байрыг дэмжих” 2 их наядын зээлийг олгосон. Ингэснээр үндэснийхээ жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг цар цахлын хүнд үед ажлын байраа хадгалахад нь том дэмжлэг болсон юм.  


Арга хэмжээнд оролцож байгаа аж ахуйн нэгж, иргэдийн зүгээс 7 өдрийн турш өөрсдийн бүтээгдэхүүнээ үнэ төлбөргүй танилцуулж, борлуулах боломж олгосонд талархаж байгаагаа илэрхийлж байлаа. 


Харин хэрэглэгчдийн хувьд үйлдвэрлэгчдийн онцгой, шилдэг бүтээгдэхүүн, тариаланчдын шинэ ургацын дээж, худалдаа, хоол үйлдвэрлэлийн салбарын үйлчилгээг авч, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж байна. 

“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл-2021” нэгдсэн арга хэмжээ есдүгээр сарын 23-ныг дуустал үргэлжилнэ. 

Эх сурвалж: ХХААХҮЯ


“Намрын ногоон өдрүүд” есдүгээр сарын 23-ныг дуустал үргэлжилнэ  
Үзсэн: 671 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй